Зам тээврийн яамны өмнөх талбайд "Дорнын саруул тал", "Арвин шар зам" хоршооны тээвэрчид хоёр өдрийн өмнө хугацаагүй өлсгөлөн зарласан. Өчигдөр өлсгөлөн зарласан хүмүүсийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ.
"Арвин шар зам" хоршоо Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд микро автобусаар тээврийн үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд Зам тээврийн яам хот хооронд том оврын автобусаар үйлчлэх шаардлага тавьсны дагуу найман автобус авчээ. Гэвч тэд одоог хүртэл авсан автобусаараа үйлчилгээнд явж чадахгүй, сард 1.5-2 сая төгрөгийн банкны хүү төлж хохирч байгаа хэмээлээ. "Арвин шар зам" хоршооны дарга Д.Баяр "Бид жил гаруйн хугацаанд асуудлаа шийдүүлэх гэж явсан ч шийдэлд хүрсэнгүй. Олон сая төгрөгөөр автобус аваад тээвэрт явахгүй гэрийнхээ гадаа байлгаад байвал юу болох вэ. Ардаа амьдралтай хүмүүс шүү дээ. Өр тавиад автобус авсан хүмүүс. Бидний шаардлагыг хүлээж авах хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч нар манай хүмүүсийг эрүүл мэндийг нь үзлэгт оруулж, хяналтандаа авсан байгаа" хэмээв. Одоогоор арван хүн өлсгөлөн зарласан бөгөөд өнөөдрөөс нэмж найман хүн нэгдэхээр болсон байна. Өчигдрөөс тэд өлсгөлөнгөө хуурай өлсгөлөн болгожээ. Гол шаардлага нь хот хоорондын тээвэр хийх цагийг нь өөрчилж, өдрийн цаг болгох гэнэ. Салбарын яамнаас тэдэнд хариу өгөхдөө Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд өглөө 08.00 цагаас, оройн 19.00 цагаас үйлчилгээнд явж болно гэсэн байна. Энэ цагийг тэд мөн л эсэргүүцэж байгаа аж. Өглөө эрт, оройн цагаар хэн ч хол замд явдаггүй. Тиймээс алдагдал хүлээхгүйн тулд 11.00, 13.00-14.00, 16.00-17.00 цагийн хооронд тээвэр хийхийг шаардаж байгаа юм байна. Хамгийн их хүн үйлчлүүлдэг энэ цагт зөвхөн улсын тээврийн компаниуд яваад хувийн тээвэрчдийг алаг үзэж, ашиггүй цагт нь явуулж шударга бус хандаж байгаад шүүмжлэлтэй хандлаа.
"Дорнын саруул зам" хоршоог "Тээвэр ачлал" компаниас гарсан жолооч нар 2013 оны наймдугаар сард байгуулж, өмнө нь явдаг байсан Дархан-Улаанбаатарын чиглэлд зорчигч тээвэрлэх зөвшөөрөл ЗТЯ-наас хүссэн ч мөн л өнөөдрийг хүртэл дорвитой хариу өгөөгүй учраас ийн өлсгөлөн зарлаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 3 )
ZOV INGEJ TEMTSEHGUI BOL AMIDRAL SAIJIRAKHGUI
ZOV INGEJ TEMTSEHGUI BOL AMIDRAL SAIJIRAKHGUI
УИХ-ын гишүүн Г,Батхүү шугамын нь авчихсан уу магадгүй хүн шүү