Дэлхийн гэр бүлийн энх тайвны холбоо буюу Мүүний шашин гэх ойлголттой Монголчууд танилцсанаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Христосын шашны нэгэн урсгал гэх тодотголыг өмнөө хийж орж ирсэн энэ урсгалын цаад зорилго нь тэс өөр бүр тодруулбал дэндүү том гэдгийг олон улс даяар бичиж, яриад бас л тодорхой хугацаа өнгөрсөн. Түүнчлэн Монголд хөл тавихдаа Энхийн их наадам гэх сүрхий нэрээр халхавч хийн орж ирсэн эл урсгалыг нэвтрүүлэгч байгууллагыг Монголын улстөрчид ээлж дараалан удирдах болсон талаарх мэдээлэл ч цөөнгүй гарсан. Өдгөө Монгол Улсын хамгийн өндөр албан тушаалд суугаа нэртэй улстөрч болоод Засгийн газар, УИХ-ын нэр бүхий гишүүд, ГЕГ-ын экс дарга, яам, агентлагуудын албан тушаалтнууд гэхчлэн хариуцлагатай албан тушаалын олон хүмүүсээр эгнээгээ өргөсгөсөн гэх гэгдэх эл урсгалын үнэн дүр төрх юу вэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа. Түүнчлэн дэлхий дахинд авч үзвэл Мүүний мэдэлд, олон улсын 350 бизнесийн компанийн том сүлжээ байдаг гэх мэдээлэл бий. Харин тэдгээрийн 280 нь гэхэд АНУ-д байдаг гэхээр Солонгос хүний үүсгэн байгуулсан гэх эл урсгалын цаад захиалагч нь хэн бэ гэдгийг холоос хайх хэрэггүй. Мүүнизмыг үүсгэн байгуулагч Sun Myung Moon буюу Мүүн гэгч нөхрийг тэнгэрийн оронд халилаа гэх мэдээллийг Монгол дахь Мүүнчүүд хэвлэлд төлбөртэй нийтлүүлж байсан нь хоёр жилийн өмнөх явдал. Тэгвэл агуу их үндэслэгч гэгдэх Солонгос үндэстэн Мүүн гэгч хүн анхныхаа цуглаанаа 1954 онд байгуулсан бөгөөд өөрийгөө 1936 онд 16-тай байхад нь Есүс Христ Хойд Солонгост байхад нь үзэгдэж онцгой үүрэг өгсөн гэж танилцуулдаг байна. Ер нь Есүс Христийн нэрийг баригч гаж урсгалтнуудын үндэслэгчид бүгд л Есүс Христтэй уулзаж, түүнээс онцгой үүрэг авсан гэж хэлцгээдэг. Мормоны үндэслэгч Иосеф Смит ч бас үүнтэй адил зүйл ярьдаг.Дэлхийн хоёрдугаар дайны дараа Мүүн Хойд Солонгосын нийслэл Пхенъянд очиж 1945 онд анхныхаа цуглааныг байгуулжээ. Тэнд, “цус зааглах” хэмээгч хачин ёслол үйлдэж байгаа талаар хүмүүс мэдээлж байжээ. Энэ ёслолоор бол цуглааны эмэгтэй гишүүд Мүүнтэй сексийн харилцаанд орж сатаны нөлөөнөөс гарах ёстой гэнэ. 1948 онд Хойд Солонгосын эрх баригчид түүнийг баривчилж хоёр жил гаруй засан хүмүүжүүлэх ангид садар самуунд бусдыг уруу татсан ба завхайрсан гэсэн шалтгаанаар хорьжээ. Солонгосын дайны үеэр НҮБ-ийн цэргүүд Хойд Солонгосыг чөлөөлөх үед 1950 онд шоронгоос суллагджээ.
Солонгосын дайны дараа Мүүн Өмнөд Солонгос руу нүүж тэнд цуглаанаа байгуулжээ. Одоо дэлхий даяар Мүүний цуглаанд 3 сая гаруй гишүүд (үүнээс 45,000 нь АНУ-д) байдаг гэнэ (харин The Encyclopedia Americana мэдээлснээр Мүүний сүмд дэлхий даяар ердөө л 30,000 хүн байдаг гэж тэмдэглэсэн байна).Мүүний цуглаан нь англи хэлээр Unification Church хэмээх нэрээрээ алдаршжээ. Албан ёсоор бүртгүүлсэн нэр нь, The Holy Spirit Association for the Unification of World Christianity юм байна.
Мүүний цуглаан Америкт татвараас бултсан хэргээр олон удаа яллагдаж байжээ. Үүнээс болж тэрээр холбооны шоронд 11 сар суусан байна. Мүүн 1973 оноос хойш АНУ-д байнга оршин суугч гэсэн хуулийн статустай болсон байдаг аж. Мүүн олон дахин татварын асуудал, санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт орооцолдож хэд хэдэн удаа холбооны шүүхээр орж шоронд орж байжээ. Нэгэн удаа түүнийг шоронгоос суллагдахад нь түүнийг хүндэтгэж тухайн үед $100,000-ын үнээр ихээхэн том хэмжээний зоог барьсан байна. Тус зоогт Мүүн өөрөө голлон үг хэлсэн бөгөөд түүний урилгаар тэнд Шашны эрх чөлөөний нийгэмлэгээс, АНУ-д байрлах Сүмүүдийн үндэсний зөвлөл, Пресбэйтеран цуглааны холбоо, Үндэсний Эвангелийн эвсэл, Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм (Мормоны сүм), Католикийн иргэний хамгаалал нийгэмлэг болон Америкийн Христэч сургуулиудын холбооноос төлөөлөгчид оролцсон байна. Мүүн өөрийн хууль бус үйл ажиллагаагаа шашны хавчлага, иргэний бишрэн шүтэх эрх чөлөөг зөрчлөө хэмээн булзайруулж бусдын нэрэнд өөрийн явдлаа далдалсан талаар учир мэдэх хүмүүс нь хэлж яриад багагүй хугацаа өнгөрч байгаа ч, манайд түүнийг шүтэгсэд нэмэгдсээр байгаа нь хожим ихээхэн эрсдэлийг дагуулах вий.

Сэтгэгдэл ( 2 )
МАНАЙ МОНГОЛД БОЛ ”ЗАЛГАМЖЛАГЧ” ХОЛБОО ГЭЭД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА НЬ БАЙДГЫН... ”ЭНХИЙН ТӨЛӨӨ ҮЙЛЧЛЭХҮЙ” ГЭЭД ЗАЛУУЧУУДЫНХ НЬ БАЙГУУЛЛАГА НЬ БАЙДГЫН...ТЭГЭЭД ТАНАЙХ МҮҮНИЙ ШАШНЫНХ УУ ? ГЭХЭЭР АЙМААААР САНДАРДАГЫН... КК. МӨНГӨНД Л БОЛДОГЫН БАЙНА ЛЭЭ. ЗУН НЬ СОЛОНГОС УЛС РУУ ХҮҮХДҮҮДИЙГ ЯВУУЛЖ ҮЙЛИЙГ НЬ ҮЗНЭЭ БАС.. ХӨДӨӨ ХҮЧЭЭ АВСАН БАЙНА ЛЭЭ. ХӨДӨӨНИЙ ХҮҮХДҮҮДИЙГ ТОЛГОЙГ НЬ САЙХАН ЭРГҮҮЛНЭ ДЭЭ...
Улаан мүүнчин Христийн номлогч нь Монгол Улсын ирээдүй хойч болсон Боловсролын Яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга хийж байхад манай залуу үе тэр чигээрээ мүүний шашинтан болно.Төр шашнаа хүндэтгэх биш бүр дээдэлдэг болсон. шашин шүтэх нь хувь хүний эрх ч тэр дарга хүүхэн бол шашин шүтэгч биш харин дэлгэрүүлэн номлогч шүү дээ яаж ирээдүй хойч үеэ энэ шашин номлогчоос салгаж авдаг билээ Гантөмөр сайдтай нь хамт салгаж авахгүй бол салахгүй биз дээ.