Шүлхийн аюул дэгдэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 17

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Сүхбаатар аймагтай хил залгаа орших Хэнтий болон Дорноговь аймгийн зарим сумдад шүлхий өвчин илэрч албаныхныг багагүй сандаргасан. Тодруулбал Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Өргөн, Дэлгэрэх зэрэг сумдад шүлхий халдвар тархаж дээрх голомтод бүсэд хөл хорио тогтоож мөн бусад малд тандалт хийж вакцинжуулах ажлыг хийсэн.

Гурван аймгийн есөн суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч албаныхныг түргэн авахуулж ажиллаж байгаа ч энэ өвчин Нийслэл хотод орж ирээгүй гэх баталгаа байхгүй байна. Учир нь шүлхийн голомтод бүс болох Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэн “М” “Бонго” маркийн машинаар хоёр тонн үхрийн мах оруулж ирэхээр завдаж , Багануур дүүргийн шалган нэвтрэх пост дээр баригдсан. Харин баригдсан нь энэ болохоос нууцаар бага хэмжээгээр оруулж ирээгүй гэх баталгаа байхгүй байна.

Энэ өвчин асар богино хугацаанд нэг баг сум аймаг байтугай нэг улсыг цаашилбал тив дамжин тархах аюултай халдварт өвчин юм. Түүнчлэн шүлхийн халдвар ихэнхдээ өвчтэй, халдвартай мал амьтнаас шүлхийд мэдрэмтгий мал, амьтанд шууд хавьтлын замаар болон өвчний үүсгэгчээр бохирлогдсон эд зүйлээр дамжин тархах бөгөөд өвчний голомтод ойр байсан мал, амьтанд амьсгалын замаар халдварлах боломжтой. Өвчтэй болон өвчлөөд эдгэрсэн мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үрийн шингэнээр гадагшилсан вирусээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мап, амьтны тоног хэрэгсэл, гутал хувцас зэрэг нь халдвар тараах эх үүсвэр болно. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус нь агаар дуслын замаар алс хол зайд халдварлах боломжтой.Иймд манай иргэд мал амьтны гаралтай хүнсийг хэрэглэхдээ сайтар буцалгаж болгож идэх хэрэгтэй байгааг албаныхан сэрэмжлүүлсээр байгаа.

Мөн улсын хэмжээнд хангалтгүй хүрэлцээ муутай байгаа нь бусад аймаг сумдад тархах нөхцлийг бүрдүүлж буй юм. Тодруулбал Дорноговь аймгийн Иххэт суманд шүлхийн халдвар илэрсэн байна. Тус аймгийн Мал эмнэлгийн албаны шинжилгээгээр шүлхий болох нь тогтоогдсон тул нягтлуулахаар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжилгээний сорьцыг илгээсэн байна. Шүлхийн вакцин Дорноговь аймагт дутагдалтай байгаа аж. Хэнтий аймгаас 200 литр вакцин авчирч, Алтанширээ, Дэлгэрэх, Өргөн сумын малд хийж байгаа ч Иххэт сумын малд тарих вакцин байхгүй байгаа аж.

Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад энэ сарын 11-ний байдлаар 181 өрхийн 162 586 малыг үзлэг тандалтад хамруулж, 434 толгой малд дээрх өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 381 малыг зориудаар устгажээ. Өвчний голомтод нийт 702 хүн, 128 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Харин Хэнтий аймгийн Галшар сумын 11 голомтонд зургаан багийн 30 өрхийн 197 үхэр өвчилснөөс 111-ийг устгаж, 86-г тусгаарлаад байна. Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдад хоёрдугаар сарын 11-ний байдлаар 10 үхэр шүлхий өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.

Түүнчлэн зүүн аймгуудад тархсан малын гоц халдварт шүлхий өвчинтэй давхцан баруун бүсийн Хөвсгөл аймагт болон Дундговь аймагт амьтны галзуу өвчин илэрсэн байна. Тодруулбал Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хуурай хөндий гэдэг газарт хоёр бяруу галзуурчээ. Тус аймагт өнгөрсөн намраас чоно олноор галзуурч, нэг хүн барин, олон малд ноцсон. Уг гоц халдварт өвчин араатан амьтнаас малд халдаж эхэлжээ. Үүнээс гадна Дундговь аймгийн төвийн ойролцоох Ширээт хэмээх газарт өвөлжиж буй малчныд бас галзуу гарчээ.
Үхсэн үхэрт хийсэн шинжилгээгээр галзуу өвчин болох нь батлагдсан байна. 2014 он гарсаар тус аймагт гурав дахь удаагаа галзуу гараад байгаа нь энэ. Тус аймгийн ҮХААГ өнгөрсөн намар галзуугийн 10 мянган тун вакцин татаж авсны 2000 тун нь үлдээд байгаа аж.

Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг зоонозын халдварт өвчин юм. Зэрлэг махчин болон тэжээвэр амьтад халдварын эх уурхай болдог ба бог, бод мал, нохой, муур, гахай, үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан багваахай, сармагчин зэрэг амьтад өвчилдөг.Хүнд халдварлах зам нь өвчилсөн амьтдад хазуулах, уруулах, шүлс нь хүрэх үед халдвар дамжиж, хэрэв галзуу өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдахгүй бол өвчилж, нас барах эрсдэлтэй өвчин юм.

Монгол орны 21 аймгийн 226 суманд галзуу өвчний байгалийн голомттой бөгөөд 1972-2013 онд 12 аймаг, 26 сум, дүүрэгт галзуугийн хүний өвчний 36 тохиолдол бүртгэгдсэн. 2013 онд Увс аймгийн Малчин суманд 1 хүн галзуу өвчнөөр өвчилж нас барсан. Ийнхүү мал, амьтны гоц халдварт өвчин аюулын харанга дэлдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top