Сүхбаатар аймгийн Онгон сумын I, III-р багийн нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Сүхбаатар аймгийн хэд хэдэн суманд хөл хорио тогтоогоод байгаа. Тиймээс шүлхий өвчний тархалтаас урьдчилан сэргийлж мэргэжлийн хяналтын байцаагчид Хэрлэнгийн гүүрийн постууд, Багануур, Баянзүрх, Яармаг, Эмээлтийн товчоодод 24 цагаар байрлан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ариутгал, хяналт шалгалт хийж байгаа аж. Мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хөдөө орон нутгаас тээвэрлэх, тууварлахдаа мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээ заавал шалгаж байна. Хэрвээ гэрчилгээ байхгүй бол нийслэл рүү нэвтрүүлэхгүй байгаа аж. Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний "А" ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин бөгөөд вирүс нь хүнд халдварладаг аж.

Сэтгэгдэл ( 0 )