49 хувиас илүү хөрөнгө оруулахын тулд УИХ-аас зөвшөөрөл авна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хийлээ.

УИХ Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан билээ.

Уг хуулиар эрдэс баялаг, банк санхүү, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид оруулах гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум төгрөг, гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хэмжээ 49 хувиас дээш байх тохиолдолд УИХ-аас зөвшөөрөл авахаар заасан нь хөрөнгө оруулагч үүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалтыг саналаараа хийх хүсэл эрмэлзлийг багасгах хандлага төрүүлж байна. Учир нь УИХ-аар шийдвэрлэх тухайн хэлцэл нь салбараасаа шалтгаалаад хэт жижиг тухайлбал, уул уурхайн салбарт өрөмдлөг эсхүл тээвэрлэлт зэрэг асуудал байж болохоор байгаа бөгөөд тэр бүрт УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах нь ажлын ачаалал болон бизнесийн орчны хувьд тохиромжгүй байна гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Тиймээс Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 4.7 дугаар заалтыг өөрчлөн найруулж, 100 тэрбум төгрөгийн босгыг арилгах, УИХ-аар 49 хувиас дээш зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн холбогдох хэлцлийг шийдвэрлэж байхаар хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж хариулт авсан. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, одоо өөрчлөлт оруулах гээд байгаа хууль батлагдсанаас болоод Монгол Улсын нэр хүнд унан, гадны хөрөнгө оруулалт буурсан гэж зарим албан тушаалтан хэлж байсан гээд чухам хэчнээн аж ахуйн нэгжээс гадны хөрөнгө оруулагчид хөрөнгөө татав, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт зогссоныг тоо баримттайгаар хэлж өгөхийг Эдийн засгийн хөгжлийн сайдаас хүссэн.

Сайд Н.Батбаяр, Хууль батлагдаад эдийн засгийн орчин, гадаад нэр хүнд муудсан юм биш. Өөр өөр нөхцөл байдлууд нөлөөлсөн. Монгол Улс бие даасан бодлого явуулж буйд дургүйцэх нэгэн ч байгаа. Ер нь ийм хууль дэлхийн бүх улсад бий. Зарим улсууд ийм, ийм салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглоно гэсэн заалттай. Харин энэ хуульд тэгэж хориглоогүй. Гадаад зах зээлд хуулиа сурталчлан, таниулаагүй нь бидний алдаа. Чингис Бондыг сурталчилж байх үеэр энэ хуулийнхаа талаар танилцуулахад гаднын хөрөнгө оруулагчид ийм хууль бүх улсад л байдаг гэж ойлгон хүлээн авч байсан. Бид хуулиа сайн сурталчилахад анхаарах хэрэгтэй юм байна. Түүнээс биш хуулиас болоод тэдэн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт зогссон гэсэн тоо байхгүй гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга, гадны төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ-аар шийдвэрлэнэ гэж салган заасаныг дэмжихгүй байгаагаа илэрхийлэн энэ талаар тайлбар хүссэн.

Эдийн засгийн хөгжлийн сайдын хэлснээр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлэж гаднын төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ-аар шийдвэрлэхээр өөрчилж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун нар гаднын хөрөнгө оруулалтыг төрийн өмчийн оролцоотой, хувийн хэвшлийн гэж ялгахгүйгээр хуульд тусгах санал гаргасан боловч олонхийн дэмжлэг авсангүй. Мөн гаднын хөрөнгө оруулалтад тогтоосон 100 тэрбумын босгыг арилгах биш, 500 тэрбум болгон нэмэгдүүлэх санал гаргасан ч дэмжлэг авсангүй. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийхээр тогтлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top