Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш буюу энэ сарын 10-ны өдөр тангараа өргөнө. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны хөтөлбөр гурван хэсэгтэй байх юм байна.
Эхний хэсэг нь Төрийн далбааг залахад чиглэгдэх аж. Тодруулбал, ёслолын арга хэмжээ өглөө 10.08 цагаас Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим марш аялгуу тоглохоос эхэлнэ. Энэ үед УИХ-ын чуулганы танхим дахь Төрийн далбааг Чингис хааны хөшөөний зүүн талд байрлуулах юм байна. Мөн Их эзэн Чингис хааны алтан сургаалиас олон нийтэд сонордуулахаар төлөвлөжээ.
Энэ үеэр Цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолт болно. Төрийн далбаанаас гадна Есөн хөлт Их цагаан туг, Төрийн тамга, Үндсэн хуулийн эхийг хүндэтгэлтэйгээр Их эзэн Чингис хааны хөшөөний дэргэд залахаар төлөвлөжээ.
Хоёрдугаар хэсэг буюу УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан 11.25-12.00 цаг хүртэл үргэлжилнэ. УИХ-ын дарга гишүүдийн ирцийг мэдээлсний дараа хүндэтгэлийн хуралдаан эхэлнэ. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангаргаа өргөж, ард түмэндээ хандаж үг хэлэх юм байна. Үүний дараа Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн ёслол өндөрлөснийг УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдэж хүндэтгэлийн хуралдааныг хаах аж. Ингээд Есөн хөлт Их цагаан туг, Төрийн далбаа, Төрийн тамга, Үндсэн хуулийн уг эхийг Төрийн хүндэт харуул, Төрийн ордны хамгаалалтын албаны ажилтнуудын хамгаалалт дор буцаан залах юм байна.
Гуравдугаар хэсэг буюу Цэргийн жагсаалд Ерөнхийлөгч дээлээ сольж албан ёсны хувцастай гарч ирэх аж. Энэ үеэр Цэргийн жагсаал командлагч хошууч генерал Б.Баярмагнай Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өгснөөр цэргийн жагсаал эхлэх гэнэ.
Цэргийн жагсаалын дараа гадаадын зочин төлөөлөгчдийн тэргүүн нарыг Төрийн есөн хөлт Их цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзан дурсгалын зураг татуулахаар төлөвлөсөн байна. Мөн Тангараг өргөх ёслол, Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн тоглолт 15.00 цагаас эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )