“Ионсей-Найрамдал” эмнэлгийн дурангийн хагалгааг зогсоосон байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 26

 "Ионсей-Найрамдал" эмнэлгийн мэс заслын болон дурангийн үзлэг, оношилгооны тусламж үйлчилгээг энэ сарын 23-ны өдрөөс эхлэн хаасан тухай Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв. Тус байгууллагаас эмнэлгийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. "Ионсей-Найрамдал" эмнэлэг нь шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлаа бүрэн арилгах хүртэл түр зогсоохоор шийдвэрлээд байсан. Энэ оны аравдугаар сард мэс заслын үйл ажиллагааг түр зогсоож, хугацаатай үүрэг өгсөн бөгөөд сая арванхоёрдугаар сарын 17-ны өдөр дахин шалгасан юм.

 “Ионсей-Найрамдал” эмнэлгийн удирдлагуудыг байлцуулан шалгахад албан шаардлагын хэрэгжилт  хангалтгүй, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ирэх оны нэгдүгээр улиралд гүйцэтгэхээр төлөвлөж, хугацаат үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх талаар дорвитой арга хэмжээ аваагүй байна.

Шалгалтаар, тус эмнэлэг нь дурангийн мэс заслын тусламж үйлчилгээний стандарт, удирдамж батлуулах, эмнэлзүйн туршилт явуулах зөвшөөрлийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон анагаах ухааны ёс зүйн хороонд хандаж аваагүй байжээ. Түүнчлэн  дурангийн багажийг угааж халдваргүйтгэх, ариутгахдаа тусдаа өрөө буюу ариун бүсэд угааж, ариутгадаггүй болох нь тогтоогджээ. Мөн эмнэлэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгээгүй, хангамж хүрэлцээгүй, орон тооны инженер, техникчгүй, мэс заслын тусламжийг үзүүлэхтэй холбогдуулан мэс засалд бэлтгэсэн байдал, мэс заслын явц, өвчтөнг эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмчийн, мэс засалчийн болон хүүхдийн эмчийн хяналтгүй орхисон зэрэг олон зөрчлүүд илэрсэн тул тус эмнэлгийн дурангийн хагалгаа, оношилгоог бүр мөсөн хаасан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХН(103.26.194.46) 2025 оны 03 сарын 13

ТЭГНЭЭ ӨМХИЙ СОЛОНГОСЧУУД ИЙМ Л ХОРТОЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА БАЛИАР ЮМНУУД БАГАЖНЫ БОХИРООР МОНГОЛ ТҮМЭНГ БАЛЛАХ НЬ ЭЭ

1  |  0
Top