“Урт” нэртэй хууль улс төрчдийг талцуулаад зогссонгүй. Иргэдийг буу барин тэмцэхэд хүргэж, эцэст нь тэдгээр буу тавьсан хэсэг хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээх нь ээ. “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий тэргүүн Мөнхбаяр болон түүний нөхөд дээлээ нөмрөн шоронд орох болж байна. Гайтай "урт” нэртэй хуулиар гол нуурын эх, ай савд ашигт малтмал ухахыг хориглоогүй бол ийм явдал болохгүй байлаа. Гол ус, газар шороо, хүн малыг маань бүхэлд нь хордуулж байсан компаниудын лицензийг цуцалж нөхөн төлбөрийг олох ёстой байв. Хууль л бол хууль. Хуулийг хэрэгжүүлэх гэж л гаргадаг. Түүнээс биш хууль гэж ямар нэг муу шавар баримал, эсвэл алтадмал бурхан юмуу. Компаниудын эрх ашгийг хөндсөн ийм хууль гаргахаас аргагүй байлаа. Лиценз гэгч "эрх мэдэлтэй" цаасыг нь хураахаас аргагүй болсон байсан. Гэвч С.Батболдын Засгийн газар чадсангүй. Бүтэн жил гаруй хууль нь хэрэгжихгүй хөсөр хаягдаж гадаад дотоодын компаниуд гол усыг ширгээж, газар лусыг хилэгнүүллээ. Сүүлдээ тэдгээр компаниуд улс төрчдийн тархийг барьж, лоббигоо хийж эхлэв. Ерөнхий сайд С.Батболдтой хамт Бороогийн хөндийг орвонгоор нь эргүүлж, удалгүй Гацууртын орд руу ханцуй шамлан дайрсан канад эр Жон Кадокоффи “урт” нэртэй хуулийг компанидаа ашигтайгаар эргүүлж, засвар хийлгэхээр хөөцөлдөж байгаагаа нуугаагүй. Бүр цагаандаа гарчихсан “Би энэ хуулийн гайтай заалтыг хусуулж, олборлолтоо хэвийн явуулна” гэж телевизээр ярилаа. Түүний адил гадаадын олон компанийн эзэд “урт” нэртэй хуулийг дахиад өөрчилж, гол нууруудыг хиргээх нь зөв гэсэн ерөнхий утга санаатай заалт оруулахыг дэмжиж байна. Японы ахмад дипломатч Коянажи гэдэг өвгөн хүртэл ийм бодолтой яваа ажээ. Тэрээр Номундарь гэдэг залуухан Монгол бүсгүйтэй гэр бүл болж, манай уул уурхайн 100 гаруй лиценз эзэмшээд байна. Эдгээр лицензийнх нь нэлээд хэсэг “Урт” нэртэй хуультай харшилж байгаа. Энэ мэтээр тоочоод байвал урт дараалал үүснэ. Тэдгээр компаниудын эздийн гол яриад байгаа зүйл нь Монголын байгаль орчин гэхээсээ илүү хүмүүс ажилгүй болох нь гээд байна. Ажил олдолгүй яахав дээ. Харин атар онгоноороо байгаль, уул ус, ургаа мод, өвс нь халиурсан тал хөндий маань дахин бидэнд олдохгүй. Гэвч Жон, Кояанажи мэтийн том гарууд УИХ-ын гишүүдийг дэгээдэж аваад лоббигоо хийцгээж, бүр хуулийн төсөл хүртэл санаачлуулаад харайж явна. Тэдний яриагд байгааг Монголын томоохон дипломатчдын нэг, УИХ-ын гишүүн Я.Батсуурь мэтийн хэсэг улс төрчид дэмжээд байх юм. Я.Батсуурь “Урт” нэртэй хуулийг компаниудад ашигтайгаар засварлахаа хэвлэлээр хүчтэй ярьж, сурталчилж байна. Мань хүн сүүлдээ хадуурч, “урт” нэртэй хууль бол зөвхөн Монголын уулархаг бүс нутагт тааруулж хийгдсэн юм. Манай Дорнодговь мэтийн тал хээр, говийн бүсэд харшил байгаа учраас би засах гэж байна хэмээн мэлзжээ. Дэндүү гэнэн, бас тэнэг ч юм шиг. Тэнэг ч арай биш байлгүй дээ, сандарсан хүн хүүхдийн чих огтолчихдог шиг л юм болж байх шиг байна. Мань эрийг лоббинд автсан гэдгийг эрхбиш ард түмэн ойлгож байгаа. Нэгэнт алдаад гишгичихсэн юм бол эх орныхоо газар шороог ялгаж, зааглаж муу дээр муу, муухай дээр улцан болох хэрэг байсан уу даа.
С.Чимгээ. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )