Батлан хамгаалах яаманд насаараа шахам ажиллаж Зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хүчний командлагч болтлоо өсөн дэвжсэн Бригадын генерал Т.Дашдэлэг хил дамнасан зэвсгийн наймаанд гар бие оролцсон байж болзошгүй байна хэмээн шалгагдаж байгаа. Тодруулбал Генерал Т.Дашдэлэг нарт 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан юм.
Бригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох хэргийг АТГ-т шалгаж байгаад ТЕГ-т шилжүүлээд байсан юм. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч өнөөдөр шүүх хурал нь Сүхбаатар дүүргийн шүүхт эхэлсэн ч хойшиллоо. Шүүх хуралдаан нь ар гэрийнхэн болон хэвлэлийнхэнг оруулаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар нэгдүгээр сарын 6 хүртэл хойшлуулжээ.
Хуралд шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, М.Алдар, өмгөөлөгчөөр Н.Хатанбаатар, Д.Халзан, Н.Энхзаяа, улсын яллагчаар Б.Эрхэмбаяр оролцсон байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 264.2 буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.

Сэтгэгдэл ( 0 )