2014 оны хошин зурхай

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 01

Хонины орд: Мөрөөдөл биелнэ

Юу санасан есөн хүсэл биелэх жил. Олон жилийн мөрөөдөл биелнэ гэж одод нүд ирмэж байна. Сонгуулиар мөрөөдөл биелнэ гэж амласан улс төрийн хүчний ажил бүтнэ гэсэн үг биш. Таны өөрийн итгэл, урам зориг бүхнийг шийднэ. Засагт биш өөртөө найд. Ялангуяа зуны дунд сараас эхлэх оны сүүлийн хагаст мөрөөдөл биелэх дохиог одод өгч байна. Загас усандаа жаргалтай гэдэг шиг оны сүүлийн хагаст Та анхаарлын төвд орно. Улс төрчдийн рейтинг өсч, бизнес эрхлэгчдийн хувьд бүр төлбөргүй мэдээгээр магтуулж байж ч мэднэ. Гялалзан гялтганаж, зүрх сэтгэлийг байлдан дагуулна. Шинэ оны эхээр ойр тойрныхонтойгоо хэл амаа ололцоход яршиг түвэг учирч мэдэх тул урьдчилан сэргийлж, заримдаа кардаан, тоормосоо татаж байгаарай. Энэ үед эхэлсэн хэрүүл зарга Увсын сонгуулийн маргаан шиг удаан үргэлжилж, Чойжоо, Хүрлээ нар болон Нямхүү мэт заргалдан заалдахад хүрч мэднэ шүү.

Хайр дурлал: Хаврын сард хайртыгаа бүү хардаарай

Хонины ордынхныг хайр дурлалын хувьд миньжүүлсэн талбай хүлээж байна. Тэр нь дандаа ч муу сөрөг учрал тохиол биш жинхэнэ агуу их хайр ч зам дээр хүлээж байгаа гэж одод хэлэв. Урьдчилан таамаглахын аргагүй учрал тохиол их хүлээж байна гэсэн үг. Араар тавьж байгаа бол гардуулна, баригдана, ганц бие бол насны ханиа олох хэмжээний их том тэсрэлтүүд урд чинь байна. Хаврын саруудад хайрттайгаа болгоомжтой харилцахгүй бол салах сарнихдаа тулах эрсдэлтэй. Шалтгаан нь хардалт, ухаангүй гоморхол байх болно. Оны сүүлийн хагаст тэвчин хүрэхэд болохгүй бүтэхгүй зүйл, хоосон хардалт тээж явсанаа Та ойлгоно. Элдэв хар сэртэй зүүд зүүдэлж, түүндээ итгэн мээнэгтэхгүй бол оны сүүлчийн хагас тэр чигээрээ бал бурам.

Үхрийн орд: Уцаар, үглээ, яншаа зангаа татаарай

Хувиран өөрчлөгддөг, өглөө энд, орой тэнд байдаг зан чанарынхаа золиос нь Та өөрөө болох эрсдэл их буйг онцгой анхаарна уу. Нам сольсон улс төрчид, зангаа хувиргасан эхнэр, нөхөр, компани дамжсан менежерүүд сайн юманд хүрэхгүй. Уулын бугыг хараад унасан морио орхих гэж яарсаны хэрэггүй. Оны эхний хагаст том жижиг хувиран өөрчлөгдөх үйл явдал олон тохиолдоно. Хэд хэдэн асуудлыг нэгэн зэрэг шийдэж амжуулах гэж хүчээ тарамдуулан зүтгэвч оны эцэс хүртэл үргэлжилнэ, “Хоёр туулай хөөгөөд хоосон хоцорсон анчин” болчихов доо. Оны эхний хагаст уцаар зан авираа татаарай. Нэг л их үглэсэн дуулсан, уцаарлаж тээршаасан яншаа зангаараа ойр тойрныхноо залхаав, хөөе. Тэд чихээ дарж зугтахаар байдалд орно шүү. 9 дүгээр сараас эхлээд өмнөх уцаар мартагдаж бүх зүйл сайн сайхан тал руугаа шилжинэ гэж одод мессеж ирүүлэв. Бусад цагт бүхнээ зориулаад бүтэхгүй байсан олон асуудал сайхан цэгцэрнэ, Та өөрөө өөрийгөө хяналтандаа авна.

Хайр дурлал: Дэнгийн гэрэлд харсан чинь

Ганц бие “үхэр” нэгэн зэрэг олон сайхан туулай хөөж, аль нэгийг нь өөрийн болгоно. Дэнгийн гэрэлд харагдсан дэндүү сайхан туулайнуудын аль нь жинхэнэ хайр сэтгэлийн эзэн, хэнийх нь зүрх сэтгэл жинхнээсээ гэрэл гэгээ цацруулж буйг таньж мэдэхэд түвэгтэй. Оригиналь, коопий хоёроо ялгахад мэдрэмж чухал. Жинхэнэ хайртай дотно хүнээ үглэн шүүмжилж байж сэтгэлийг нь танихгүй гомдоох вий. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш, үзэсгэлэнтэй бүхэн гүнж биш шүү. 2 дугаар хагаст хувийн асуудлаа шийдэж чадна аа. Гоонь, ганц биеэр амьдрагсад ижлээ олж, хосуудын зүрх сэтгэлд гал асан бадамлана.

Ихрийн орд: Аз, амжилт дүүрэн

Сайхан жил. Нийгэмд байр сууриа бэхжүүлж, рейтинг, нэр төр суга ахимой. Ашиг орлого өснө, танилтай хүн талын чинээ гэгчээр шинэ мундаг түнш нэмэгдэнэ, эсрэг хүйстний анхаарал тань дээр төвлөрнө. Тэнгэрийн умдаг атгасан энэ бүх амжилт оны эхний хагаст илүүтэй тохионо. Өөртөө итгэх итгэл бат бэх байж, гартаа тамга хөзөр дөрвөөр нь атгасан мэт болно. Ойр тойрныхондоо итгэгдэн хүндлэгдэнэ, таашаал талархлыг нь татна. Гэхдээ биеэ хэт тоогоод хэрэггүй. Оны эхний бал саруудын явцад хожим учрах эрсдэл, ялангуяа найз нөхөд, түншүүдийнхээ итгэл дэмжлэгийн чухлыгогт мэдрэхгүй болтлоо хамраа бүү сөхөөрэй. Ихрүүд бие даах дуртай тул нэгдмэл нэг санаа бодолтой баг, хүрээлэгчид бүрдүүлэх асуудалд бөөн хүндрэл аажмаар хуримтлагдана. 2014 он Таны хувьд үнэхээр олон талын гайхамшигтай жил болох хэдий ч 9, 10 дугаар сард завсарлага авч амрахгүй бол ядарна шүү. 11 дүгээр сар гэхэд зай тэжээл нь бүрэн цэнэглэгдсэн компьютер шиг л эрч хүчээ эргэн олж авна. Монгол хүн бүр ихрийн ордонд төрсөн бол ирэх жил эдийн засаг ч бүр Сингапурыг гүйцэхээр байна шүү дээ.

Хайр дурлал: Дурлалын агууг мэдэрнэ

Эсрэг хүйстэнтэй харилцахад их хэмжээний аз амжилт дагуулна. 9 дүгээр сар хүртэлх хугацаа тэр чигээрээ хайр сэтгэлийн аз хийморьто өдрүүд байна. Холоос санаа алдан харж мөрөөдөж явсан хүн чинь Таных болж байж ч мэднэ. Дурлалын бал түрхүүлчихсэн юм шиг л бүтэн жилийг өнгөрүүлэх ихэрүүдэд үнэнхүү атаархаж байна шүү. Гэхдээ биеэ тоож, бусдын ар гэр үймүүлээд хэрэггүй биз дээ. Амьдралын амтыг мэдэрнэ л гэнэ. Таашаал талархал, тохь тухаар хүрээлүүлнэ л гэнэ. Аав ээждээ захиалж байгаад, хуваарь графикаар үр тогтож ихрийн ордонд ахиж төрмөөр санагдтал азтай золигнууд вэ, эд нар чинь. Ганц бие ихрийн ордын хүн хэд хэдэн романтик адал явдалтай учрах юм байна. Тэр чигээрээ л тэнгэрийн умдаг атгана. Хүүхэдтэй болох, хуримлах, орон гэрээ төвхнүүлэх, шинэ сууцанд орох гэх мэтэд бүгдэд нь нэн сайн жил.

Мэлхийн орд: Өөртөө итгэ

Өөрөөс чинь бүх зүйл хамаарна. Засаг төр, бусдад найдсаны хэрэггүй. Гоолыг та өөрөө л хийж чадна. Бороо шороо орсон ч, байгаль дэлхий зангаа хувиргасан ч хий тэнгэр ширтэн горьдон суух хэрэггүй. Хүрэх зорилго, хийх ажил, явах замаа мэддэг бөгөөд хичээн зүтгэвэл их боломж байгаа юм байна. Оны эхний хагаст хувийн болон бусдын байр суурийн зөрчил тэмцэл учрах эрсдэл их. Хайртай дотно хүмүүс тань өөрсдөд нь анхаарал халамж хандуулахгүй, ажил бизнестээ хамгаа зориуллаа гэж гомдож болзошгүй. Ажил чухал, ар гэр бас чухал гэдгийг бүү мартаарай. Ар гэр, хайртай дотно хүмүүстээ анхаарч чадвал ажил тань ч урагшилж тэнцвэрээ олно. 11 дүгээр сард онц чухал ажил уулзалт төлөвлөсний хэрэггүй, бүтэлгүй болох гэнэ. Харин 12 дугаар сар хамгийн амжилттай өдрүүд байж, жилээ сайнаар үднэ.

Хайр дурлал: Ажилдаа улайрч байж, хайртыгаа мартав аа

Ажил, гэр бүлийн хоорон дахь харьцаа онц чухал. Мэдээж ажлаа хаяж гэр бүлдээ анхаарал тавь гэсэн үг биш. Гэхдээ мэлхийн ордны эмэгтэйчүүд ажлаа орхиж, ар гэртээ анхаарал тавих аваас зөв сонголт болно гэж одод мэдээллээ. Хэрэгцээ шаардлага, хүсэл хоёрын дунд хуруу зай бий. Хайр сэтгэл, хүсэл халамж ажил хэргийг тань бүтээхэд тусална. Хань ижилтэй, амраг хайрттай мэлхийнхэн сэтгэлт хүндээ ялангуяа оны 2 дугаар хагаст анхаарал халамж их тавиарай. Дутуу анхаарал халамж, цагийг бага өнгөрүүлэх явдал энэ оны хамгийн гол асуудал бэрхшээл болно шүү. Ажлын мал биш хүний хайртай хүн гэдгээ бүр март.

Арслангийн орд: Хүчирхэг савартаа найд

Бүхнийг өөрийн хяналт, гартаа авсан бол амжилт хүлээж байна. Арслангийн савар хүчирхэг шүү дээ. Хоёр том боломж байна. Эхнийх нь арслангийн хүч энерги. 2 дахь нь үйл хэргийн аз хийморь. Аз тохиосон уу, ажлын үр дүн үү? гэдгийг ялгахад бол бэрх. Өөрөө бүтчихсэн ч юм шиг, үхтлээ зүтгэсний хүч ч юм шиг санагдана. Яаж бүтсэн нь чухал биш, бүтсэн нь илүү чухал. Өмнө чинь зугтаж яваа зээр өөрөө бүдрээд унасан уу, та гүйцээд барьсан уу? Ялгаа үгүй. Идэх махтай болсон нь чухал шүү дээ. Эрч хүч дүүрэн оны эхний хагаст л ан ав элбэг байх нь. Хэд хэдэн хуримтлагсдан асуудал бэрхшээлийг оны эхний хагаст шийдэх боломж байна. Олон зээр хөөгөөд бүгдийг нь барьж идэх хүч 6 сарыг дуустал байна гэсэн үг шүү дээ. 7 дугаар сараас эхлэн хүч тамир багасна. Намар болтол зундаа сайхан амарч, гэр бүл, ажил хэргийнхээ тэнцвэрийг олж хүч тэнхээгээ сэлбээрэй, бяртай арслан гуай.

Хайр дурлал: Хайрын бурхан би байна

Нэг их хүч гаргахгүй байхад чинь хайр дурлал таныг мэйлээр, фэйсбүүкээр, гар утсаар, учралаар, зам дээр хайн өөрөө хүрч ирнэ. Заяаны хань зам дээр гэдэг шиг л юм болно. Та өөрөө зам дээр зогсож байтал заяаны чинь хань хүрч ирээд зогсоно гэсэн үг шүү.

Охины орд: Өндөр оргил өөд авирахдаа төөрөв өө

Оны хамгийн эхнээс Охины ордынхныг хүлээж байгаагүй гэнэтийн өөрчлөлт, сюрприз, шинэ боломжууд угтаж байна. Харамсалтай нь бүх нөхцөл байдал бодит боломж болохгүй. Идэвх чармайлт дутагдахын хэрээр боломж алсран одно. 9 дүгээр сарын дунд хүртэлх хугацаанд зохион байгуулалт, өөртөө тавих шаардлага дутагдана. Зорилгодоо хүрэх арга замаа онож тодорхойлохгүй тэнэж алхаад, тэнтэр тунтар болоод байх вий.Үүний хамт зорьсон хүссэндээ хүрэх зам олоод авчихвал хөнгөхөн урагшилна. Мэргэн буучаар бол байгаа л зөв тодорхойлчих. Тэгвэл онож чадна. Буруу юм хөөгөөд явчихгүй л бол мөрөөдөл хүслээ Та биелүүлнэ шүү. Боломж их байна, сатааруулж сарниулсан дэмий юм битгий хөөцөлдөөрэй л гэж одод ахин дахин сануулаад байгаа юм. Ууланд авирагчаар бол төөрчихгүй бол оргил өөд ч, уруу ч будилахгүй алхаж, нисдэг тэрэг дуудах хэрэггүй байна. 2 дахь зам нь их энгийн, амар хялбар. Нэг их өндөр дээд зорилго даалгавар өөртөө өгөлгүй зүгээр л өдөр тутмын дуртай зүйлсээ хийгээд байхад амжилт өөд урагшилна. Ууланд авирч мацалгүй өмнөх ажлаа л сайн хийгээд байхад л ирж буй 2014 он хөгжилтэй, сонирхолтой жил болон өнгөрнө.

Хайр дурлал: Хамаагүй самбаганавал хэцүү шүү

Хөнгөмсөг шохоорхол мартагдашгүй сайхан мөчүүдийг бэлэглэнэ. Хайр дурлал гэдэг яг тогтсон нэр томъёогүй, шинжлэх ухааны үндэслэлгүй эд тул хөнгөмсөг шохоорхол мэт сэтгэгдэл ч аз жаргал хайрлаж болно шүү дээ. Ууланд авираад уруудахдаа төөрсөн хүмүүст тэр адал явдал нь асар их таашаал авчирсан ч байж болно. Гэхдээ энэ бүхэн ганц бие Охиныхны тухайд өгүүлж буй хэрэг болохоос илүү харж, билүү долоох донтонд зориулагдаагүйг анхаарна уу. Оны эхний хагаст олон учрал тохионо, тэр бүхэн аз жаргал болж хувирна гэсэн баталгаа бол байхгүй. Таарсан бүхэн хайр биш. Жилийн төгсгөлд илүү хөг аялгуутай, олон жил хүлээсэн учрал тохиолтой таарах магадлал их. Хань ижилтэй Охины ордынхны хувьд хөнгөмсөг шохоорхол бүхэн нь хамтын амьдрал, гэр бүлийнх нь томоохон сорилт болно. Их самбаганавал эвгүй юм болно гэж мэд.

Жинлүүрийн орд: Том амлалт битгий өгөөрэй

Улс төрчид шиг бүлт үсэрч, том амлах юм бол түүндээ огт хүрэхгүй. Зүгээр л ердийн хэмнэлээр жигд урагшлахыг одод анхааруулжээ. Оны эхний хагас нэг их сайн зүйлс амлахгүй л байна. Эрч хүчээр дүүрэн, амьдралдаа дорвитой том өөрчлөлт хийх зориг ихтэй байх хэдий ч нэг их өндөр зорилт тавихгүй, хойшлуулбал сайн гэжээ. Цугларсан эрчим хүч, дүүрсэн зай тэжээлээ урлаг, аялал, бусдыг хайрлах, халамжлахад зарцуулбал жигтэйхэн их үр дүн өгнө. Харин 8 дугаар сараас эхлэн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөхгүй ч намартай хамт сюрпризүүд угтан авна. Оны 2 дугаар хагаст шинэ танилууд, учрал тохиол олноор хүлээж байна. Хэзээ ч очиж байгаагүй газар орныг үзэх, цоо шинэ зүйлсийг олж харах, ухаарч мэдрэх боломж нөхцөл дүүрэн. Уйдах завгүй шинэ зүйлс, сайхан аялал. Ууланд авирахад төөрнө өө гэсэн ном байхгүй ээ.

Хайр дурлал: Илүү харвал гардуулж магад

2014он хайр дурлалын хувьд гэнэтийн, таашгүй, зүрх сэтгэлийг эзэмдсэн хүчтэй байх нээ. Хайр дурлалд сэтгэл хөдлөл хүчтэй илрэх хэдий ч тэр бүхэн шагнал биш шүү, уучлаарай. Оны эхний хагаст хайр дурлалын төлөөх алхам чинь андуурал, аюул дагуулж болзошгүй. Магадгүй араар тавих, хардалт, хайртай хүнээсээ салах эрсдэл байна. Илүү харвал гардуулах ч юм бил үү? Их хардвал салах ч юм бил үү? Тэгэхээр тэвчих л хэрэгтэй болох нь дээ, жинлүүрийнхэн минь. Сайн жигнэж үзээрэй л гэж одод зөвлөөд байх юм аа. Харин оны сүүлийн хагаст хайр сэтгэлд саран гийж байна шүү. Романтик учрал, хань ижилтэйгээ учраа олох бүхэнд 9-12 дугаар сар үнэнхүү ерөөлтэй.

Хилэнцийн орд: Бэрхийг туулна

Өрсөлдөгчөөсөө түрүүлэн, урагш хол ахих он бол 2014. Замдаа тааралдсан бартаа саад бүхнийг давхар мосстой жийп шиг л дайран гарах хугацаа нь оны эхний хагас. Бусдад ч энэ их дайчин шинж чанараараа таалагдан, харилцаагаа сайжруулах боломж олгоно. Зөвхөн сайхан харилцагчдад ч бус шүүмжлэгч, дайсагнагч, үл тоомсорлогч хэн бүхэнтэй учраа олж, хужраа тунгааж чадна. Улс төрч байлаа гэхэд эсрэг намынхан тань хүртэл хэлсэн үгийг тань дэмжээд унаж мэднэ шүү. Дайчин түрэмгий зан чанараа зөв ашиглавал хайр сэтгэл, ажил хэрэг аль алинд нь тустай. Мэдээж бартаа саад бүхнийг дайраад гарчихгүй, хий эргэх, ядарч зүдрэх үе бишгүй гарна. Гэхдээ л 11 дүгээр сар гэхэд Та ахиад л дайчин зоригтой зан чанараараа зэвсэглэн урагшлах болно.

Хайр дурлал: Жинхэнэ хайр, хуурмаг учрал аль аль нь таарна

Бартаа саад янз бүр байдаг шиг жинхэнэ, хуурмаг учрал тохиол урд чинь байна. Нэг их зовохгүйгээр романтик явдалтай учирна. Хүчтэй дурлал, болзоо, хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэж, өрсөлдөгчдөө ялна. Нэг бүсгүйд хоёр залуу дурлав гэхэд энэ ордынхон ирж буй жилд ханхүү л гэсэн үг. Мэдээж амар хялбар байхгүй боловч хайрын чинь эзэн Таных болно. Бэрхшээл гарна, түүнд Таны хилэнц буруутай шүү. Бүхнийг сүйрүүлэх хэт түрэмгий сэтгэл хөдлөлөө татаж байгаарай. Бэрхийг туулахад дандаа ч хүч түрэх хэрэггүй, эв найр бас чухал үүрэгтэй.

Нумын орд: Тэмцэл бүхэнд ялна

Олон сайхан шинэ санаа, сонирхол, сэтгэл хөдлөм зүйлс угтан тохиож байна. Өөрчлөгдөн буй нөхцөл байдлаас болж бага зэрэг ядарч юуны магад. Шинэ танилууд зөндөө таарна. Юунаас ч буцахгүй, зорилгодоо үнэнч, эрх чөлөөний төлөөх тэмцлийн ялалт Таны гарт байна. Иргэний хөдөлгөөний хүн байв гэхэд жагсаалын үр дүнд хууль өөрчлөгдөнө. Захирал дарга чинь эцсийн эцэст таны зөв гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэмцлийн жил шүү дээ. Олон асуудлыг бүтээлчээр шийдэх ердийн бус арга зам, ертөнцийг харах шинэ хараа үр дүнтэй. Нумын ордонд төрсөн эрх баригч ч бай, сөрөг хүчний хүн ч бай, ТҮЦ-ээ хураалгасан хувиараа хөдөлмөр эрхлэгч ч тэмцэлдээ ялна. Эргэн тойрныхонд чинь ойлгохын аргагүй санагдах ч таны энэ стандарт бус алхам ялалт болно оо. Харин оны 2 дугаар хагаст ердийн хэмнэлд шилжиж, урлаг соёлын мэдрэмж, бүтээмжиндээ анхаарахгүй бол үргэлж тэмцэнэ гэж юу байхав дээ. Тэгээд ч зун, намар, өвөл тэмцлийн улирал биш.

Хайр дурлал: Үзэн ядалт хайр, дурлал өш болж мэднэ

Гэнэтийн учрал, зүүдэнд ч оромгүй явдал дүүрэн. Оны эхний хагас ердийн бус хэмнэл дунд өнгөрөх бөгөөд энэ үед тохиосон гэнэтийн учрал хэвийн юм шиг л санагдана. Анхны харцаар асар хүчтэй дурлаж, нойр хоолноос гарч мэднэ. Ганц бие бол зүрх сэтгэлийн явдал амжилттай. Зүгээр шохоорхол ганц хоёр удаагийн учрал байсан ч амжилттай. Хосуудын хувьд уйдах завгүй сайхан өдрүүд үргэлжилнэ. Стандарт бус засгийн газар гэдэг шиг он болох тул хайр сэтгэл тань үзэн ядалт болох, үзэн ядалт чинь бүр дурлал болж хувирахад маш амархан. 6 дугаар сараас эхлэн зүрх сэтгэлийн булгиан чинь хэмнэл, тэнцвэрээ олно.

Матрын орд: Нэг жил хоёр өөр хандлага

Маш сайхан жил. Сэтгэл өег, амгалан тайван, идэвх нэмэгдсэн, ертөнцийг эерэг сайхнаар харна. Сэтгэлийн хөг, зорилгоо олж харсан явдал бүр илүү боломж, бүтээлч хандлагыг төрүүлнэ. Оны эхний хагаст аль ч зүйлд зарчмын өөрчлөлт хэрэггүй, чаддаг зүйлсээ, өөриймшүүлсэн ажлаа улам хөгжүүлээрэй гэж байна. Нэг их ажил мэргэжил, хийх зүйлс, үзэл санаагаа шинэчилж шийдье-1111 утас гээд байх юм бол бүтэлгүй юм болно. Хайр сэтгэл, аялал зугаалга, спорт, найз нөхөд гээд бүгдэд хамаатай. Харин 2 дугаар хагаст асуудал бүр эсрэгээрээ. Өөрийгөө эвдэх, өөрчлөх бүтээлч хандлага маш их нэмэгдэнэ. Ердийн, уламжлалт бус шинэ зүйлсийг шинээр харж, шинэчилж шийдэхэд Таны зориг шийдвэрлэх үүрэгтэй. Оны туршид ихэнх зорилго даалгавар биелнэ дээ. Харин 12 дугаар сарыг үндсэндээ амралтын өдрүүд болгоорой.

Хайр дурлал: Хайр дурлал давалгаа мэт нөмөрнө

Агуу их хайр, насанд үл мартагдах хүн хүлээж байна. Ялангуяа сүүлийн хагаст. Зүрхээ дэлбэрчих вий гэдгээс болгоомжил. Ухаанаа алдтал дурлаж мэдэх учир машин тэрэг барихдаа болгоомжтой бай. Замын цагдаа хүртэл хайрт чинь юм шиг санагдаад л, замд таарах уулс зүрх мэт үзэгдээд л, салхи хүртэл үгс шивнээд байх шиг болох юм байна. Нэг нь бүтэхгүй бол дараагийнх нь гэсэн ойлголт тун бага. Учир нь Таны зүрх аль хэдийнээ шархалсан. Харин хань ижилтэй матрынханд харилцаагаа улам бататгах, ахин дурлах мэт бие биенээ хайрлах сайхан он болно.

Хумхын орд: Тайван амгалан

Одод таны амьдралд томоохон өөрчлөлт амлахгүй байна. Тэгэхдээ муу гэсэн үг биш. Тайван амгалан, итгэлтэй, идэвхтэй жил. Үнэ тогворжуулах хөтөлбөр боломжийн хэрэгжих маягийн он болно гэсэн үг. Сэтгэл санаагаа тогтвортой байлгахад онцгой анхаарах ганцхан содон мөч оны эхний хагаст тохиолдоно гэж байна. Жижиг зүйлсэд хэт анхаараад, орчин тойрноо мартчихав даа л гэсэн үг. Нүүрс шуудайлж зарахад биш макро эдийн засгаа бодоорой гэж байна. Индүүгээ бүтнээр нь хар, ганц нэг толбыг нь оролдож байж тогонд цохиулчих вий л гэсэн анхааруулга. Хамгийн чухлыг нь онцлох, онилохоо оны сүүлийн хагаст ч мартаж болохгүй. Эхнэрийгээ бүхлээр нь хайрла, нүдийг нь ч юм уу, биеийнх нь зарим хэсгийг салгаж авч үзээд байв даа, хө. Аливаа зүйлсийг бүхлээр нь, чухлаар нь олж харвал амжилт дүүрэн байна.

Хайр дурлал: Хайрыг мэдэр

Өөрөөс чинь бүх зүйл хамаарна. Эхнэр, нөхөр, найзаас чинь биш өөрөөс чинь. Хүнтэй учрах, учралаа чулуу болгоё гэвэл өөрөө л өрсөж алхам хий. Нөгөө хүнээ хий хүлээгээд суучихвал бүтэхгүй гэж байна лээ шүү. Хайр дурлал гэдэг барьцгүй эд. Ухаантай үгсээс нэг харц, ганц инээд амьдрал хувь заяаг өөрчлөх шидтэй. Хайр гэрэлтсэн харц тань дээр тусч байхад мэдрэхгүй, өөр тийшээ андуураад байв аа. Хань ижил, амрагаа зөрүүд зан, анхаарга муутай байдлаараа гомдоох вий. Зүрхэнд туссан инээд өөрт чинь зориулагдаж байхад өөдөөс нь ажил хэрэгч царайлаад сууж болохгүй. Мэдрэмжээ ажиллуулаарай. Асар гүн гүнзгий, цаг зуурын бус инээд, харц, үйл хөдлөлийг харахгүй өнгөрүүлчихээд хожим нь амаа бариад ч нэмэргүй шүү дээ.

Загасны орд: Багийн тоглолт

Ойр тойрныхноо анхаарал халамж, итгэлээр Таны эрч хүч, найдвар бат бэх. Та бие даагч гишүүн биш, намын жагсаалтаар сонгогдсон нөхөр л гэсэн үг. Зохион байгуулах чадвар, зан харилцааныхаа давуу, хамтач нөхөрсөг шинжээрээ та ирж буй оныг амжилтын жил болгоно. Ганц цучил гал болдоггүй гэдэгтэй яг адил. Багийн тоглолт л гэсэн үг. Оны эхний хагаст хэтэрхий олон зүйлд анхаарал хандуулж, олон туулай хөөж байгаад нэг ч үгүй хоцрох эрсдэлээс сэргийлчихвэл олуулаа, бөөнөөрөө, хамтдаа байвал бөөн олз омог, амжилт ялалт. Оны сүүлийн хагаст аж ахуй, ашиг орлогоо нэмэхэд хүч боломжоо дайчилбал эдийн засгийн хүндрэл, долларын ханш мэт нэг их нөлөөлж чадахгүй. Бонд, Оюутолгойн төсөл энэ тэрээс үл хамааран Та өөрөө олж бүтээж чадна аа.

Хайр дурлал: Зүрх сэтгэл тоглоом биш

Ганц бие загаснууд бараг л 100 хувийн амжилттай, хайр сэтгэлээ олж авна. Харилцааны давуу чанар, өөртөө итгэлтэй байдал чинь эсрэг хүйстнийхээ зүрхэнд тааруулах алтан түлхүүр болж, кодыг нь тайлан онгойлгоно. Ихэнх цагаа хүмүүсийн дунд өнгөрүүлж, аялж зугаалж, дуулж бүжиглэж, ажиллаж бүтээх явцад амраг чинь Таны дэргэд өөрөө хүрч ирнэ. Амраг, ханьтай загаснууд усандаа умбан шумбах мэт таатай сайхан. Ганц бие загаснууд хүний зүрх сэтгэлийг хэт сонжих, тоглоом наадам хийх дуртай. Тэрийгээ жаахан татахгүй бол тоглоом чинь шоглоом болж мэднэ шүү.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu