Сурагчдын зураг шаардлага хангаагүй тохиолдолд ЭЕШ-д оруулахгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 05

Жил бүр орон даяар зохион байгуулдаг ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр орон даяар 9:00 цагаас эхэлсэн. Жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтийг хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулдаг байсан ч сар шинийн баяр давхцсан учраас ийнхүү өнөөдөр эхэлж байна.

ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Бүртгүүлэгч www.eec.mn цахим хаягаар орж, зааврын дагуу хувийн мэдээллээ алдаагүй, үнэн зөв бөглөх хэрэгтэй юм байна. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, сүүлийн гурван сарын дотор авахуулсан цээж зураг, интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн мастер болон виза карт хэрэг болох аж.

Өмнөх онуудад төгссөн бол бүрэн дунд боловсролын үнэмлэх шаардлагатай юм байна. Сурагчид зургаа ганцхан удаа оруулах юм байна. Зураг оруулаагүй эсвэл зураг нь шаардлага хангаагүй тохиолдолд шалгалтад оруулахгүй аж. Хэрвээ гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн бол төгссөн сургуулийнхаа гэрчилгээг албан ёсны орчуулгын товчоогоор орчуулуулан БШУЯ-ны холбогдох байгууллагаар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд авчирч бүртгүүлэх юм байна.

Журамд энэ жил зарим нэг заалт нэмж оруулсан байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шалгалтад хэрхэн хамруулах талаар нэмэлт заалт оруулсан аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүртгүүлсэн байдлыг харгалзаж үзээд шалгалт өгөх анги танхимыг шийдэх юм байна. Мөн энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын нэг онцлог нь хүүхэд бүр монгол хэл бичгийн шалгалтыг өгөхөөр болж байгаа юм байна. Энэ талаар БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас тодрууллаа.

 

-Монгол хэл, бичгийн асууд­лыг цэгцлэх үүднээс олон ажил зохион байгуулж байгаа гэсэн. Энэ жилээс эхлээд хүүхэд бүр монгол хэлний шалгалт өгдөг болж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Монгол хэлний асуудлыг цэгцлэх үүднээс Засгийн газрын 2013 оны 37 дугаар тоот тогтоол гарсан. Уг тогтоолын гол зорилго бол монгол хэлний чадвар, хэлний нэгдсэн дүрэм,  нэгдсэн толь бичиг гаргах, бүхий л шатны боловсролын монгол бичиг, эх хэлний боловсролын асуудлыг чанаржуулах сайж­руулах зорилготой юм. Ер нь тухайн хүний суралцах, цаашлаад бусадтай харилцах харил­цаа, ажлын бүтээмж зэрэг бүх зүйл өөрөө эх хэлний чадвар дээр суурилж байдаг. Тиймээс ч хүүхэд залуучуудын суурь чадвар нь эх хэл, бичгийн чадвар байдаг. Учир нь хэл бичгийн чадвар муу байвал судалж, ойлгож мэдэхгүй дүг­нэлт хийж чадахгүй. Тиймээс тухайн хүүхдийн цааш­дын хөгжил төлөвшил, боловсролд эх хэл бичгийн боловсрол зайлшгүй чухал үүрэгтэй байдаг. Тэр утгаараа бага боловсролд олгож буй монгол хэл, бичгийн хичээлийг хүүхдүүдэд илүү сонирхолтой, чадварт нь суурилсан байдлаар хөтөлбөр боловсруулсан. Түүнч­лэн сургуулиудад БШУЯ-наас эх хэл, бичгийн чиглэлд илүү анхаарлаа хандуулан ажиллах үүрэг өгөөд байгаа. Нийт ерөнхий боловсролын сургууль  төгсөгчид их, дээд сургуульд элсэгчдийн хувьд эх хэлний шалгалт өгч байж суралцах эрхээ авахаар болсон.

-Эх хэлний боловсролын асууд­лыг чанаржуулах, сайж­­­­­руулах ажлын хүрээнд өөр ямар ажил хийгдэх вэ?

-Уг ажлын хүрээнд өнөөдрийг хүртэл явагдаж ирсэн монгол хэлний зөрүүтэй өөр, өөр байр суурьтай дүрмийн тайлбар, толь бичгийн тайлбарууд гэх зэргийг жигдэлж Монгол Улс монгол хэлнийхээ, хэл бичгийг нэг дүрэмтэй, нэг толь бичигтэй болохоор төлөвлөн ажиллаж байгаа. Энэ талаар БШУ-ы сайдын тушаал гарсан байгаа. Уг тушаалын дагуу монгол хэл, бичгийн дүрмийг нэг болгох, нэгдсэн нэг толь бичигтэй болгох хоёр ажлын хэсэг ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол үндэстний монгол хэл, бичгийн эрдэмтдээс бүрдсэн хоёр ажлын хэсэг ажиллаж байгаа. Тиймээс ирэх хичээлийн жил гэхэд ямар ч байсан өнөөдрийг хүртэл цэгцгүй явж ирсэн судлаачдын зүрүүтэй ойлголтуудыг нэгтгэж­, Ц.Дам­динсүрэн гуайн толь бичиг дээр суурилуулан хэн нэгэн зохиогчгүй нэгдсэн том толь бичгийг бий болгох болно. Тиймээс цаашдаа Монгол хэл, бичгийн хүрээнд МУИС-ийн, БИС-ийн гэх зэргээр өөр өөр дүрэм үйлчлэхгүй. Зөвхөн нэгдсэн нэг дүрэм үйлчилнэ.

-Энэ жилийн тухайд нэг шалгалтыг хэдэн төгрөг өгөх вэ?

-ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 4800 төгрөг, батламж карт 700 төгрөг байгаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ану(103.26.193.181) 2025 оны 03 сарын 13

Тхх харин шаардлага хангахгүй бна нээх сонин жижгххэн хөдөлж бхад авцан тийм юм гэж хаа бсан юм бэ

1  |  0
зочин(202.126.91.72) 2025 оны 03 сарын 13

зурагны талаар нарийн сайн тодорхой бичвэл зүгээр бна хэмжээ ямар байх гэх мэт

1  |  0
Top