Монголбанк дахиад зөвшөөрсөнгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 29

Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1410.65-1411 төгрөгийн ханшаар 47.3 сая ам доллар, 226.50-227.10 төгрөгийн ханшаар 107 сая юань тус тус худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй аж.

Харин гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 87 сая ам.долларын дүнтэй тэнцэх своп хэлцлийн санал ирүүлсэн бөгөөд Монголбанк своп хэлцлээр 75 сая ам.доллар банкуудад худалдсан байна.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top