2008 оны долоодугаар сарын 1-ний үймээн нь сонгуулийн үр дүнг үл зөвшөөрсөн иргэдийн бухимдлын тэсрэлт гэж харагдаж болох ч, эцсийн дүндээ таван хүний эрдэнэт амь насыг үгүй хийж, олон зуун хүний эрхэнд халдахад хүргэсэн улстөрийн тавилттай үйл ажиллагаа байсан байж болзошгүй гэх байр сууриуд ч бий. Ямартаа ч тэрхүү үйл явдлын дараа хаалттай хуралдсан УИХ-ын чуулган дээр хамтарсан Засгийн газар байгуулах анхны тохироо хийгдсэн гэж ажиглагчид хардаг. Харин улстөрийн хоёр хүчний нөхдүүд үүнийг үгүйсгэдэг юм. Гэсэн ч мөн оны аравдугаар сард нэг хөнжилд орсон хоёр нам дараагийн сонгууль болох жилийн нэгдүгээр сард салсан бөгөөд тэрнээс 2 ч жилийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Долоодугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотойгоор Монголын төр ард түмнээсээ уучлал хүсч байгааг мэдэгдсэн билээ. За харин эл хэрэгтэй холбоотойгоор албан ёсны хариуцлагыг үүрч байгаа хүмүүс нь цагдаагийн экс удирдлагууд гэдгийг уншигчид маань сайн мэднэ. Түүнчлэн шүүхээс ял сонссон хурандаа нар болоод тэдний ар гэрийнхэн, өмгөөлөгчид, хохирогчдын ар гэрийнхэн долоодугаар сарын 1-ний хэрэгт улстөрчид буруутай гэсэн үгсийг унагадаг. Сонирхолтой нь тухайн үед Хууль зүйн сайд байсан Ц.Мөнх-Оргил энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “-Бухимдах нь аргагүй шүү дээ. Жагсаал цуглааныг зохион байгуулж, эмх замбараагүй байдалд хүргэсэн, сүүлдээ өөрсдөө зогсоож дийлэхгүй болоод хаяад явсан нөхөд ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрсөн. Гэтэл албан үүргээ биелүүлж явсан цагдаагийн дарга нарыг шүүгээд байдаг. “Цагдаа буудсан нь тогтоогдлоо” гээд л шуугиад байгаа болохоос хэн гэдэг цагдаа хэнийг буудсан нь одоо болтол тогтоогдоогүй л байна. Ийм нөхцөлд “Ажлын хариуцлага алдсан” гэдэг үндэслэлээр цагдаагийн дарга нарт хариуцлага тооцно гэвэл хэлмэгдүүлэлт болно.” гэж байв. Тэгсэн ч тэдэнд хариуцлага тооцсон.
Ц.Мөнх-Оргил эрхмийн энд хэлсэн зүйлсээс анхаарал татах нэг зүйл нь жагсаал цуглааныг зохион байгуулж, эмх замбараагүй байдалд хүргэсэн, сүүлдээ өөрсдөө зогсоож дийлэхгүй болоод хаяад явсан нөхөд ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрсөн гэжээ. Тэгэхээр хаяад явсан нөхдүүд гэдэг нь АН болоод, Иргэний хөдөлгөөний нөхдүүд тийш чиглэсэн үгс гэдэг нь тодорхой л доо. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд улстөрийн хүчнүүдийн аль аль нь таван жилийн өмнөх үймээнтэй холбоотойгоор үүссэн уршиг хохиролын өмнө хариуцлага хүлээхгүй гэсэн асуудал дээр тохиролцсон байх магадлал өндөр байж болох.
Хүний эрхийн чиглэлийн байгууллагууд бол хүний эрх ихээр зөрчигдсөн гэдгийг баталгаажуулан дүгнэлтээ гаргасан байдаг гэдгийг тодотгох нь зөв болов уу. Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 2008 оны илтгэлийн “2008 оны долдугаар сарын 1-ний өдөр нийслэл Улаанбаатар хотод үүссэн олон нийтийн эмх замбараагүй байдал ба хүний эрх” гэсэн нэгдүгээр бүлгийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцүүлж, ажлын хэсгийн дүгнэлт гаргасан байдаг юм. Ажлын хэсгээс ямар дүгнэлт гаргаж байсанд анхаарал хандуулъя. Тодотгоход, Ажлын хэсгийг Х.Тэмүүжин ахалж, Ажлын хэсгийн гишүүдээр Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, З.Энхболд нар ажилласан бол Дэд гишүүдээр Ж.Дашдорж, Ч.Отгончулуун, С.Энхбаяр нар тус тус ажилласан байдаг. Харин одоо дүгнэлтийг хүргэе.
Гэхдээ дараах дүгнэлтээс харахад таван хүний амь насыг хохироосон асуудлыг тухайлан тусгаж оруулаагүй байдаг нь анхаарал татдаг. Энэ нь нэг талаас хүний амь сүйдсэн хэрэг дээр хариуцлагыг хааш нь чиглүүлэх вэ гэдэг дээр эрх баригчид нэгдсэн тохироонд хүрсэн байж болзошгүй байсныг ч илтгэж байж болох юм.
Нэг. Иргэдийг хомроголон баривчилсан, саатуулагдсан иргэдэд хүч хэрэглэж, иргэдийн нэр төр, халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэх тухайд.
Онц байдал тогтоосноос хойш иргэдийг хомроглон, нийтээр баривчилж, иргэдийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нийслэл Улаанбаатар хотод үүссэн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас нийт 700 гаруй хүн баривчлагдсанаас 60 орчим хувь нь суллагдсан байна. Цагдаагийн байгууллагаас явуулсан баривчлах ажиллагаа холбогдох хууль, журмыг зөрчиж хүний эрхэнд халдсан гэдгийг Хүний эрхийн Үндэсний Комисс албан ёсоор дүгнэсэн бөгөөд энэ байдал нь төрийн бус байгууллагуудаас ажлын хэсэгт ирүүлсэн тухайн үйл явдлын баримтжуулалтын тайлан, мөн иргэдийн гомдол, мэдээллээс тодорхой харагдаж байна. Энд ялангуяа цагдаагийн хэлтсүүд болон албадан саатуулах байранд нэгэнт баривчлагдан хуулийн байгууллагын хяналтанд орж ирсэн иргэдийг доромжилж, айлган сүрдүүлж, цохиж зодож байсан тухай нээлттэй сонсголд дуудагдсан гэрчүүд мэдээлсэн бөгөөд албан тушаалтнуудын тайлбар үүнийг үгүйсгээгүй болно.
Хоёр. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад иргэнийг зодож, айлган сүрдүүлж, хууран мэхлэх замаар нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх болон хууль зүйн туслалцаа авах, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрхийг нь зөрчсөн гэх тухайд.
Цагдаагийн байгууллага хүний эрхийг үл тоомсорлосон, хүч хэрэглэх, хууран мэхлэх замаар мэдүүлэг авдаг, нотлох баримт хууль бусаар бүрдүүлсэн, иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг боомилсон, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх эрхийг хязгаарласан, боогдуулсан, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрхийг ноцтой зөрчсөн тухай иргэдийн гомдол, өмгөөлөгчдийн мэдээлэл, хүний эрхийн байгууллагуудын тайлан ажлын хэсэгт цөөнгүй ирсэн бөгөөд эдгээр зөрчил нь зөвхөн 2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой бус цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай нь холбоотой байгааг 2009 оны Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд мөн адил дүгнэжээ.
Гурав. Прокурор, шүүх нэг талыг барьсан, хэргийн талаар урьдчилсан дүгнэлттэй, холбогдох хууль болон шүүгчийн ёс зүйн дүрмийг баримтлаагүй, дээрээс өгсөн заавар, чиглэлийн дагуу хэргүүдийг шийдвэрлэсэн иргэний шударга шүүхээр шүүлгэх болон халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэх тухайд.
Ажлын хэсгээс "7 дугаар сарын 1"-ний гэх хэргийг шийдвэрлэсэн үйл явц, шүүхийн шийдвэрийн байдлаас харахад шүүгчдийн хараат бус байдал алдагдаж, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрх хангагдсангүй гэж дүгнэхээр байна.
Энэ нь шүүхийн өмнөх шатанд буюу баривчлах ажиллагаа, эрүүгийн хэргийг байцаан шалгах ажиллагаанд иргэний үндсэн эрхийн зөрчил хавтгайрсан явдалд шүүгч анхаарал тавьж харгалзан үзэлгүй хатуу, чанга ял оноох нийтлэг зарчим баримтлан ажилласанаас харагдаж байна. Энэ тухай Нээлттэй сонсголд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдорж Комиссын бодит судалгаанд үндэслэсэн албан ёсны дүгнэлтийг сонсгохдоо: Шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн гэсэн шүүмжлэл хүний эрхийг хамгаалах байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдээс их хэмжээгээр гарсан. Энэ асуудал ямар байгааг бид баримтад тулгуурлаж статистик судалгаа хийж, дүгнэж үзсэн. Бид сүүлийн 2 жилийн дунджаар авч үзвэл жилдээ найман мянга гаруй хүн шүүхээр ял шийтгүүлсэн. Тэдний 49-50.6 хувьд нь хорих ял оноодог. Улсын дундаж болон энэ хэрэгт ял шийтгүүлсэн байдлыг харьцуулж үзсэн. Дээрх хэргийг шийдвэрлэсэн 244 хүнд холбогдох 45 шийтгэх тогтоол байна. Нийт ял шийтгүүлсэн 244 хүний 86.6 хувьд нь хорих ял, 8.9 хувьд нь баривчлах ял, 0.8 хувьд нь торгох ял, 8 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ үзүүлэлт нь хорих болон баривчлах ялын эзлэх хувь нь 95, 96 хувьд хүрч байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ тоо улсын дундаж статистикаас бараг 2 дахин өндөр буюу нийт шийтгүүлсэн хүний 96 хувьд нь хорих ял оноосон явдал нь Шүүхээс "7 дугаар сарын 1-ний хэрэг"-т холбогдсон хүмүүст нилээн хатуу ял оноох зарчим баримталсан гэж дүгнэхээс аргагүйд хүрч байна гэсэн юм.
Энд цохон тэмдэглэхэд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Солонгын "7 дугаар сарын 1-ний хэргийг шалгах ажиллагаанд хүний эрхийн зөрчил гараагүй" гэсэн хариуцлагагүй мэдэгдлийг Шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж түүнийг үндэслэн шүүгдэгчийн гомдлыг хэрэгсээгүй байдал гарсан байна.
Мөн тухайн үед прокурор болон шүүгчид өмгөөлөгчдийн тавьж байсан шүүгдэгчийн үйлдэл болон учирсан хохирол хоорондын шалтгаант холбоог тогтоогоогүй гэх үндэслэлийг авч хэлэлцээгүй мөртлөө одоо цагдаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл дээрээ прокурор Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны энэ зарчмыг гол болгон хэрэглэсэн байна. Энэ нь хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчихөд хүргэж байна. Тодруулбал, 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн үйл явдалд буруутгагдсан иргэдийн хувьд хийсэн үйлдэл нь бусдад ямар хохирол учруулсныг хүн тус бүрт нь тогтоолгүйгээр ял шийтгэсэн атлаа мөн өдөр бусдын амь насыг хохироосон гэх хэрэгт шалгагдсан Цагдаагийн албан хаагчийн хувьд галт зэвсэг хэрэглэсэн боловч буудсан сум нь хэний амь насыг хохироосон нь тогтоогдохгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх гурван бүлэг хүний эрхийн зөрчлийн гарсан шалтгаан, шалган шийдвэрлэхэд тулгарч буй бэрхшээлийг авч үзвэл:
Хууль сахиулах болон шүүх, прокурорын байгууллагад хүний эрхийн мэдлэг дутмаг, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах хандлага төлөвшөөгүй, байцаалтаас өөр арга хэрэгслээр нотлох арга барил эзэмшээгүй, хүний эрхийн зөрчлийн асуудалд дотоод болон гадаад хяналтын зохистой тогтолцоо бүрдээгүй. Цагдаагийн байгууллага мэдээллийн хувьд бүхэлдээ хаалттай, тайлагнах болон олон нийтийн хяналт, оролцоог хангах хэлбэр хөгжөөгүй.
Цагдаагийн байгууллага, түүний удирдлагад хэв журам сахиулах болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиг үүрэг бүхэлдээ багтдаг, эдгээр ялгаатай чиг үүргийг хэрэгжүүлэх боловсон хүчнийг нэг сургууль, тухайлбал Цагдаагийн Академид бэлддэг зэрэг нь тус байгууллага тогтолцоогоороо цагдаа гэдэг хуулиас гадуур ашиг сонирхолтой, түүнийгээ хамгаалах сонирхолын зөрчилтэй болоход хүргэсэн.
Байцаан шийтгэх үйл ажиллагаан дахь хүний эрхийн зөрчлийн хяналтыг яллах чиг үүрэгтэй прокурорд олгосон нь хүний эрх болон байцаан шийтгэх ажиллагааны зарчмуудыг үнэ цэнэгүй болгосон. Шүүх процессын маргааныг үндсэн маргаантай хамт байцаан шийтгэх ажиллагааны төгсгөлд шийдвэрлэдэг байдал нь шүүхийг уг зөрчил одоо нэгэнт засагдахаасаа өнгөрсөн гэж үл тоомсорлох практик хандлагатай болгосон.
Өмгөөллийн эрх зүйн орчин сул, хүний эрхийг хамгаалагчдын хамгаалал болон стратегийн өмгөөлөл, гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо бүрдээгүй.
Бүх шатны шүүхэд дээд шатны шүүхээс "шалган туслах" нэрийн дор захиргааны хяналт, удирдлагыг хэрэгжүүлдэг. Шүүн таслах үйл ажиллагаа болон шүүхийн захиргаа, шүүн таслах үйл ажиллагаа болон яллах чиг үүргийг гүйцэд салган зааглаж чадаагүй явдал шүүх нэг талыг барьсан, дээрээс үүрэг даалгавартай ажилладаг гэж үзэхэд хүргэсэн.
Хүний эрхийн Үндэсний Комисс хуулийн байгууллагад зөрчигдөж байгаа хүний эрхийн асуудлаар хяналт шалгалт явуулах бүрэн эрх хангагдаагүй, Улсын Их Хурлын хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаатай уялдаа байхгүй, хүний эрхийн хандлага, мэдлэг дутмаг удирдлагатай, комиссын томилгоонд хүний эрхийн чиглэлээр ажилласан гэх шалгуур гол биш байдаг.
Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэгт мөрдөн шалгах хэлбэр байдаггүй, баримт мэдээллийг нягтлах эрх мэдэл дутмаг байгаа нь хүний эрхийн хяналтыг хэлбэрийн төдий болгосон зэрэг бэрхшээлүүд байна.
Энэ бүгдээс гадна хүний эрхийн зөрчлүүдийн суурь шалтгаан нь Монгол Улсад Хууль зүйн бодлого тодорхойгүй болж, Засгийн газар энэ салбараа орхигдуулсан, хүний эрх, шүүхийн бие даасан байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, эрх зүйн шинэтгэл тэр дундаа хууль зүйн дэд бүтэц, түүний эрх зүйн орчны шинэтгэлийн асуудлууд, төсөв хөрөнгө нь эрхэлсэн сайдын "дотоод хэргийн" чиг үүрэгт нь дарагдаж анзаарагдахгүй болсонтой салшгүй холбоотой гэж дүгнэхээр байна.
2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдлаас сургамж авч, цаашид хуулийн байгууллагуудад хүний эрхийн зөрчлийн гаралтыг багасгах, арилгахад зайлшгүй шаардлагатай бүтцийн болон эрх зүйн өөрчлөлт хийхийг шаардаж, Засгийн газар хууль зүйн бодлогоо тодорхой болгож, хүний эрхийг хангах эрх зүйн шинэтгэлүүдийг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзэн дараах зөвлөмжүүдийг гаргаж байна.
ЗӨВЛӨМЖ
Нэг. Улсын Их Хуралд:
Шүүх, хуулийн байгууллагын шинэчлэлийг эрчимжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлд өөрчлөх,
Хүний эрхийн Үндэсний Комиссын зохион байгуулалтыг өөрчилж, "хүний эрх"-ийн хяналтын эрх мэдлийг нэмэгдүүлэх, хуулийн байгууллагын үйл ажиллагаан дахь хүний эрхийн зөрчлийг хянан шалгах ажиллагааг хуульчлан баталгаажуулах. Хүний эрхийг хамгаалах чиглэлийн төсвийг нэмэгдүүлэх;
Хүний эрхийн Үндэсний Комисс болон Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагааны уялдаа, харилцан хамаарлыг сайжруулж, Улсын Их Хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын дүгнэлтийг хэлэлцэх журмыг хуульчилж, энэ чиглэлийн томилгоонд Хүний эрхийн дэд хорооны оролцоог бий болгох, Хүний эрхийн дэд хорооны ажлын албыг бий болгох, чадавхижуулах;
Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хууль, УИХ-ын бусад шийдвэрт Хүний эрхийн асуудал хөндөгдөж байна гэж үзвэл тусгайлан Хүний эрхийн дэд хорооны дүгнэлт гаргуулдаг журмыг бий болгох;
Нээлттэй сонсгол, тэр дундаа мөрдөн шалгах чиг үүрэг бүхий сонсголын хэв маягийг Улсын Их Хурлын үйл ажиллагаа, түүний хянан шалгах чиг үүрэгт нэвтрүүлэх
Хоёр. Ерөнхийлөгчид:
Шүүх, прокурорын боловсон хүчний шинэтгэлийн бодлогод хүний эрхийн хандлагатай хандах;
Шүүгчийн томилгоонд хүний эрхийн хандлагыг шалгуур болгож, хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах журмыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх;
Шүүхийг хүний эрхийн баталгаа болох хувьд нь түүний хараат бус бие даасан байдлыг хангах чиглэлд Шүүхийн ерөнхий зөвлөлийг ажиллуулах бодлого баримтлах.
Гурав: Засгийн газарт:
Цагдаагийн байгууллагын өнөөгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж хэв журам сахиулах болон мөрдөн шалгах албыг салгах;
Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, түр саатуулах болон мөрдөн байцаах өрөө зэрэг хүний эрхийн зөрчил ихээр гарч буй хэсгүүдийг камержуулах, цагдаагийн камерын болон холбооны хэрэгслийн бичлэгийг хадгалах, хянах үйл ажиллагааг хуульчилж, хөндлөнгийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хүний эрхийн зөрчлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, нөлөөллийг сайжруулах;
Цагдаагийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоог мөрдөх, хэв журам сахиулахаар салган зохион байгуулж, хүний эрхийн агуулгыг нэмэгдүүлэх.
Галт зэвсэг хэрэглэх болон хэрэглэсний дараах харилцааг нарийвчлан хуульчилж, хариуцлагыг тодорхой болгох;
Эрүүгийн болон тагнуулын гүйцэтгэх албаны чиг үүргийг нарийн зааглаж мөрдөх албаны бүтэц зохион байгуулалт, хяналт, хариуцлагын тогтолцоог хуульчлах;
Прокурорын байгууллагаас хүний эрхийн болон гүйцэтгэх ажлын хяналт, процессын зарим чиг үүрэг, зөвшөөрлийг шүүхэд шилжүүлж, прокурорыг зөвхөн яллагчийн байр суурь, мөрдөх ажиллагааг удирдах эрх хэмжээтэйгээр шинэчлэн зохион байгуулах;
Шүүхэд мөрдөн байцаалтын хяналтын шүүгчийн бүтэц бий болгож, шүүгчдийн бие даасан байдалд халдаж буй дээд шатны шүүхийн захиргааны оролцоог шүүхийн бүх шатанд халах. Шүүх болон захиргааны үйл ажиллагааг салгах;
Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч захиргааны эрх мэдэл хэрэгжүүлдэг байдлыг халах, Шүүхийн ерөнхий зөвлөлийг өөрчлөн зохион байгуулах, шүүхийн захиргааны бүтцийг шүүгчдийн оролцооноос тусгаарлах;
Өмгөөлөгчдийн шүүн таслах үйл ажиллагаан дахь оролцоог нэмэгдүүлж, харилцагчийнхаа эрх ашгийг хамгаалах хууль зүйн баталгааг сайжруулах, хүний эрхийн хамгаалагчдын хамгаалалтын эрх зүйн орчинг бүрдүүлэх;
Өмгөөлөгчдийн холбоог Хуульчдын холбоо болгон өргөжүүлэн зохион байгуулах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн зохион байгуулалт, тэр дундаа стратегийн өмгөөллийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
Гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн орчинг бий болгох, хохирол барагдуулах сан байгуулах;
Цагдаа, цэргийн албан хаагч нарын албан үүргээ гүйцэтгэх үедээ алдаа гарган хариуцлага алдсан, хүний эрхэнд халдсан, бусдад учруулсан хохирлыг хэрхэн түргэн, шуурхай шийдвэрлэж барагдуулах асуудлын талаарх хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох;
Хуульчдын давтан сургалтын агуулга, арга зүйд хуульчдад хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах ур чадварыг бий болгох чиглэлийг нэмэгдүүлэх;
Хүний эрхийн асуудлыг хуульчдийн ажил, мэргэжлийн ур чадварыг үнэлэх шалгуурыг гол үзүүлэлт болгох.
Цагдаагийн байгууллагад:
Цагдаагийн бие бүрэлдэхүүний чадавхийг тэр дундаа цагдаагийн албан хаагчдын сэтгэл зүйн бэлтгэл болон ажлын ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд зориулсан сэтгэл зүйн заслын дэд бүтэц бий болгох;
Цагдаагийн байгууллагыг олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, тусгай хэрэгслээр хангах асуудлыг төсөвт суулган шийдвэрлүүлэх;
Цагдаагийн бие бүрэлдэхүүнд хүний эрхийн хандлага төлөвшүүлэх давтан сургалтын хэлбэрийг бий болгож, зардлыг тусгайлан төсөвт суулгах, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудтай энэ талаар хамтран ажиллах:
Цагдаагийн байгууллагад гадагш хандсан тайлагнах тогтолцоог бий болгож, иргэд, олон нийтийн итгэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэвшүүлэх.
Энэ удаагийн дүгнэлт, зөвлөмжид олон нийтийг хамарсан үймээн самууны үеэр эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд, байгууллагын хохирлын асуудал болон эрүүл мэндээрээ хохирсон цагдаагийн албан хаагч нарын зөрчигдсөн эрхийн асуудал хөндөгдөөгүй бөгөөд цаашид тухайн зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирлыг төрөөс барагдуулах талаар арга хэмжээ авах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзсэн болно гэжээ.
Харин төгсгөлд нь:
Эцэст нь тэмдэглэхэд Хүний эрхийн Үндэсний Комиссын 2008 оны илтгэлд дурдсанчлан "Төрийн хууль бус халдлагад өртөж, ойр дотны хүнийхээ амь насаар хохирч, хагацал үзсэн хохирогчдоос уучлалт гуйх нь Монгол Улсын Засгийн газрын үүрэг гэж үзэж байна хэмээн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2008 оны Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тэмдэглэсэн байдгийг онцолжээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн зүгээс уучлалт гуйсан. Харин Засгийн газрын зүгээс энэ асуудал дээр “У” үсэг ч унагаагүй юм.
Сэтгэгдэл ( 2 )
Tushaal xen ogox erxtei baisan erx medeltenguud shuu dee ternees jagsaj erxee edlesen irged buruugui. Ter ueiin tor barij baisan MAN ter dotoroo Xuulx zui dotood xergiin said Munkh-Orgil gol buruutan. Aluurchin Munkh-Orgiliig barivchilaachee. MAN songuulx budliantuulaagui bol jagsaal boloxgui baisan tuunees xoish automat mashinaar sanal xuraaxad budlian garaagui irged songoson xumuus garch ard tumen buximdaxgui baigaa biz de
hongio Temuujin odoo yug uurchilj bgaa yum be. ter tsagdaag odoo yaj chadawhjuulsan yum be. buudsan huniig heleech.