Гадныхны өдөр тутмын хэрэгцээнүүдэд даатгалын үйлчилгээ нэлээд дээгүүр жагсдаг байна.
Дэлхийн хүн амын хамгийн ихээр даатгуулдаг үйлчилгээ эрүүл мэндийн салбар аж. Тухайлбал, жирэмсэн үеэс эхлэн хүүхдээ төрүүлэх, гэнэтийн осолд орох зэргээс эхлээд шүдээ эмчлүүлэх, авахуулахаа хүртэл даатгуулдаг байна.
Зарим оронд шартсан үедээ төрөл бүрийн үйлчилгээ авах даатгалын төрөл хүртэл байна. Үүнээс гадна аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, машин, техник, гэнэт ажлаас халагдах зэрэг ер нь даатгуулж болох бүх зүйлээ даатгуулдаг аж.
Мөн гадны орнуудад өндөр үнээр гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн хүмүүс эд эрхтэнээ даатгуулдаг байна. Олон улсын зах зээлд хамгийн эрэлттэй байгаа даатгалын тоонд аялалын даатгал ордог байна.
Тухайлбал, европчууд халуун уур амьсгалтай оронд аялах бол зайлшгүй даатгалын компаниудыг зорьдог аж. Учир нь эрс тэс уур амьсгал, хоол хүнсэнд хордох, өвдөх, кредит картаа хулгайд алдах, онгоц осолдох зэрэг гэнэтийн эрсдэлүүдээ тооцоолдог байна. Харин барууны орны эцэг, эхчүүд бага насны хүүхдээ даатгуулах нь түгээмэл.
Тэднийг багаас нь боловсрол эзэмших, авъяасыг нь хөгжүүлэх, гэнэтийн осол, өвчнөөс сэргийлэх зэргээр даатгалын компанид ханддаг аж. Өрсөлдөөн дунд хэрэглэгчээ татах, тэдний итгэлийг татахын тулд гадны орнууудад даатгалын компаниуд санхүү, үндсэн хөрөнгийнхөө хэмжээг ил тод тайлагнадаг
Канадын томоохон даатгалын компани 494 тэрбум ам.долларын хөрөнгөтэй
Олон улсын даатгалын үйлчилгээ үзүүлдэг “Sun Life Financial” нь тэтгэвэр, тэтгэмж болон хувь хүмүүсийн бизнесийн үйл ажиллагааг шийдвэрлэхэд чиглэсэн даатгалын үйл ажиллагаа явуулдаг. АНУ, Канад, Их Британи, Япон, Энэтхэг зэрэг улсад салбар нь байрладаг. “Sun Life Financial” даатгал нь санхүүгийн хувьд эрсдэл даах чадвартай компаниудын тоонд ордог аж. Нийт 494 тэрбум ам.долларын санхүүжилтэн дор даатгалын үйл ажиллагаа явуулдаг талаарх мэдээллээ олон нийтэд дэлгэжээ.
Швейцарьт хөдөө аж ахуйн салбарын даатгал хөгжжээ
Швейцарийн томоохон даатгалын компани нь “Zurich”-ын даатгалын групп юм. Энэ даатгалын компани нь энгийн, олон улсын даатгалын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарт хэрэгцээтэй бүх даатгалыг хийдэг байна. Дэлхийн 170 оронд даатгалын үйлчилгээ үзүүлдэг “Zurich’’-ын даатгалын групп нь 2012 оны байдлаар 34.494 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж буйгаа мэдээлжээ.
Австралид мөн л санхүүгийн ил тод байдлыг чухалчилдаг
Мөн Австралийн даатгалын “ AМР ” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь өндөр насны тэтгэвэрт гарах, үл хөдлөх хөрөнгө болон бизнес эрхэлж байх үед үүсэх эрсдэлийн эсрэг даатгалын үйлчилгээг үзүүлдэг аж. Мөн санхүүгийн төлөвлөгөөг хэрхэн гаргах талаар зөвлөгөө давхар өгдөг байна. Тус даатгалын компани нь 128 тэрбум австрали ам.долларын хөрөнгийн чадамжтай аж. Энэ мэт хөрөнгө, санхүүгийн хэмжээ нь ил тод байснаар даатгуулагчид найдварТай даатгалын компани сонгох орчин бүрддэг байна.

Сэтгэгдэл ( 0 )