Компьютеийн ганц товчлуур лавлана, бүртгэнэ.
Хэд хэдэн банкийг дампууруулахад оруулсан “хувь нэмэр”-ээрээ Олон овоот гэдэг орд олны танил болжээ. “Анод”-ыг дампууруулахад анх нэр нь гарсан. “Зоос” банкны барьцаанд Олон овоот байж л байсан. Хамгийн сүүлд гэхэд “Хадгаламж” банк доголдоход Олон овоотын лицензээр барьцаалсан зээл гол алдаа болсныг хувьцаа эзэмшигч нь өөрөө зарласан. Энэ ордын лицензийг хоёр банкинд зэрэг барьцаалж зээл авсан тохиолдол бий. Лицензээ барьцаалаад зээл автал ордын баялаг нь авсан зээлийнхээ талд ч хүрэхээхргүй үнэлгээтэй техник эдийн засгийн үндэслэл гарсан тухай лиценз эзэмшигчийнх нь яриа ч байдаг.
Яг үүнтэй төстэй, бүртгэл дагасан будилаанаас үүдэлтэй жижиг жишээнүүд эд хөрөнгийн бүртгэл дээр саяхныг хүртэл Монголд өдөр бүр гардаг байв. Эхлээд “бүртгэл дагасан будилаан”, “саяхныг хүртэл” гэдгийг тодотгоё.
Бүртгэл дагасан будилаан. Иргэд, аж ахуй нэгжүүд үл хөдлөх хөрөнгөө төрд бүртгүүлдэг. Мэдээж цаасаар баталгаажуулсан бүртгэл учраас түүнийгээ хаях, үрэгдүүлэх тохиолдол гарна. Бусдын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хулгайлж аваад эзнийх нь өмнөөс барьцаанд тавих, нэг үл хөдлөх хөрөнгийг хэд хэдэн банкинд зэрэг барьцаалж зээл авах, гэрчилгээгээ хаячихлаа гэж худлаа хэлээд давхар авах зэрэг санаатай хэргүүд ч олноор гардаг. Авсан зээл нь барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөс нь хэд дахин өндөр байх, үүнээс болж банкинд найдваргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн, бүр банк дампуурсан жишээ ч бий. Энэ бүгд бол цаасан бүртгэл дагасан будилаан, цаасан архивын сул тал юм.
Саяхныг хүртэл. . . Тийм ээ, саяхныг хүртэл байсан цаасан бүртгэл дагасан эдгээр будилааныг Монгол Улс бүрэн халж чадлаа. Өөрөөр хэлбэл, иргэдийн эд хөрөнгөийн бүртгэлийг цахимжуулах ажил ид хийгдэж байна. Иргэн Доржийн хашаа байшин хаана байрлалтай, техникийн ямар нөхцөлтэй, зах зээлийн ямар үнэлгээтэй, ямар нэгэн зээлийн барьцаанд байгаа эсэх гээд нэгдсэн мэдээлэл нь бүхлээрээ цахим боллоо. Хэрвээ хүсвэл анх хэзээ барьсан, иргэн Доржийн өмчлөлд иртлээ хэн хэний мэдэлд байсан гээд энэ хашаа байшингийн түүхчилсэн намтар нь хүртэл цахим бүртгэлд давхар байх юм.
Эд хөрөнгийн бүртгэлийг цахимжуулах энэ ажлыг Америкийн ард түмний санхүүжилтээр Монголын мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийнхөн хэрэгжүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан, үндэсний мэдээлэл технологийн ITZONE ХХК, туслан гүйцэтгэгч LMX болон Солонгосын SK C&C компанийнхан гүйцэтгэжээ.
Хэрвээ таны өмч төрд бүртгэлтэй бол түүнийгээ барьцаалж арилжааны банкнаас зээл авч болно. Түүгээрээ бизнес эрхэлж, хөрөнгө оруулалт хийнэ. Мөн машин тэрэг авах, сургалтын төлбөрөө төлөх зэргээр эргэлтийн хөрөнгө, эх үүсвэр болгож ч болно. Үүнийг үл хөдлөх хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа юм. Банкнаас зээл авахын тулд хамгийн түрүүнд үл хөдлөх хөрөнгөтэй, тэр нь бүртгэлтэй гэдгээ батлах хэрэгтэй. Ийм лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас очиж авна. Авсан лавлагаагаа үнэн болохыг нотариатаар баталгаажуулна, буцаж банкиндаа аваачиж өгнө, банк нь шалгах, хянах гээд бөөн явдал суудал, очер дугаар болж цаг хугацаа алддаг. Тэгвэл одоо цахим бүртгэл нэвтэрсэнээр таны цаг, мөнгийг хэмнэнэ. Орон зайнаас үл хамааран та өөрийн эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээгээ хаанаас ч цахимаар авах боломжтой боллоо. Хэрвээ эрхзүйн орчин нь бүрдвэл иргэд ч, эрх бүхий байгууллагууд ч ямар нэгэн явдал суудалгүйгээр компьютерийн ганц товч дараад л тухайн эд хөрөнгийн талаархи бүрэн мэдээллийг авах боломжтой болох юм. Одоогоор 5.4 сая доллар зарж бүсийн тулгуур найман аймаг, долоон дүүргийн иргэдийн эд хөрөнгийн цаасан архивыг цахим болгож, дэд бүтэц болон програм хангамжийг шинэчлэн бүртгэлийг цахим хэлбэрээр явуулах боломжийг бий болгоод байна.
Хүн хорвоод ирэхээсээ эхлээд буцах хүртлээ төрд данстай явдаг. Энэ бол хорвоогийн жам бөгөөд заавал биелүүлэх хууль. Төрсний гэрчилгээ авна, гэрлэлтээ бүртгүүлж батлуулна, дансаар дамжуулж нийгмийн даатгал төлнө. Тэгвэл үүнтэй нэгэн адилаар чиний өмч юу юм, тэрхүү өмч нь ямар үнэтэй болох зэргийг бүртгэдэг, бүртгэлээр баталгаажуулж үнэд хүргэдэг нь ардчилсан нийгмийн соёл бөгөөд энэ нийгэмд амьдардаг хэнд ч заавал байх заяагдмал эрх юм. Монголчууд бид энэ соёлд 1990 оноос эхлэн суралцаж явна. Хэнбугай ч эхлээд:
Цахим бүртгэл бол иргэний энэ үндсэн эрхийн төлөө хийж байгаа, ирээдүйгээ харсан, хөгжсөн бусад орны замаар араас нь явж байгаа заавал хийх ажил. Ач холбогдлын хувьд хамгийн наад зах нь гэхэд цахимаар бүртгэсэн эд хөрөнгө баталгаатай, үнэн зөв, хадгалалт хамгаалалт нь найдвартай гэдгийг төр хариуцахаар болж байна.
Сэтгэгдэл ( 0 )