Зүүн хойд Азийн бүсийн орнуудын COSCAP-ын хөтөлбөрт Монгол Улс, БНАСАУ, БНСУ, БНХАУ зэрэг орны Иргэний нисэхийн байгууллага хамрагддаг юм. Бүс нутагтаа нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр тэргүүний орны тоонд зүй ёсоор орж байгаа Монгол Улсын ИНЕГ-ын “Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба” олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, боловсон хүчин бэлтгэх анхны гараагаа амжилттай хэрэгжүүллээ.
Монгол Улсын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний хөгжил, боловсон хүчний хангалтыг ICAO-ийн /Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ Аюулгүй ажиллагаа болон Нислэгт тэнцэх чадварыг сайжруулах хамтарсан хөтөлбөр (COSCAP)-с үнэлж Ази-Номхон далайн бүсийн хэмжээнд Нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр сургалт зохион байгуулахаар болсон юм.
Нисэхийн мэдээлэл үйлчилгээний албанаас зохион байгуулсан нисэхийн мэдээлэл үйлчилгээний гүнзгийрүүлсэн сургалтанд БНАСАУ-ын нисэхийн мэдээлэл үйлчилгээний албаны Kim ChomgChol, Yung Chol нар хамрагдсан юм.
Энэ сургалт нь ICAO-ийн Annex 15, Amendment 37 болон ICAO Roadmap for the Transition from AIS to AIM-д орсон Нисэхийн мэдээллийн менежменттэй холбоотой шинэ шаардлагуудыг танилцуулах, эдгээр шаардлагуудын дагуу Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс Нисэхийн мэдээллийн менежментэд шилжих төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай мэдлэг олгох болон ирээдүйн ATM-ийн систем болон системд Нисэхийн мэдээллийн менежментийн гүйцэтгэх үүргийг дэлгэрэнгүй тайлбарлах гэх мэт олон сэдвүүдийг хамарсан юм.

Сэтгэгдэл ( 0 )