Монголчууд бид ажил хийвэл дуустал давс хийвэл уустал хэмээн ярьдаг ч хийж буй бүтээн байгуулалт нь хэдхэн сарын настай байдаг нь нууц биш. Хамгийн наад захын жишээ нь нийслэлийн автозамууд. Жилийн жилд зам засварын ажил хийдэг боловч дараа жил нь дахиад л засах болдог улиг болсон ажил бий. Харин өнгөрсөн зун Япончууд Нарны гүүрийг ашиглалтанд оруулахдаа 100 жилийн баталгаа өгсөн нь монголчуудын хувьд “гайхалтай” явдал болсон. 100 жилийн баталгааг үүнээс өмнө хэн ч хаана ч өгөөгүй байсан болоод тэр биз. Эл баярт мэдээг дарж нэгэн асуудал ургасан нь 100 жилийн баталгаатай нарны гүүрийн ашиглалтын горимыг алдагдуулж насыг нь богиносгож байна гэх мэдээлэл юм. Тодруулбал халтиргаа гулгааг багасгах үүднээс давс цацаж байгаа нь нарны гүүрний насыг богиносгож байгаа аж. Уг гүүрийг цогцлоосон япончууд нээлтийн ажиллагааныхаа үеэр манайханд “Давс цацаж болохгүй” гэдгийг анхааруулсан боловч хэзээний хэнэггүй, монголчлох дуртай манайхан давсаа цацаж орхижээ.
Ж.Хулан

Сэтгэгдэл ( 0 )