УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулийн төсөл нь Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулахад Гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлөх тухай юм. Дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн С.Баярцогт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан боловч хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй санал гарсан учраас анхны хэлэлцүүлгээр нь батлахгүй гэж байнгын хорооны гишүүдийн олонхи үзсэн юм. Тиймээс Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн талаарх санал хүсэлтээ УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо.
Мөн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Аудитын ерөнхий газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад тус газрын орон тоог нэмэгдүүлэх санал оруулж, хэлэлцсэн юм. Тодруулбал, Аудитын ерөнхий газарт нийт 23 албан тушаалтан хэрэгцээтэй байгаа гэсэн санал оруулсан юм. Байнгын хорооны гишүүдийн олонхи нь дээрх саналыг дэмжсэнээр асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болов.

Сэтгэгдэл ( 0 )