Ж. Розвадовски: Дэлхийд тийм ч олон улс Татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэдэггүй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 17

Татварын удирдлага, татварын удирдлагын зөвлөх үйлчилгээний чиглэлээр, татвар төлөгчийн үйлчилгээ болон боловсролын талаар 25 жил ажилласан туршлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөх/сургагч багш Жеффри Розвадовски манай улсад сургалт явуулж байгаа аж. Тэрээр дэлхийн олон орноор явж татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээ, татварын боловсролын асуудлаар татварын байцаагч болон татвар төлөгчдөд харилцагчдад сургалт,семинар хийдэг. Өөрөөр хэлбэл Tax Payer service буюу татвар төлөгчдөд үйлчлэх, тэдэнтэй харилцах ур чадвар, арга техникийг сайжруулах чиглэлээр ажиллаж ирсэн зөвлөх, сургагч багш юм. Энэ удаад АНУ-ын ОУХА-ийн шугамаар манай улсын Татвар төлөгчдөд үйлчлэх газартай хамтран татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг сайжруулах сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтаа дараалсан, үе шаттайгаар явуулж байгаа ба манай орны нийт орон нутгийн нэгжүүдээс татварын байцаагчид ирж оролцож байгаа юм байна. Сургалт одоогоор үргэлжилж байгаа бөгөөд сургагч багш нарын ахисан түвшний сургалт явагдаж байгаа аж. Ингэж сургагч багш бэлдсэнээр, сурсан зүйлээ бусаддаа заах, мөн туршлага хуримтлуулах, мэдлэгээ хуваалцах боломж нээгдэж байгаа гэсэн үг юм. 

 Сургалтын үр дүнгийн тайлангаа  төслийнхөө удирдлагад тайлагнадаг, тэрхүү тайлан манай Татвар төлөгчдөд үйлчлэх газарт албан ёсоор ирдэг аж. Тэгэхээр Жеффри Розвадовски эрхмийн хувьд сургалтын үр дүнгийн талаар дүгнэж хэлэх нь эртдэх болов уу гэж байна. Гэхдээ тэрээр хэлэхдээ “Сургалтын явцад авсан судалгаанаас харвал  энэ сургалтаар танай улсын татварын байцаагчид богино хугацаанд татвар төлөгчтэй харилцах ур чадвар, арга техникийн талаар багагүй зүйлийг сурч мэдсэн, тэдгээрийгээ ажил дээр хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нь сургалтын бодит үр дүн юм. Тун удахгүй танай улсын татвар төлөгчдийн өдрүүд болох гэж байгаа гэж би сонссон. Энэ өдрийг дэлхийд тийм ч олон улс тэмдэглэдэггүй. Цөөн хэдэн улс орон тэмдэглэдэгийн нэг нь танай улс. Татвар төлөгчтэй харилцах харилцаа, татвар төлөгчийг хуулийнхаа хүрээнд, цаг хугацаандаа татвараа төлдөг болгох сэтгэхүй суулгах нь маш чухал гэж би хувьдаа боддог. Өөрөөр хэлбэл зөвхөн татвар төлж байгаа төлбөрийн хэмжээ биш, хугацаандаа төлж тайлагнаж хэвших сэтгэхүй маш чухал юм.” гэж байна.

Мөн тэрээр АНУ, Англи гэх мэт орнуудад татвар төлөгчийн өдөр гэж тэмдэглэдэгүй. Тэр бол тухайн улс орны хууль, хүмүүсийн аж байдал, соёл, ёс заншил гэх мэт олон зүйлсээс шалтгаалдаг. Ер нь аль ч улс оронд татварын байцаагчид өдөр бүрийг татвар төлөгчийн өдөр шиг сэтгэж ажиллах зүйтэй болов уу гэж би зөвлөгч багшийн үүднээс харж, дүгнэдэг юм. Миний заасан сургалт хичээлүүд Монголын татварын орчин, татварын байцаагчдын татвар төлөгчтэй харилцах арга техник, ур чадварт зохих хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Жеффри Розвадовски эрхмийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхэд тэрээр татварын байгууллагуудтай туслалцаа болон боловсролын хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх түүнчлэн төрөл бүрийн чиглэлээр сургалт явуулах асуудлаар хамтарч ажилладаг.

  Ж.Розвадовски нь дэлхий даяар 25 гаруй оронд (Төв болон зүүн Европ, хуучин ЗХУ, Өмнөд болон баруун өмнөд Ази, Африк, Төв Америк, Карибийн тэнгис ормын улсууд болон зүүн өмнөд Ази) шууд туслалцаагаа үзүүлээд байгаа бөгөөд хэрэгжүүлсэн төслүүд нь татвар төлөгчид үзүүлэх үйлчилгээг хөгжүүлэх, татвар төлөгчийн боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрүүд, стратеги боловсруулалт, байгууллагын бүтэц, үйл ажиллагааны гарын авлага боловсруулах, сургалт болон хүний нөөцтэй холбоотой асуудлуудыг хамрахын зэрэгцээ Татвар төлөгчид үзүүлэх үйлчилгээний үүргийн хүрээнд ажлын бүх түвшний чиглэлээр зөвлөмж бэлтгэх ажлууд багтжээ. Иордан, Армени, Молдова, Босни, Египт зэрэг улсуудад байгууллагын зохион байгуулалтын бүтцийг тодорхойлох, албан тушаалын болон ажил үүргийн тодорхойлолт боловсруулах, гарын авлага, горимууд боловсруулах, сургалт явуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн. Түүнчлэн Египт улсад татвар төлөгчийг бүртгэх болон баримт боловсруулах горимуудыг тусгайлан боловсруулж байсан. Афганистан улсад татварын шинэ төрлүүдийг хэрэгжүүлэх болон татварын удирдлага болон татвар төлөгчийн хоорондын харилцааны системийг хэрэгжүүлэх ажил гүйцэтгэжээ.

Ж. Розвадовски нь бие даан зөвлөх үйлчилгээ үзүүж эхлэхээс өмнө АНУ-ын Орлогын Дотоод Үйлчилгээний Балтиморийн Бүсэд Татвар Төлөгчид үзүүлэх Үйлчилгээний хэсэгт олон төрлийн ажил гүйцэтгэж байсан. Үүнд татварын хууль болон татварын удирдлагын шинэчлэлийн хугацаанд тухайн дүүрэг дэх 2 сая орчим татвар төлөгчид үйлчилгээ үзүүлдэг дуудлагын төвийг хариуцаж байсан. Түүний дараа АНУ-ын Орлогын Дотоод Үйлчилгээний Олон Улсын Зочидын Хөтөлбөрт зохицуулагч, АНУ-ын Орлогын Дотоод Үйлчилгээний Зүүн Европ/ЗХУ-ын хөтөлбөрт шилжилтийн эдийн засаг бүхий улсуудын татварын мэргэжилтнүүдэд зориулсан мэдээллийн болон сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажилд оролцож байсан бөгөөд АНУ-ын Төрийн Сангийн Техник Туслалцааны хөтөлбөрт Төв, Зүүн Европд үзүүлсэн туслалцааг 3 жил удирдан ажилласан. Пенсильванийн Их Сургууль төгссөн. Хэл Шинжлэл болон Зүүн Европ Судлалын Бакалавр зэрэгтэй  юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top