Энэ сарын 30-нд Асашёорюү, Хакүхо нар гар барилдаанаар өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 21

Японы "Фүжи" телевизээс шинэ жилээр "Агуу тамирчдын гар барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" нэвтрүүлэг хийх болсноо зарлажээ. Энэ сарын 30-нд 18 цагаас 23.24 цагт хүртэл гарах тус нэвтрүүлэгт Монголын хоёр их аварга Асашёорюү, Хакүхо нар оролцохоор болжээ. Ёкозүна Хакүхо эхний тойрогтоо "Дэлхийн хамгийн хүчтэй хүн" хэмээн алдаршсан Оросын байлдаан самбогийн Фёдор Емельяненкотой учраа таарсан бол Асашёорюү мэргэжлийн бөхийн аварга Такаяма Ёшихиротой тулалдана. Мөн тэднээс гадна нийт 16 орны спортын 20 төрлийн 32 тамирчин өрсөлдөх юм. "Фүжи" телевизээс маш алдартай дэлхийн хэмжээний нэгэн одыг урих болсноо зарласан ч нэрийг нь хэлэлгүй шинэ жилийн гэнэтийн бэлэг болгон үлдээхээр шийдсэн байна. Харин сүмо бөхийн хорхойтнуудаас энэхүү нэвтрүүлгийг ихэд эсэргүүцэж байгаа аж. Тэд "Фүжи" телевизэд хандан "Сүмог доош нь хийх гэж байна. Үндэсний бөхөө зодоончид, тулаачидтай үзэлцүүлмээргүй байна", "Зодог тайлсан ёкозүна бол яая гэхэв. Харин ид барилдаж байгаа аварга Хакүхог оролцуулахыг эсэргүүцэж байна" гэсэн захидал илгээгээд байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top