2014 оны ордын хошин зурхай

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 27

Хонины орд: Мөрөөдөл биелнэ
Юу санасан есөн хүсэл биелэх жил. Олон жилийн мөрөөдөл биелнэ гэж одод нүд ирмэж байна. Сонгуулиар мөрөөдөл биелнэ гэж амалсан улс төрийн хүчний ажил бүтнэ гэсэн үг биш. Таны өөрийн итгэл, урам зориг бүхнийг шийднэ. Засагт биш өөртөө найд. Ялангуяа зуны дунд сараас эхлэх оны сүүлийн хагаст мөрөөдөл биелэх дохиог одод өгч байна. Загас усандаа жаргалтай гэдэг шиг оны сүүлийн хагаст Та анхаарлын төвд орно. Улс төрчдийн рейтинг өсч, бизнес эрхлэгчдийн хувьд бүр төлбөргүй мэдээгээр магтуулж байж ч мэднэ. Гялалзан гялтганаж, зүрх сэтгэлийг байлдан дагуулна. Шинэ оны эхээр ойр тойрныхонтойгоо хэл амаа ололцоход яршиг түвэг учирч мэдэх тул урьдчилан сэргийлж, заримдаа кардаан, тоормосоо татаж байгаарай. Энэ үед эхэлсэн хэрүүл зарга Увсын сонгуулийн маргаан шиг удаан үргэлжилж, Чойжоо, Хүрлээ нар болон Нямхүү мэт заргалдан заалдахад хүрч мэднэ шүү.
Хайр дурлал: Хаврын сард хайртыгаа бүү хардаарай
Хонины ордынхныг хайр дурлалын хувьд минажүүлсэн талбай хүлээж байна. Тэр нь дандаа ч муу сөрөг учрал тохиол биш жинхэнэ агуу их хайр ч зам дээр хүлээж байгаа гэж одод хэлэв. Урьдчилан таамаглахын аргагүй учрал тохиол их хүлээж байна гэсэн үг. Араар тавьж байгаа бол гардуулна, баригдана, ганц бие бол насны ханиа олох хэмжээний их том тэсрэлтүүд урд чинь байна. Хаврын саруудад хайрттайгаа болгоомжтой харилцахгүй бол салах сарнихдаа тулах эрсдэлтэй. Шалтгаан нь хардалт, ухаангүй гоморхол байх болно. Оны сүүлийн хагаст тэвчин хүрэхэд болохгүй бүтэхгүй зүйл, хоосон хардалт тээж явсанаа Та ойлгоно. Элдэв хар сэртэй зүүд зүүдэлж, түүндээ итгэн мээнэгтэхгүй бол оны сүүлчийн хагас тэр чигээрээ бал бурам.



Үхрийн орд: Уцаар, үглээ, яншаа зангаа татаарай
Хувиран өөрчлөгддөг, өглөө энд, орой тэнд байдаг зан чанарынхаа золиос нь Та өөрөө болох эрсдэл их буйг онцгой анхаарна уу. Нам сольсон улс төрчид, зангаа хувиргасан эхнэр, нөхөр, компани дамжсан менежерүүд сайн юманд хүрэхгүй. Уулын бугыг хараад унасан морио орхих гэж яарсаны хэрэггүй. Оны эхний хагаст том жижиг хувиран өөрчлөгдөх үйл явдал олон тохиолдоно. Хэд хэдэн асуудлыг нэгэн зэрэг шийдэж амжуулах гэж хүчээ тарамдуулан зүтгэвч оны эцэс хүртэл үргэлжилнэ, “Хоёр туулай хөөгөөд хоосон хоцорсон анчин” болчихов доо. Оны эхний хагаст уцаар зан авираа татаарай. Нэг л их үглэсэн дуулсан, уцаарлаж тээршаасан яншаа зангаараа ойр тойрныхноо залхаав, хөөе. Тэд чихээ дарж зугтахаар байдалд орно шүү. 
9 дүгээр сараас эхлээд өмнөх уцаар мартагдаж бүх зүйл сайн сайхан тал руугаа шилжинэ гэж одод мессеж ирүүлэв. Бусад цагт бүхнээ зориулаад бүтэхгүй байсан олон асуудал сайхан цэгцэрнэ, Та өөрөө өөрийгөө хяналтандаа авна.
Хайр дурлал: Дэнгийн гэрэлд харсан чинь
Ганц бие “үхэр” нэгэн зэрэг олон сайхан туулай хөөж, аль нэгийг нь өөрийн болгоно. Дэнгийн гэрэлд харагдсан дэндүү сайхан туулайнуудын аль нь жинхэнэ хайр сэтгэлийн эзэн, хэнийх нь зүрх сэтгэл жинхнээсээ гэрэл гэгээ цацруулж буйг таньж мэдэхэд түвэгтэй. Оригиналь, коопий хоёроо ялгахад мэдрэмж чухал. Жинхэнэ хайртай дотно хүнээ үглэн шүүмжилж байж сэтгэлийг нь танихгүй гомдоох вий. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш, үзэсгэлэнтэй бүхэн гүнж биш шүү. 2 дугаар хагаст хувийн асуудлаа шийдэж чадна аа. Гоонь, ганц биеэр амьдрагсад ижлээ олж, хосуудын зүрх сэтгэлд гал асан бадамлана.



Ихрийн орд: Аз, амжилт дүүрэн
Сайхан жил. Нийгэмд байр сууриа бэхжүүлж, рейтинг, нэр төр суга ахимой. Ашиг орлого өснө, танилтай хүн талын чинээ гэгчээр шинэ мундаг түнш нэмэгдэнэ, эсрэг хүйстний анхаарал тань дээр төвлөрнө. Тэнгэрийн умдаг атгасан энэ бүх амжилт оны эхний хагаст илүүтэй тохионо. Өөртөө итгэх итгэл бат бэх байж, гартаа тамга хөзөр дөрвөөр нь атгасан мэт болно. Ойр тойрныхондоо итгэгдэн хүндлэгдэнэ, таашаал талархлыг нь татна. Гэхдээ биеэ хэт тоогоод хэрэггүй. Оны эхний бал саруудын явцад хожим учрах эрсдэл, ялангуяа найз нөхөд, түншүүдийнхээ итгэл дэмжлэгийн чухлыг  огт мэдрэхгүй болтлоо хамраа бүү сөхөөрэй. Ихрүүд бие даах дуртай тул нэгдмэл нэг санаа бодолтой баг, хүрээлэгчид бүрдүүлэх асуудалд бөөн хүндрэл аажмаар хуримтлагдана. 2014 он Таны хувьд үнэхээр олон талын гайхамшигтай жил болох хэдий ч 9, 10 дугаар сард завсарлага авч амрахгүй бол ядарна шүү. 11 дүгээр сар гэхэд зай тэжээл нь бүрэн цэнэглэгдсэн компьютер шиг л эрч хүчээ эргэн олж авна. Монгол хүн бүр ихрийн ордонд төрсөн бол ирэх жил эдийн засаг ч бүр Сингапурыг гүйцэхээр байна шүү дээ.
Хайр дурлал: Дурлалын агууг мэдэрнэ
Эсрэг хүйстэнтэй харилцахад их хэмжээний аз амжилт дагуулна. 9 дүгээр сар хүртэлх хугацаа тэр чигээрээ хайр сэтгэлийн аз хийморьто өдрүүд байна. Холоос санаа алдан харж мөрөөдөж явсан хүн чинь Таных болж байж ч мэднэ. Дурлалын бал түрхүүлчихсэн юм шиг л бүтэн жилийг өнгөрүүлэх ихэрүүдэд үнэнхүү атаархаж байна шүү. Гэхдээ биеэ тоож, бусдын ар гэр үймүүлээд хэрэггүй биз дээ. Амьдралын амтыг мэдэрнэ л гэнэ. Таашаал талархал, тохь тухаар хүрээлүүлнэ л гэнэ. Аав ээждээ захиалж байгаад, хуваарь графикаар үр тогтож ихрийн ордонд ахиж төрмөөр санагдтал азтай золигнууд вэ, эд нар чинь. Ганц бие ихрийн ордын хүн хэд хэдэн романтик адал явдалтай учрах юм байна. Тэр чигээрээ л тэнгэрийн умдаг атгана...Энд дарж цааш уншина уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top