Сар шинийн баярын өдүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан билээ. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн газраас Нийгмийн хэв журам хамгаалах газрын Тусгай хамгаалалтын хэлтэс, Дотоодын цэрэгтэй хамтарч гэмт хэрэг, зөрчил гарч болзошгүй иргэд цугладаг үзвэр үйлчилгээний газар, худалдааны төв, зах болон алслагдмал гэр хороолол орчимд эргүүлийн чиглэл нэмж "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд олон нийтийн газар үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Баярын өдрүүдэд цагдаагийн 102 тусгай дугаарын утсаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 5870 мэдээлэл хүлээн авч гэмт хэргийн шинжтэй 112 үйлдэл бүртгэгдсэнээс 95 үйлдлийн сэжигтэнг тогтоож, амиа хорлох, өвчний улмаас болон бусад байдлаар нийслэлд 21, хөдөө орон нутагт 19, улсын хэмжээнд 40 хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ. Нийслэлийн хэмжээнд өдөр, орой, шөнийн эргүүлд давхардсан тоогоор 761 чиглэлд 1104 офицер, 2029 цагдаа, 212 автомашинтай үүрэг гүйцэтгэн хэв журмын зөрчил гаргасан 461 хүнийг 2.388.000 төгрөгөөр торгож, танхайрсан гурван хүнийг шүүхээр баривчлуулан, биеэ авч явах чадваргүй, согтуугаар зөрчил гаргасан 408 хүнийг эрүүлжүүлжээ. Харин осгож нас барсан тохиолдол гараагүй байна. Цагдаагийн албан хаагчид баярын өдрүүдэд эргүүл хийж, хулгайн хоёр хэрэг, булаалт нэг, хүчингийн нэг, танхайн зургаан зөрчлийг халуун мөрөөр нь болон үйлдэл дээр илрүүлэн ажилласан байна. Ерөнхийдөө сар шинийн баяраар улс орон даяар онц ноцтой гэмт хэрэг гараагүй, тайван өнгөрснийг онцолж байв. Харин ахуйн хүрээний хулгайн хэрэг олон гарчээ.
Сар шинийн баярын өдрүүдээр нийслэлийн Замын цагдаагийн газрын 443 албан хаагч 214 цэгт хоёр ээлжээр уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэж, гэр хорооллын гудамж замуудад хөдөлгөөний зохицуулалт хийж, түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч ажилласан байна. Хөдөлгөөний ачаалал ихсэх үед урсгал сөрж явах зөрчил их гардаг учраас замын цагдаагийн газрын өгсөн мэдээллийн дагуу Баянхошууны Хөтлийн зам, нэгдүгээр хорооллын арын зам, Хилчин хотхоны зүүн тал, Дарь-Эхийн уулзвар зэрэг хэд хэдэн байршилд хөдөлгөөний урсгал тусгаарлах хаалт байрлуулсан бол замын зорчих хэсэг нь эвдэрсэн Баянхошуу, 3, 4 дүгээр хорооллын замыг шороогоор дүүргэж тэгшилжээ. Сар шинийн баярын өдрүүдэд буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нээс энэ сарын хоёрныг хүртэл зам тээврийн ослын 1104 дуудлага Шуурхай удирдлагын төвийн утсанд ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослоор 43 хүн гэмтэж, хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэн давхиснаас осол гаргаж найман хүний амь эрсэджээ.

Сэтгэгдэл ( 0 )