Монгол иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалж байгаатай газар дээр нь танилцана

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2013 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар тус байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар,Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нар мэдээлэл өглөө.

 

Тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулиудад өөрчлөлт оруулж, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулжээ. Түүнчлэн Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хариуг хүргүүлжээ. Тухайлахад, Тамхины хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай Протокол”, Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн эх бичвэрт гарын үсэг зурах тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн гэрээ, “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрийн төслүүд, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Инженер, технологийн дээд боловсрол олгох төслийн зээлийн хэлэлцээрийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

 

Намрын чуулганы хугацаанд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд гадаадын 9 улстай дипломат харилцаа тогтоох, БНСУ, БНТУ-аас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Нууц Протоколыг ил болгох тухай зэрэг асуудлаар Улсын Их Хурлын 15 тогтоол батлагджээ.

 

Байнгын хороо энэ хугацаанд Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл дээр ажиллах, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийн төслийн хэрэгжилт, Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт зарим хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгүүд байгуулж ажилласан байна.

 

 Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг нар “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлэг, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг Женев дэх Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын төвтэй хамтран “Аюулгүй байдлын салбарын хяналт ба аюулгүй байдлын салбарын засаглал:Парламентын байнгын хороодын үүрэг, хариуцлага” сургалтыг тус тус зохион байгуулжээ.

 

Намрын чуулганы хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр холбогдох лавлагаа, мэдээлэл боловсруулж, 62 өргөдөл гомдол, 208 албан бичиг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэснийг байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурдав.

 

Тэрбээр тус байнгын хорооноос намрын чуулганы завсарлагаар болон цаашид хийх ажлын талаар хэлэхдээ:

  -Байнгын хороо батлан хамгаалах, зэвсэгт хүчний асуудлаар өргөн баригдах хуулиудын төслүүд болон Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Улсын Их Хурлаас тусгай албанд тавих хяналтыг сайжруулах зэрэг судалгааны ажлуудыг хийх, үүнтэй холбогдуулан Кибер аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл, Тагнуулын үйл ажиллагааны тухай болон Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх бэлтгэл ханган ажиллаж байна.

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Авлигатай тэмцэх газартай хамтран “Үндэсний аюулгүй байдал ба Авилга” сэдвээр эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 9 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

 Байнгын хорооны гишүүд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, УИХ-ын бусад шийдвэрийн хэрэгжилтийг газар дээр нь очиж танилцан үнэлэлт, дүгнэлт өгөх ажлаар 3 дугаар сард Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь аймагт ажиллах бол Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг батлан хамгаалах, зэвсэгт хүчний зэвсэг техникийн өнөөгийн байдал, хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцахаар 4 дүгээр сард Дорнод аймагт ажиллана.

 

Түүнчлэн Байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах зарим хуулийн хэрэгжилт болон Улаан-Үүд, Эрхүүгийн Консулын газрын үйл ажиллагаатай танилцаж ажил хэргийн уулзалт зохион байгуулах, мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар хийж гүйцэтгэж ажил байдалтай танилцахаар БНСУ-д ажиллахаар төлөвлөж байна гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.91.159) 2025 оны 03 сарын 13

Битгий дэмий мөнгө үрээд байгаач, гадаад явна гэхээр л ямар ч хамаагүй шалтаг олох юм. Үнэн хэрэгтээ очоод иргэдтэй уулзах биш элчин дээр байж байгаад л ирнэ шүү дээ

1  |  0
зочин(202.126.91.159) 2025 оны 03 сарын 13

Битгий дэмий мөнгө үрээд байгаач, гадаад явна гэхээр л ямар ч хамаагүй шалтаг олох юм. Үнэн хэрэгтээ очоод иргэдтэй уулзах биш элчин дээр байж байгаад л ирнэ шүү дээ

1  |  0
Top