Манай улс 1999 онд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцохоор санамж бичигт гарын үсэг зурж байсан. Харин 2005 онд анх удаа энхийг сахиулах үйл ажиллагаанд цэрэг дайчдаа илгээж байсан билээ. 2010 оноос анх удаа цэргийн эмч нарын багийг илгээж эхэлсэн байдаг. Одоогоор манай улс Судан, Өмнөд Судан, Афганстан гэсэн гурван улсад 938 цэргийн албан хаагчидаа энхийг сахиулахаар илгээгээд байна. Өнөөдөр Судан улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II шатны эмнэлгийн V ээлжийн цэргийн баг бүрэлдэхүүн явах бэлтгэл хангагдаж, Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо. Энэ үеэр Зэвсэгт хүчин жанжин штабын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга Ж.Молорболдоос энхийг сахиулах үйл ажиллагааны талаар цөөн хором ярилцлаа.
-Монголын энхийг сахиулагчид Өмнөд Судан, Хойд Суданд яг ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
-НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос оролцож эхэлснээс хойш нэлээд олон цэргийн багаа илгээж, туршлага хуримтлуулаад байна. Сүүлийн үед зөвхөн цэргийн багаа илгээгээд зогсохгүй цэргийн албан хаагчид штабын офицер болон ажиглагчаар хэд, хэдэн газар үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал Афганистан улсад цэргийн зөвлөх илгээж байна. Мөн Өмнөд Судан, Хойд Суданы хойд мужид цэргийн ажиглагч, шатбын офицер, холбогч, цэргийн зөвлөхүүдээ илгээж энхийг сахиулах арга хэмжээнд оролцож байна.
-Өнөөдрийн байдлаар дэлхийн хэдэн орон энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож цэргээ илгээгээд байна вэ. Манай албан хаагчид ур чадвараараа хэддүгээр байрт явж байна вэ?
-Дэлхийн 100 гаруй орон цэрэг хандивлаж байна. Эдгээр улс дотроо манай улс ур чадвараараа 28 дугаар байранд жагсаж байна. 2002 оноос хойш 900 гаруй цэргийн албан хаагчдыг энхийг сахиулах үйл ажиллагаанд илгээж оролцуулсанаар 28 дугаар байранд жагсаж байгаа. За дэлхийд тэргүүлэгч орны тоонд Энэтхэг, Пакистан гэсэн хүн ам ихтэй улс орнууд орж байна. Манай улсын хувьд хүн ам цөөтэй учраас ийм цэрэг илгээж оролцуулна гэдэг нь харьцангуй өндөр тоо л доо.
-Өнөөдөр Судан улсын Дарфур мужид үүрэг гүйцэтгэхээр II шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх баг явах гэж байна. Эмнэлгийн ажилчид очоод ямар үүрэг гүйцэтгэх вэ?
-НҮБ, Африкийн холбоотой хамтарсан энхийг сахиулах үйл ажиллагаанд алба хаах хүндэтгэл үзүүлж байна. Хамтарсан энхийг сахиулах үйл ажиллагаанд Судан улсын Дарфур муж дахь Хойд Суданд явагдаж байгаа энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргийн II шатны эмнэлэгийн баг V ээлжинд үүрэг гүйцэтгэхээр явж байна. Өнөөдөр нийт 68 албан хаагч үүрэг гүйцэтгэхээр явж байгаагийн 50 хувь нь буюу 31 эмэгтэй энхийг сахиулагч явж байна. Судан улсын Дарфур мужийн Кабкабияа цэргийн баазад II шатны эмнэлгийн үйл ажиллагаа явуулна. Ингэхдээ 5000 гаруй цэргийн албан хаагчидад II дугаар шатны буюу бичил мэс засал яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх баг явж байна.
-Энэ удаагийн цэргийн багт нэлээд олон эмэгтэй албан хаагч явж байгаа нь онцлогтой байна?
-Энэ удаагийн багийн онцлог нь эмэгтэй албан хаагчид их явж байна. Мөн бэлтгэл сургуулилтаа эд хүйтэрч байхад хангасан. Хүйтний улиралд бэлтгэл сургуулилтаа хангана гэдэг тухайн хүнээс илүү их тэсвэр тэвчээр шаардсан ойлгомжтой. Одоо явах гэж байгаа албан хаагчдын тухайд бэлтгэлээ чанарын өндөр түвшинд хангаснаараа арай давуу байгаа болов уу гэж бодож байна.
-Цэргийн албан хаагчид болон эмч нарыг ямар шалгуураар энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулж байна вэ?
-Манай сонгон шалгаруулалтын журам гэж тусдаа байгаа. Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох журмын хүрээнд бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах үүрэг гүйцэтгэх, сургаж бэлтгэх гэсэн БХЯ-ны сайдын тушаалаар батлагдсан журам байдаг.
-Өөрийн хүсэлтээр энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох боломж байдаг уу?
-Ер нь энхийг сахиулах үйл ажиллагаанд цэрэг дайчид өөрийн хүсэлтээр оролцдог. Гэхдээ жирийн иргэн энэ үйл ажиллагаанд оролцох эрх тийм ч нээлттэй биш. Төрийн албанд ажиллаж байгаа, сонгон шалгаруулатад тэнцсэн ийм цэргийн албан хаагч байх ёстой. Энгийн иргэнийг тодорхой хэмжээний сургалтад хамруулаад явуулж байгаа тохиолдол бас байгаа. Эмч, эмнэлгийн ажилтнууд тангараг өргөсөн албан хаагч учраас цэргийн мэргэжлийн тусгай сургалтад хамруулаад бэлтгэлээ хангасны дараа энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог.
Ажиллагаанд үүрэг гүйцэтгэхийн өмнө 45 хоногийн сургалт зохион байгуулдаг. Энэ хугацаанд НҮБ-ын стандартыг хангах сургалт явуулдаг. Тухайлбал бие бялдрын сургалт бэлтгэл, мэргэжлийн сургалт бэлтгэл гэж хангадаг. Мөн НҮБ-ын ажиллагаатай холбоотой зарим ойлголтуудыг өгөх, англи хэлний бэлтгэл хангах гэсэн сургалт явуулдаг.
-Энхийг сахиулахад англи хэл маш чухал байх. Зарим энхийг сахиулагчдын хувьд хэлний бэлтгэл тийм ч сайн биш нь ажиглагддаг. Ер нь англи хэлний ямар түвшний мэдлэгтэй байх ёстой вэ?
-За НҮБ-д ямар үүрэг гүйцэтгэхээсээ шалтгаалаад тавигдах шалгуур өөр байдаг. Жишээ нь удирдах албан тушаалтан, нарийн мэргэжлийн эмч нар англи хэлний дундаас гүнзгий шатны мэдлэгтэй байх шаардлагтай. Туслах ажилд оролцож байгаа албан хаагчид шалгуур тавигддаггүй.
-Манай явж байгаа албан хаагчдын хангалт хэр вэ. Мөн сарын дундаж цалин хэдийг авч байна вэ?
Хангалтын тухайд НҮБ болон үүрэг гүйцэтгэж байгаа аюулгүй байдлыг хангахын тулд олон улсын жишигт хүрэхүйц бэлтгэж явж байгаа. Хамгийн сайн материал хэрэгслээр хангахын төлөө ажиллаж байна. Хангалт бол улсын дунджаас дээгүүрт орох байх. Цаашдаа сайн хөгжүүлэх шаардлагатай байгаа нь ойлгомжтой. Цалингийн тухайд НҮБ-ын үйл ажиллагаанд оролцож байгаа цэргийн албан хаагчдыг өмнө нь гүйцэтгэж байсан ажлын цалинг бүтэн олгодог мөн дээр нь ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн томилолтын зардлыг нэмж олгодог. Энэ нь ЗГ-ын тогтоосон хэмжээгээр бол НҮБ-аас олгож байгаа зардлын 70 хувь гээд заасан байдаг. Энэ нь 1028 ам.долларын 70 хувийг цалин дээр нь нэмж олгодог. Энэ нэмэлт цалин нь олон талын ач холбогдолтой, цэргийн албан хаагч цалингаа аваад зогсохгүй нэмэлт орлого авч ар гэр амжиргаагаа дээшлүүлэхэд түлхэц болдог.
.
Сэтгэгдэл ( 0 )