Замын-Үүд боомт дээр түгжрэл үүсгэхгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сайншандаас Замын-Үүд суманд 3 дугаар сарын 13-ны орой ирж 19.00 цагт сумын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Хаврын их бүтээн байгуулалтад шаардлагатай бараа, түүхий эд материалыг Замыг-Үүд боомт дээр түгжрэл үүсгэж саатаахгүйн тулд хил, гааль дээр ямар зохицуулалтууд хийх шаардлагатайг газар дээр нь судлан тодруулж, шуурхай арга хэмжээ авах нь тус суманд ажиллах зорилгуудын нэг болохыг Засгийн газрын тэргүүн уулзалтын эхэнд тодотголоо.

4 дүгээр сарын 1-нээс тус боомт дээр ачаалал үүсч, өдөрт 8000 шахам хүн, 1500 шахам тээврийн хэрэгсэл хилээр дамжин өнгөрдөг ба оргил ачааллын үед ачаа 20 хүртэл хоногоор саатдаг байна. Хил гаалийн нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд авч хэрэгжүүлэхээр эхлүүлсэн хэд хэдэн ажил байгаагийн эхний гол ажил нь шинэ терминаль тавих. Өдгөө ачаа тээвэр, зорчигч тээвэр нэг терминалиар нэвтэрч байгаа нь ачаалал үүсгэх үндсэн шалтгаан болж байгаа. Гурван жилийн өмнө төсөл төлөвлөгөө нь гарч, хөрөнгө мөнгө нь бүрэн шийдэгдчихсэн байхад ажил ингэж удааширсан нь гүйцэтгэгчийн сэтгэлгүй хандлагатай холбоотой гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр шүүмжилсэн.

Ийнхүү төрөөс шийдэл хүлээсэн саад бэрхшээл байхгүй тул шинэ терминалийг энэ оны 6 дугаар сарын 1-ний дотор багтаан хүлээлгэн өгөхийг Ерөнхий сайд холбогдох яамд болон орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас дуулгав.

Цаашлаад ачаалал бууруулах хоёр дахь шийдэл бол цементийн тээвэрт зохицуулалт хийх. Замын-Үүд дээр оочер дараалал үүсгэн олон хоногоор саатдаг гол бараа нь цемент бөгөөд өнгөрсөн онд л гэхэд 800 мянган тонн цемент Замын-Үүд боомтоор орж иржээ. Өөрөөр хэлбэл, боомтоор нэвтэрч буй том оврын ачаа тээврийн автомашины 60 шахам хувь нь урд хөршөөс цемент зөөсөн автомашин байдаг аж. Авто тээврээр орж ирж буй нийт цементийн тал хувийг төмөр замын тээвэрлэлтэд шилжүүлэх замаар үүнийг зохицуулах боломжтой. Төмрийн хүдэр тээвэрлэн Хятадын хил рүү гарч байгаа дотоодын вагонд Эрээн хотоос цементээ ачин төмөр замаар Улаанбаатарт шууд хүргэдэг болчихвол Замын-Үүд дээрх бөглөрөл 50 хувь буурна гэж Эдийн засгийн хөгжлийн яамныхан тооцоолжээ. Үүнийг шийдвэрлэхэд онцын саад байхгүй, зөв зохицуулалт л хэрэгтэй байгаа ч Эдийн засгийн хөгжлийн сайд хэлж байв.

Олон улсын дүрмийн дагуу ингэж тээвэрлэлт хийх бүрэн боломжтой ба гагцхүү цементийн савлагааг шийдэх, мөн Улаанбаатарт хүлээлт үүсгэхгүйгээр буулгадаг байх зохицуулалт хэрэгтэй аж. Эдгээр асуудлыг мөн энэ оны 6 дугаар сарын 1-нд багтаан шийдвэрлэж, төмөр замаар цемент тээвэрлэж эхлүүлэхийг Ерөнхий сайд Монголын төмөр зам, Гаалийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагын удирдлагуудад даалгалаа.

Өмнөх жилүүдэд эхлэл нь тавигдсан эдгээр ажлаас гадна хил гаалийн үйл ажиллагааг шуурхай болгох өөр нэг томоохон зорилтыг Шинэчлэлийн Засгийн газар өмнөө тавьсан. Энэ бол Замын-Үүд боомтод олон улсын ложистикийн төв байгуулагдах ажил юм. Ийм төвтэй болсноор хил гаалийн нэвтрүүлэх чадвар нэмэгдэхээс гадна хяналт шалгалтын чанар сайжрах, боомтын ачаалал буурах зэрэг чухал үр дүнгүүд гарна. Нийт 400 га газарт зөвшөөрөл авсны 128 га-д үндсэн төвийг байгуулж, үлдсэн талбайд гаалийн баталгаат агуулах, хөлдөөгч, зоорь, хорио цээрийн лаборитори болон савлах, ачих, хүргэх бүх шатны ажиллагааг гүйцэтгэх дагалдах байгууламжууд байгуулна. Машинаас машинд, эсвэл вагонд шилжүүлэн ачихаас эхлүүлээд олон төрлийн бизнесийн үйлчилгээг төвлөрүүлэх ложистикийн төвийг 2015 онд ашиглалтад оруулахаар тооцоолж байгааг Ерөнхий сайд хэтэрхий урт хугацаа байна гээд наашлуулах талаар эргэн ярихаар боллоо. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top