Дэлхийн банк төсөв тэлэгчдэд анхааруулга өгөв

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 23

Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн байдлыг дүгнэж, өнөөгийн нөхцөл чухам юунаас үүссэнийг тодорхойлжээ. Тэр тайланд юу гэж бичсэнийг сийрүүлье.

Юуны өмнө Монгол Улсын эдийн засаг 2013 онд дахин хоёр оронтой тоонд байхаар байгаа боловч эрсдэлд өртөмтгий хэвээр байна гэжээ. Манай санхүү яг яагаад эмзэгшсэнийг толгой эдийн засагчид тайлбарлахдаа “Эмзэг болоогүй. Яагаа ч үгүй” гэдэг бол улстөрчид “Хоёр сайд” хэмээгч хохимой толгойтноос болсон гэж буруутгаж байгаа.

Тэгвэл Дэлхийн банкны шинжээчдийн үзсэнээр, энэ нь гадаад болон дотоод хүчин зүйлээс улбаатай. Тодорхойлбол, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт суларсан, уул уурхайн салбарт сэргэлт таамаглаж байснаас болсон аж.

Гэхдээ үнийн өсөлт, үндэсний валютын хүчин мөхөсдөлт гээд үүнд нөлөөлөх таагүй байдал бишгүй бий гэнэ. Инфляци нэг оронтой тоонд хадгалагдаж байгаа боловч сүүлийн саруудад инфляцийн дарамт өсч байна. Энэ оны эхэнд үндэсний хэмжээнд инфляцийн түвшин тогтвортой байсан боловч наймдугаар сард 9.4, есдүгээр сард 9.9, харин одоо 12 хувь болж өссөн. Хамгийн гол нь үнэ тогтворжуулах элдэв хөтөлбөрүүд байгаа онохгүй, эхнээсээ л хуудуутай байсныг дэлхийн толгой банкныхан шүүмжилж байна.

Үүнээс гадна төсвөөс гадуурхи зарлага нэмэгдэж байгаа нь санаа зовних асуудал хэвээрээ байгаа. Мөн “Чингис бонд”-ын орлогын томоохон хэсэг нь төсвөөс гадуурхи улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг, голчлон “Хөгжлийн банк”-аар дамжуулан хийж байна.

Хэдийгээр улсын хөгжилд нэмэртэй томоохон хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа ч үр ашиггүй элдэв зардал төсөв тэлэхээс цаашгүй гэдгийг бодлого боловсруулагчдад хатуу анхааруулжээ. Нөгөөдүүл нь анхаарсан эсэх нь бас сонин.

Ингээд эцэст нь Дэлхийн банкнаас дараах зөвлөмжүүдийг өгчээ.

-Төлбөрийн тэнцлийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед одоогийн суларсан эдийн засгийн бодлогууд нь тогтвортой бус бөгөөд макро эдийн засгийн цаашдын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө.

-Монгол Улсын эдийн засаг нь гадаад эдийн засгийн тааламжгүй нөхцөл байдалд өртөх байдал улам нэмэгдэж байх талтай.

-Өсөлтөд чиглэсэн эдийн засгийн бодлогуудыг эдийн засгийн тогтвортой байдалд чиглэсэн болгон өөрчлөх шаардлагатай байна.

-Төсвийн бодлогыг цаашид үргэлжлүүлэн чангалж, төсвийн орон зайг дахин бүрдүүлж эхлэх хэрэгтэй.

-Төсвийн бодлого “сайн зарцуулахад” чиглэгдэх ёстой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top