Хуурамч мөнгөн дэвсгэртийг хэрхэн таних вэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 28

Сар шинээр ахмад настантай золгох гэж иргэд аль болох шинэ мөнгөн дэвсгэрт солиулдаг. Сүүлийн үед харин шинэ мөнгөн дэвсгэрт дотор хуурамч тав, арван мянган төгрөгийн дэвсгэртүүд ихээр илэрч байгаа тухай холбогдох байгууллагаас анхааруулж байна. Учир нь иргэд мөнгөө солиулахдаа банкаар бус олон хөлийн газар, захаар яьж мөнгө сольдог наймаачдаар солиулаад байгаа юм. Тиймээс жинхэнэ болон хуурамч мөнгөн тэмдэгтийг яаж ялгах талаар мэдээлэл бэлтгэлээ. 

Жинхэнэ мөнгөн дэвсгэртийг таних арга

Мөнгөн дэвсгэртийн цаас хатуу, нугалахад шажигнаж дуугарна.  Хоёр талаас нь хурууны үзүүрээр хавчин гүйлгэж татахад  д эвсгэртийн хоёр талд байрлах Чингис хааны гэрэгэгийн дээд хэсгийн дугуй дүрсүүд зөрүүгүй давхцана. 20000 төгрөгийг тусгай гэрлээр харахад Чингис хааны хөрөг гэрэлтэн тодорч харагддаг байна. Ийм байвал жинхэнэ мөнгө гэсэн үг. Холограмм дардас дотор Соёмбо, 20000-тын тоо солонгорч үзэгдэнэ.


Дэвсгэр зургийн зүүн доод талын босоо хэвтээ ирмэгийн дагуу "MONGOLBANK" гэсэн үгийг маш жижгээр бичсэн байдаг гэрлийн эсрэг барьж харахад Чингис Хааны хөрөг болон "МБ" үсгүүд усан хээгээр тодорч харагдана. Налуугаас харахад дөрвөн морьтон баатрын дүрс, дэвсгэр өнгө нь дөрвөн хэсэгт тодорч үзэгдэнэ. Гурван мм-ийн өргөнтэй тасалдаж харагдах металл утсан дээр "MONGOLBANK" гэсэн үг болон Соёмбо солигдож харагдана.10000 төгрөгний Чингис хааны хөргийг усан хээгээр бүтээсэн байдаг. Хэт ягаан туяанд гэрэлтэнэ.Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн. Тэгэхээр дээрх нууцлалын аль нэг нь байхгүй болон хэт хатуу цаастай байвал хуурамч мөнгөн дэвсгэрт гэсэн үг юм. Хуурамч мөнгөн тэмдэгтийг сайн ажиглавал болхи хийцтэйг нь мэдэж болдог хэмээн мэргэжилтнүүд хэлдэг.


Хэрэв хуурамч байж болзошгүй мөнгөн тэмдэгтийг санаандгүй хүлээн авбал, дэвсгэртийг дамжуулсан хүнд буцааж өгөлгүйгээр хамгийн ойр байрлах цагдаагийн хэсэгт аваачиж өгөхийг Монголбанк, ЭЦГ зөвлөж байна. Хуурамч мөнгөн тэмдэгийг санаатайгаар үйлдэж ашиг олох зорилгоор хэрэглэсэн бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Гэмт хэрэгтэн болно гэсэн үг. Хүмүүс ихэвчлэн 20000, 10000, 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуурамчаар хийдэг байна. Хэдэн жилийн өмнө хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, хоёрдугаар зэргийн групптэй нэгэн этгээд Монгол улсын мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэж иргэдээс их хэмжээний мөнгө завшсан хэрэг гарч байсан. Одоогоор хуурамч мөнгө илэрч байгаа ч хэн хийж худалдаанд гаргаад байгаа нь тогтоогдоогүй байгаа юм.

Н.Чимэг

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top