Монголчуудын 70 гаруй хувь нь хеликобактерийн халдвартай

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 26

Хеликобактер гэж юу вэ

Хеликобактер буюу h-pylori нь бактерийн маш хортой нэгэн хэлбэр юм. Ходоодны шархлааны гол шалтгаан нь ходоодны хүчил ихсэх болон буруу хооллолт гэж үзсээр иржээ. Yүнд эргэлзээ төрүүлсэн ажиглалтыг Австралийн эрдэмтэн Барри Маршалл, Робин Уоррен нар хийж, 1983 онд H-pylori нь жоомтой төстэй, жижиг сахалтай, ходоодны асар хүчиллэг орчинд амьдрах чадвартай, хүний биед маш их хор хөнөөлтэй шимэгч гэдгийг тогтоожээ. Ажилдаа улайрсан Барри Маршалл хуруу шилэнд агуулагдсан хеликобактерыг ууж ходоодны хурц үрэвсэлтэй болсон байна. Тэрээр антибиотикоор эмчлэн эдгэрсэн боловч энэ нь эмчлэх оновчтой арга биш гэж үзжээ. Хүний ходоодонд шимэгчлэн амьдардаг хеликобактер пилориг /Helicobacter pilori/ анх нээсэн дээрх эрдэмтэдийг Нобелийн шагналаар шагнасан юм.

Хеликобактерийн хор уршиг

Хеликобактер мушгиа хэлбэрийн сахлаараа ходоодны салст бүрхүүлийг өрөмдөн, ходоодны доторхи ханыг хамгаалагч салслаг бүрхүүл үүсгэдэг эсийг гэмтээдэг. Ингэснээр ходоодны ханыг ходоодны хүчлээс хамгаалдаг салслаг бүрхүүл үгүй болж, ходоодны хүчил, бактерийн ялгаруулж буй шүүрлийн нөлөөгөөр ходоодны доторхи хананд үрэвсэл үүсч дараа нь шархалдаг ажээ. Иймд хеликобактер нь ходоодны улаалт, шарх, архаг үрэвсэл, ходоодны хавдарыг үүсгэдэг байна.

Хеликобактер хэрхэн халдварладаг вэ?

Хеликобактери буюу Н.pylori нь халдварлагдсан хүний шүлсэнд хадгалагдаж, халдварлагдсан хоол хүнсээр дамжин халддаг. Тэгэхээр ходоод 12 хуруу гэдэсний шарх нь халдвартай өвчин юм. Хэрэв гэр бүлд нэг л ходоодны шархлаатай хүн байгаа бол тэр гэр бүлийн бүх гишүүдийг эмчлэх шаардлагатай. Хөгжиж буй орнуудад 20 хүртэл настнуудын 75% хүртэл, 20-иос дээш настнуудын 90% хүртэл халдвар авсан байна гэж үздэг. Харин АНУ, Австрали, Япон гэх мэт хөгжингүй орнуудын хувьд гэвэл 1 удаагийн аяга, таваг, халбагыг өргөн  хэргэлдэгтэй холбоотой 40 дээш настнуудын 20%, 60-аас дээш настнуудын 50% нь халдварлагдсан байдаг байна. Гэвч халдвар авсан хүн болгон ходоодны шарханд өртөхгүй байж болно.

Хеликобактертай хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ

Хэвлийгээр цанхайна. Энэ нь ихэнхдээ хэдэн долоо хоногоор алга болж, эргэж мэдрэгдэнэ. Шөнө дундын үед, ходоод хоосон үед илүү мэдрэгдэнэ. Юм идэхэд арилна. Мөн ходоодны хүчил ялгаруулалтын эсрэг антацид эмүүд уухад арилна. Доорхи бусад шинжүүд илэрнэ.

Үүнд:   

- жин буурах

- хэвлий орчимд өвдөх

- цээж гашуун оргих

- цээж хорсох

- хоолны дуршил буурах

- дотор муухай оргих

- бөөлжих

- ходоод орчимд хүндрэх

- амнаас эвгүй үнэр үнэртэх.

Зарим хүнд дээрхи шинжүүд тод илрэхгүй, огт илрэхгүй ч байх ч тохиолдол бий. Хэрэв

-Ходоод орчмоор хүчтэй сүлбэж өвдөх

-Өтгөн бараан хар өнгөтэй,цусархаг зүйл үзэгдэх

-Кофений шаар мэт эсвэл цусархаг зүйлээр бөөлжих

зэрэг шинж тэмдэг илэрвэл нь ходоодны шархнаас цус алдах буюу ходоод цооролтын шинж байх өндөр магадлалтай байдаг тул эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Хеликобактерийг хэрхэн оншлох вэ

Хеликобактерийн "эсрэг биет" илрүүлэх цусны шинжилгээ өгнө. Гэхдээ саяхан халдварлагдсан, эсвэл эмчилгээ дөнгөж дууссан бол цусны шинжилгээгээр илрэхгүй байж болзошгүй. Мөн эндоскопийн шинжилгээ өгч болно. Үзүүртээ гэрэлтдэг нарийн урт хоолой бүхий камертай дуран залгиулж улаан хоолой 12 хуруу гэдэсний ханыг шалгана. Хэрэв шархтай бол эмч эндоскопийн тусламжтайгаар шархны зургийг авах ба шаардлагатай бол шархалсан хэсгээс маш бага хэсгийг хальслан микроскопт шинжлэхээр авдаг. Энэ процедурийг биопси буюу эсийн шинжилгээ гэнэ. Хэрэв шархнаас цус гарч байвал эмч эндоскопоо ашиглан цус тогтоох мэс ажилбарыг хийнэ. Хэрэв шарх байгаа нь тогтоогдвол эмч танд Н.pylori -ийг илрүүлэх тест хийнэ. Энэ шинжилгээ их чухал. Учир нь шарх юунаас болж үүссэнийг тогтоох ба энэ нь цаашид ямар эмчилгээ хийхийг чиглүүлэх ач холбогдолтой байдаг. Гэхдээ Н.pylori- ийг цусны, өтгөний шинжилгээнд олж тогтоосны дараа л шаардлагатай гэж үзвэл эндоскопийн энэ шинжилгээг хийнэ. Хэрвээ лабораторийн шинжилгээгээр хеликобактер илэрсэн бол эмчилгээгээ даруй эхэл, хойшлуулж болохгүй, эмчилгээ хийлгэхгүй бол хорт хавдар үүсч болох талтай.

Хеликобактер 100 хувь эмчлэгдэж чадах уу

20-иод жилийн өмнө эмч судлаачид ходоодны шархыг буруу хооллосноос, ходоодны хүчил их ялгарснаас, архи дарс хэрэглэснээс, стрессээс үүсдэг гэж үздэг байв. Эмчилгээнд нь сайн амарч, зөв хооллож, ходоодны хүчил бууруулагч антацидийг хэрэглэхийг зөвлөдөг байжээ.

1982 онд Н.pylori буюу хеликобактер хэмээх ходоодны шарх үүсгэгч бактер байгааг олж тогтоосон байна. Ингэснээр энэ өвчнийг эмчлэхэд антибиотик хэрэглэх болж антибиотик, ходоодны хүчил бууруулагч, ходоод хамгаалагч эмүүдийн хавсарсан эмчилгээ хийдэг байлаа. Мөн өтгөн кофе, халуун ногоо, махны өтгөн шөл, тамхи татах, яаруу сандруу хооллох, даршилсан ба давсалсан зүйлс, архи зэргээс татгалзахыг зөвлөдөг. Эмчилгээний үр дүн ихэнхи тохиолдолд сайн, бүрэн эдгэрдэг боловч антибиотик нь хеликобактерийг устгах явцдаа хүний бие организмд чухал үүрэг гүйцэтгэдэг ашигтай ферментууд, бичил биетнүүдийг давхар устгадаг тул дархлалын систем сулрах, хоол боловсруулалт муудах, мөөгөнцөрдөх зэрэг сөрөг нөлөө эмчилгээний дараа их гардаг байна. Иймээс эмчилгээ дууссаны хойно зарим ходоод хамгаалагч, хүчил бууруулагч эмүүдийг тодорхой хугацаанд хэрэглэх шаардлагатай болдог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top