Хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь сонголт хийлгэвэл биеэ дааж сурдаг

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 17

БШУЯ-наас сургуулийн өмнөх боловсролын системд илүүтэй анхаарах болсон. Учир нь зургаан настнуудад олгох боловсролын чанар цэцэрлэгийн сургалттай шууд холбоотой. Эцэг, эхчүүд бид хүүхдээ хэрхэн сургуульд бэлтгэгдэж, цэцэрлэгийн боловсрол авч байгааг төдийлөн мэддэггүй. Иймд манай өдрийн сурвалжилга Баянгол дүүргийн 157-р цэцэррлэгт тур саатсан юм.

Хүүхдийн дуу цалгиж, өнгө өнгийн тоглоом, цаасан хайчилбараар гоёсон цэцэрлэгийн хаалгаар оронгуут халуун дулаан уур амьсгал мэдрэгдэж байлаа.

Тус цэцэрлэг 1991 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бага, дунд, ахлах, бэлтгэл гэсэн дөрвөн бүлгийн 12 ангид 350 хүүхэд суралцаж байна. 

Бид хамгийн түрүүнд Д.Эрдэнэчимэг багштай бэлтгэл Б бүлгээр зочилсон юм. Эдний анги 49 хүүхэдтэй ч багш нь хүүхэд бүртэй тулж ажиллах аргаа тун сайн олжээ.

Удахгүй сургуулийн босго алхах жаалууд өглөө цэцэрлэгтээ ирээд хичээл сонголтоо хийдэг байна.

Тодруулбал өөрийн сонирхсон хичээлээ үзэх хүсэлтээ таних тэмдгийнхээ тусламжтай багшдаа өгч дүрслэх урлан буюу зургийн, математикийн, номын, тоглоомын, байгаль орчны гэсэн  таван төвд хуваагдан суралцдаг байна.

 

Ингэснээр хүүхдийн сонирхсон хичээлийг түлхүү заах боломжтой болохоос гадна чөлөөтэй сэтгэх, бие даах, хэн нэгнээс хараат бус байх, үзэл бодлоо илэрхийлэх гэх мэт сайн талуудтай аж.

 

Ингээд Д.Эрдэнэчимэг багштай ажил мэргэжлийнх нь талаар ярилцсан юм.

 

-Зургаан настнууд сургуульд ороход сууж сураагүй, балчирдаж байна гэдэг шүүмжлэлийг эцэг эхчүүдийн зүгээс гаргадаг. Таны бодлыг сонсъё?

-Цэцэрлэг 1-6 насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох ёстой байгууллага. Тэгэхээр манайд өмнө нь хичээлийг 20 минутаар зохион байгуулж ордог байсан бол Боловсролын яамны шинэчилсэн бодлогоор үүнийг болиулсан.

Тодруудбал тоглонгоо хөгжих ёстой гэдэг системийг барьж байгаа юм. Багш хүүхэдтэй тоглонгоо танин мэдүүлнэ гэсэн үг. Хүүхэд аливаад төлөвшиж, юмыг сурч, даган дуурайж байгаа эмзэг үе нь учираас бид яг л найз шиг нь байх ёстой.

-Хүүхэдтэй яаж ажиллавал бие дааж сурах вэ?

-Манайд шавь төвтэй сургалт явагдаж байна. Энэ нь хүүхдийнхээ сонирхол хүсэл дээр тулгуурлана гэсэн үг. Яг аль чиглэлийн мэдээллийг багшаасаа авах хүсэлтэй байгаа түүн дээр нь тулгуурлан мэдлэг олгож байгаа.

Хүүхэд өглөө ирээд математикын төвийг сонгох юм бол бид анхан шатны мэдлэгийг сонирхолтой хэлбэрээр олгох замаар сургалт маань үр дүнтэй болж байгаа. Ер нь бага насны 3-4 минут л төвлөрдөг.

Энэ хугацааг ашиглан хүүхэд бүрт тулж ажиллах шаардлагатай болдог. Мөн биеэ даах тухайд өөрсдөөр нь орыг нь хураалгах, засуулах гээд л бага багаар зааж сургадаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top