Монгол, Беларусийн худалдаа бараа эргэлтийг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 16

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд Мясникович М.В-ийн урилгаар тус улсад  айлчлал хийв.

 Ажлын айлчлалын үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайдын хөдөө аж ахуйн асуудал хариуцсан орлогч Русый М.В, Аж үйлдвэрийн сайд Катеринич Д.М, Хөдөө аж ахуй, хүнсний сайд Заяц Л.К-тай тус тус уулзалт хийж хоёр орны үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

 Уулзалтын үеэр Ерөнхий сайдын орлогч Русый М.В “Хоёр орны худалдаа болон бараа эргэлт 112,0 сая долларын түвшинд байгаа бөгөөд тус үзүүлэлтийг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой” гэдгээ онцолж, мөн Беларусь Улсын Их дээд сургуульд мал эмнэлэг, усжуулалт, газар тариалан болон хөдөө аж ахуйн бусад чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, давтан сургахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

 Аж үйлдвэрийн сайд Катеринич Д.М-тэй хийсэн уулзалтын үеэр Беларусь Улсад үйлдвэрлэсэн газар тариалангийн болон хүнд машин механизмын техник тоног төхөөрөмжийг Монгол Улсад угсрах “Беларусийн техник, технологийн Парк” бий болгох замаар “Борлуулалт, үйлчилгээ, сэлбэг” гэсэн гурвалсан үйлчилгээ нэвтрүүлэх шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх саналыг уламжлав. Энэхүү төсөлд “Минский автомобильный завод”, “Минский тракторный завод”, “Гомсельмаш” зэрэг үйлдвэрүүд оролцох сонирхлоо илэрхийлжээ.

 Хөдөө аж ахуй, хүнсний сайд Заяц Л.К-тай хийсэн уулзалтын үеэр эрчимжсэн мал аж ахуй, сүүний үйлдвэрлэлийн талаар санал солилцон, тус салбар дахь хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд санал нэгдсэн байна.

 Түүнчлэн, ҮХАА-н сайд Х.Баттулга “Минский автомобильный завод”, “Минский тракторный завод” зэрэг үйлдвэрүүдэд зочлон одоогийн үйлдвэрлэж буй орчин үеийн техник тоног төхөөрөмж, үйл ажиллагаатай танилцжээ.

 Дээрх айлчлал нь Бүгд Найрамдах Беларусь Улстай  явуулж байсан уламжлалт найрсаг хамтын ажиллагааг сэргээн шинэ түвшинд гарган хөгжүүлэхэд  чухал ач холбогдолтой айлчлал боллоо гэж үзэж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top