Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд, Сангийн Сайдын хамтарсан тушаалаар 10 хавсралт бүхий ойн тухай журам батлагдан гарлаа. Энэ журмаар ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийг шалгаж хүлээж авах, тэдгээрийг санхүүжүүлэх, иргэн өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр тарьж, ургуулсан таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх, ойн санд шилжүүлэх харилцааг зохицуулах юм.
“Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журам”-д орсон шинэлэг заалт нь таримал ойг улсын ойн санд шилжүүлэх, таримал ойг үнэлэх худалдан авах, иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойг өмчлүүлэх тухай юм. Энэ журам хэрэгжсэнээр иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тарьж, ургуулсан ой модыг төр худалдан авахаар болж байна.
Журамд заасан ойжуулалтын арга хэмжээ гэдэгт сор, шилмэл мод, үр бэлтгэх ой сонгох, плантаци байгуулах, мод сөөгний үр, боргоцой бэлтгэж боловсруулах, чанарын шинжилгээ хийх, тарьц, суулгац ургуулах, ойг нөхөн сэргээх, тарьж ургуулах, байгалийн сэргэн ургалтанд туслах, ойн зурвас, модлог ургамлын цэцэрлэг байгуулах, голын эх, эрэг дагуу мод тарьж төгөл байгуулах, баянбүрд бий болгох зэрэг ажил, үйлчилгээ хамаардаг.
Харин ойн аж ахуйн арга хэмжээний ажилд ойн тооллого, ой зохион байгуулалт, ойн болон дагалт нөөцийн ашиглалт, хамгаалалт, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод бэлтгэлийн талбай тусгаарлах, ойн хөнөөлт шавж, өвчин, ойн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэж, хамгаалах зэрэг ажил үйлчилгээ хамаарна.

Сэтгэгдэл ( 1 )
Enechin shal hudlaa eeljit show