50 оюутныг тэтгэж Энэтхэгт суралцуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 03

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулсан боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн дагуу Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсын иргэдэд олгох тэтгэлгийн тоо 2012-2013 оны хичээлийн жилд нэмэгдэн 50 хүртэл оюутныг Энэтхэгийн их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах боломжтой болжээ. Тиймээс Энэтхэгийн их, дээд сургуулийн бакалавр болон магистрын сургалтад тэтгэлэгтэй суралцуулах шалгаруулалт зарласан байна.
 
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд бакалаврын сургалтад хамрагдах шалгаруулалтад оролцох эрхтэй бөгөөд 2012 оны 1 дүгээр сарын 26-ны дотор өөрийн суралцаж буй сургуулийн уг асуудлыг хариуцсан ажилтанд бүртгүүлэх аж.

Мөн бакалавраас доошгүй зэрэгтэй (голч дүн нь 3.0-аас доошгүй) 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд магистрын сургалтад хамрагдах эрхтэй юм байна. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдээс англи хэл, мэргэжлийн шалгалт авах бөгөөд мэргэжлийн шалгалтыг "математик" эсвэл "хими"-ийн хичээлийн аль нэгээр өгөх ба шалгуулагч бүртгэлийн үед өөрөө сонгосон байх юм байна. Үүний дараа хоёр шалгалтын нийлбэр онооны дарааллаар жагсааж хамгийн өндөр оноо авсан элсэгчдийг ярилцлагад оруулах аж. Ярилцлагыг Элчин сайдын яамнаас 2012 оны 2 дугаар сарын 2 ба 3 дахь долоо хоногт өөрийн байранд зохион байгуулах ба ярилцлага англи хэл дээр явагдах гэнэ.  

Ж.Хулан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top