“Шивээ овоо”, “Багануур” ХК-ийн ажилчдын нийгмийн асуудал тулгамдаад байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 11

Төрийн өмчийн хорооны удирдлагууд “Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо”– ны удирдлагуудыг хүлээн авч уулзжээ. Уулзалтанд Төрийн өмчийн хорооны дарга болон хорооны эрчим хүчний салбарыг хариуцсан мэргэжилтнүүд мөн “Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны” дарга С.Ганболд, “ДЦС-2” ТӨХК, “ДЦС-3”ТӨХК,  “ДЦС-4” ТӨХК, “УБЦТС” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК, “УБДС” ТӨХК, “Шивээ овоо” ХК болон  “Багануур” ХК зэрэг байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд оролцсон байна.

Уулзалтын үеэр үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид ТУЗ, ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт, ажилчдын цалин хөлс, орон сууц, нийгмийн хамгааллыг сайжруулах, боловсон хүчний өрсөлдөх чадвар, техник технологийн шинэчлэлт хийх зэрэг асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд эдгээрээс “Шивээ овоо”, “Багануур” ХК-ын ажилчдын дундаж цалин, нийгмийн хангамжийн асуудал бодитой тулгамдсан асуудал болохыг онцолж байлаа. Учир нь эрчим хүч, геологи уул уурхайн салбарын чадварлаг ажилчдыг хувийн хэвшлийн компаниуд өндөр цалин, хангамжаар өөрсдөдөө элсүүлэх болсон нь улсын үйлдвэр, байгууллагуудын хүний нөөцийн дутагдалд орох шалтгаан болжээ.

Төрийн өмчийн хорооны удирдлагууд дээрх асуудлуудын хүрээнд санал бодлоо чөлөөтэй хуваалцаж үйлдвэрчний эвлэлийнхний сонирхсон асуултанд хариулсан байна. Уулзалтын төгсгөлд Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар, цаашдын үйл ажиллагаанд үйлдвэрчний эвлэл, ажилтан албан хаагчдын санал, санаачлага чухал оролцоотойг онцлоод цаашид хамтран ажиллахыг уриалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top