700 сая ам.доллар угаасан байж болзошгүй хэрэгтнүүд хэдхэн тэрбумаар эрх чөлөөг олж авах уу?

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 20

 

Ард нь улстөр, эдийн засгийн бүлэглэл зогсож байгаа гэгдэж байсан ч, хэрэг дээрээ хэдхэн нөхөрт ял оноогоод төгссөн харагдах МИАТ-ийн луйврын хэрэгтэй холбоотой анхаарал татсан мэдээлэл байна. 13.1 жилийн ял нь дээд шүүхээр ороод гарахдаа 8 жил болж буурсан Ч.Хоролсүрэнд улсад төлж барагдуулах ёстой 6 тэрбум 300 сая монгол төгрөгийн хохирлоо хэдийнэ барагдуулчихаад байгаа аж. Мэдээж шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь зүй ёсны асуудал ч, баргийн хүний гар дээр байгаад байдаггүй энэ их мөнгийг нарсанд суугаа нөхөр нүд ирмэхийн зуургүй төлж барагдуулаад байгаа нь, тэр нэлээд бохир гартай нэгэн гэдгийг нь илтгээд байгаа юм. Мөн хэрэг үйлдэгчид энэ мэтээр хохирлоо барагдуулаад байна гэдгийн цаана МИАТ-ийн хэргээс үүдэн улсад үнэн чанартаа хэд хэчнээн төгрөгийн хохирол учирсан бэ гэдэг асуудлыг лавшруулан харах ёстой.

 

Прокурорын байгууллагын толгойд суугаа эрхэм энэ хэргийн талаар  ярихдаа хохирол нь 700 сая ам доллараас ч давж мэднэ гэж байсан шүү дээ. Гэтэл ил харагдах мэдээллээс харахад үүнээс хэдэн арав дахин бага хэмжээтэй мөнгөний тоо яригдаж буй. Түүнчлэн энэ хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан Улсын дээд шүүхэд болж, гаргасан шийдвэр нь нэг талаас хуулийн байгууллагынхан хэрэг үйлдэгчдийн луйврын түүхийг бүрэн сөхөж чадаагүй, хүч нь хүрээгүй юм байна гэдгийг илтгэсэн хэрэг болоод өнгөрсөн. Өмнө нь хоёр шатны шүүхээс Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноогоод байсан. Хоёр шатны шүүхээс мөнгө угаасан гэмт хэрэгт буруутгагдаж байсан тэд ийнхүү ялаа бууруулах болсон нь тэдний үйлдсэн хэрэг нь мөнгө угаасан хэрэг биш гэж шүүхээс үзсэн учраас тэр. Улсын Дээд шүүх МИАТ-ийн экс удирдлагуудад холбогдох хэргийн зүсийг  хувиргасан үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байгаа талаар бид өмнө нь илчлэн хүргэсэн. Улсын Дээд  шүүх энэ хэргийн тогтоолыг нийтэд ил болгож, үнэн шударга ажилласнаа тайлагнасан ч, нөгөөх тогтоолд нь өөрсдийг нь хуудуутай шийдвэр гаргасныг илтгэх агуулга байж байсан юм. Тодруулбал, мөнгө угаасан гэх үндэслэлийг байгууллагын мөнгө шамшигдуулсан гэх үндэслэлээр сольж, холбогдох этгээдүүдийг харж үзсэн шалтгаанаа Дээд шүүх дараах байдлаар тайлбарласан байдаг.

 

Ч.Хоролсүрэн нарын зургаан хүнд холбогдуулж прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан мөнгө угаах гэмт хэрэг нь анх 2007 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 2009 оны тавдугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилсэн гэж тогтоосон. Иймээс тэдэнд гэмт үйлдэл төгссөн хугацаанаас нь хойш батлагдсан Эрүүгийн хуулийн 166.1 заалтын дагуу ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамаарч тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тооцно”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “гэмт хэрэгт шинээр тооцсон буюу оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзсэний үндсэн дээр тэднийг өршөөжээ. Бүр ойлгомжтойгоор хэлбэл, 2009 оны тавдугаар сараас өмнөх Эрүүгийн хуулиар Мөнгө угаах гэмт хэргийн гол эх үүсвэр нь хар тамхи, зэвсгийн наймаанаас орж ирсэн байвал энэ төрлийн гэмт хэрэгт тооцож  болохоор хуульчилсан байсан бол 2009 оны тавдугаар сарын 4-нд хуульд өөрчлөлт орж Мөнгө угаах гэмт хэрэгт  татвараас бусад төрлийн эх үүсвэрээс олсон мөнгийг хамруулдаг болсонтой холбоотой гээд байгаа. Тэгээд МИАТ-ийн гэмтнүүдийн хувьд Дайны эрсдэлийн даатгал нэрээр гадаад руу мөнгө шилжүүлсэн 17 удаагийн үйлдлийн хамгийн сүүлчийн гүйлгээ нь 2009 оны тавдугаар сарын 4-нөөс өмнө хийгдсэн учраас тэд хуулийн өөрчлөлтийн үр шимээр ийнхүү мөнгө угаагчид биш болон хувирсан гэсэн билээ. Тэгтэл шүүхээс  хамгийн сүүлчийн гүйлгээ нь 2009 оны тавдугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилсэн гэж тогтоосон гэсэн байдаг юм. Тэгвэл баримтууд болох МИАТ-ийн захирлуудын гадагш шилжүүлсэн төлбөрийн баримтуудыг харахад  нийт 17 удаагийн гүйлгээ нь 2007 оны 2 дугаар сарын 28-наас 2010 оны 11 дүгээр сарын 29-н хүртэлх хугацаанд хийгдсэн байдаг. Хамгийн гол нь Дээд шүүхийн тогтоолд бас тэрхүү баримт байж байдаг юм. Эргэн сануулахад илүүц болохгүй болов уу.

 

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон болон тус компанийн Япон улсын Токио хот дахь төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч, Санхүү, Коммерийн асуудал эрхэлсэн дэд захирал, Коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох нарын хувийн компанийн ажилтан Н.Гантөмөр, Голомт банкны 6 дугаар салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Г.Саранчимэг нар нь бүлэглэн, 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд “МИАТ” ТӨХК-ийн зорчигч, тээврийн нислэгийн үйл ажиллагаанд ашигладаг 2 ширхэг “Боинг 737” онгоц, нэг ширхэг “Аэробус” агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг “Миг”, “Бодь” даатгалын компанитай байгуулсан байхад уг даатгалын гэрээний нэг хэсэг болох “Дайны эрсдлийн даатгал”-ын гэрээг Хонконгод бүртгэлтэй “Бэст вэйлт эвэйшн иншүрэнс групп” нэртэй даатгалын компанитай 2008, 2009, 2010 онуудад байгуулсан мэтээр   баримт бүрдүүлж,

1. 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “Голомт” банкаар 1.023.669 ам.долларыг “Бэст вэйлф авэйшн иншүрэнс групп” компанийн Хонконг дахь “Стандарт чартеред” банкны 36000405109 тоот данс руу “BW15-326805MN гэрээний 2006 оны төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 1.191.550.716 төгрөгийн хохирол,

2. 2008 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Голомт” банкаар 500.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 808244354838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний 2007 оны төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 586.155.000 төгрөгийн хохирол,

3. 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Голомт” банкаар 759.66960 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 808244354838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний 2007 оны төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 889.292.023 төгрөгийн хохирол,

4. 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Голомт” банкаар 660.716 ам.долларыг мөн банкны 411618085838 тоот данс руу “BW 15-326805 MN гэрээний 2008 оны 1, 2 дугаар улирлын төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж 758.435.896 төгрөгийн хохирол,

5. 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Голомт” банкаар 660.716 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний 2008 оны 1, 2 дугаар улирлын төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 757.999.823 төгрөгийн хохирол,

6. 2009 оны 5 дугаар сарын 7-ны өдөр “Голомт” банкаар 156.44020 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “BWА31-53106808MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 222.522.104 төгрөгийн хохирол,

7. 2009 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр “Голомт” банкаар 100.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “BW А31-53106808MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 141.277.000 төгрөгийн хохирол,

 8. 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын банкаар 54.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 78.363.720 төгрөгийн хохирол,

9. 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Голомт” банкаар 457.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “BW15-326805 MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 663.189.260 төгрөгийн хохирол,

10. 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Голомт” банкаар 457.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 664.158.100 төгрөгийн хохирол,

11. 2009 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “Голомт” банкаар 350.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 502.988.500 төгрөгийн хохирол,

12. 2009 оны 10 дугаар сарын 5-ны өдөр “Голомт” банкаар 497.521 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 717.091.942 төгрөгийн хохирол,

13. 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Голомт” банкаар 410.000 ам.долларыг мөн компанийн Хонконг дахь НSВC банкны 411618085838 тоот данс руу “ BW15-326805MN гэрээний төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 592.675.500 төгрөгийн хохирол,

14. 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдөр “Голомт” банкаар 250.000 ам.долларыг Япон улсад бүртгэлтэй “Бэст вэйлф авэйшн иншүрэнс групп” компанийн Япон улс дахь “Bank of Tokyo-Mitsubishi UFJ”банкны 0065588 тоот данс руу “BW22894277MN гэрээний 2010 оны 1 дүгээр улирлын төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 346.912.500 төгрөгийн хохирол,

15. 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Голомт” банкаар 511.000 ам.долларыг Япон улсад бүртгэлтэй мөн компанийн Япон улс дахь “Bank of Tokyo-Mitsubishi UFJ” банкны 0065588 тоот данс руу “BW22894277 MN гэрээний 2010 оны хагас жилийн төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 698.526.780 төгрөгийн хохирол,

16. 2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк”-аар 289.000 ам.долларыг Япон улсад бүртгэлтэй “Бэст вэйлф авэйшн иншүрэнс групп” компанийн Япон улс дахь “Bank of Tokyo-Mitsubishi UFJ”банкны 0065588 тоот данс руу “ BW22-894277MN гэрээний 2010 оны 3 дугаар улирлын төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 386.127.120 төгрөгийн хохирол,

17. 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Голомт” банкаар 135.000 ам.долларыг Япон улсад бүртгэлтэй мөн компанийн “Bank of Tokyo-Mitsubishi UFJ” банкны 0065588 тоот данс руу “BW22-894277MN гэрээний 2010 оны 4 дүгээр улирлын төлбөр” нэрээр шилжүүлэн завшиж, 168.303.150 төгрөгийн хохирол, нийт 17 удаагийн үйлдлээр МИАТ ТӨХК-иас 7.271.73180 ам.долларыг “Best wealth aviation incurance group” компани руу шилжүүлж завшин, 9.365.569.134 төгрөгийн онц  их хэмжээний хохирол учруулсан гэсэн байгаа юм.

Тэгэхээр Монголын хууль, шүүхийн байгууллагаар ороод гарахдаа тархи толгойгоо хангалттай илүүлсэн МИАТ-ийн хэрэгтнүүд тус тусын “бага” хэмжээний хохирлоо ийм маягаар барагдуулчихаад тун удахгүй наран алхацгааж таарах янзтай.

 

Б.Итгэлт

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zavxruulay(182.160.3.36) 2025 оны 03 сарын 13

Ene shyygchidiig nygdiig ni neg sain shalgaval nydnii bulai bolox baixdaa ix xemjeeni mungu idsen uusan ulsiin xereg tsagaadaad baina gedeg chini Mongoliin shyygchid enerengyi bolson doo bish baix shyy deexen****say tugrug xulgailsan xynd 10 jil ugsun baisan gee bizdee ene shyygchid bol iim l novshiin xulgaichid shyy dee tedend xyn setgel gej yzeed butsaagaad ugue ch gesen baixgyi 2 nyyrtei novshnuud baigaa yum . Xedii xemjeeni duuliantai,xedii xemjeenii ix mungunii xereg yarigdana ter xemjeegeer shyygchid bayrlaad bandaigaad baigaa yum bishyy deer ni nuguu shudraga baix urialgatai Erunxiilugch buuruulaad irsen yaliig ni urshuuchixnu ingeed ix idsen ni zavshaad baigaa yum bishyy .Eryygiinxen,turiin albaniixan ,oligtoixon mungu idej uuj bolox byx alban xaagch nartegvel xuulind nariin tusgagdaagyi nuxtsuluur xereg yildej,sain bodoj bolovsruulj nerteigeer ni shyygchtei sain zuvulguu avaad yne xanshaa toxiroltsood avbal zygeer yum baina daa

1  |  0
Top