Өвөг дээдсээс өнөөдрийн Монголчуудад өвлөгдөх хүртлээ олон зууныг элээсэн их ёслол, зан үйлийн баяр бол Цагаан сар. Тохиох бүртээ Монгол түмний хуанлийн хуудсыг хөтөчлөн залж байдаг энэ хүндтэй баяртай зон олноороо учран золгож, усан могой жилээ үдэн, модон морин жилээ угтан авцгааж байна. Шинийн нэгний билэгтэй сайхан энэ өдөр улиран одож буй жилийнхээ өгөөж хишгийг хэлэлцэн, тосон угтаж буй жилийнхээ өнгийг ярилцдаг уламжлал биднийх.
Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрт хүрч, хөдөлмөрлөн зүтгэж байгаа Монголчууд үндэснийхээ баярыг тэмдэглэн, элэг нэгт Монголчууддаа баярын мэнд дэвшүүлэхийн сацуу, амжилт бүтээлээ хэлэлцэн, ахиж дэвжих ирээдүйнхээ талаар сэтгэгдэл юугаа илэрхийлцгээж байна.
Нэг ёсондоо Монголчууд бид дэлхийн хаана ч байсан үндэснийхээ баярын өнгө төрх, уур амьсгалыг мэдэрч чадаж байна гэсэн үг. Тийм боломжийг мэдээллийн технологид суурилсан интернэт гэдэг хязгааргүй орон зай олгож буй. Түүнчлэн интернэтэд суурилсан онлайн сэтгүүлзүйн талбар ч үүргээ гүйцэтгэж буй билээ.
Та бид эдүгээ XVII жарны модон морин жилийг угтан авч, нэгэн хурдан хүлгийн нуруун дээр мордлоо. Энэ хүлэг Монгол түмэнд ээл дагуулна хэмээн зурхайчид шинжиж буй. Тэгэхдээ бидний Монголчуудын өвөг дээдэс эртнээс "Эзэн хичээвэл, заяа хичээнэ" хэмээн захиж, сургаж ирснийг энэ дашрамд хэлэхэд илүүдэх юун. Аливаа сайн сайхан бүхэн тийш хурдлан давхих аргамаг хүлгийн зоон дээр байгаа Монголчууд үйлдлээрээ, аз одоороо амжилтыг цогцлоох болтугай.
Зиндаа.эм.эн сайт

Сэтгэгдэл ( 1 )
Zindaa mn , ireh shine ondoo iluu saihan hunii zurh setgeld noloolson devshilttei setguul bolj busad setguuliig urialasai gej husej bna , Allaga , huchirhiilel , yanhanchlal gesen niitlel tavihgui baij , harin tiim uildel hiisen humuusiin shiitgeliig iluu tomruun gargaj ,zardaj , humuusig tiim zuil hiij Bolohgui yum bna gej aidasiig toruuleh niitlel hiij , zov udirdaj , zov niigemiig butehed Tom zutgel gargasai gej chini setgeleese husej bna , mongol orond gegeerel denduu dutagdaj Hun ami buh zuiliig muu muuhaigar hardag boljee , uuniig oorchlohod buh huchee setgele zoriulache gej Zinda mn sitiin udirdagchas tuiliin husej bna