Нийслэлийн удирдлагууд автомашиныг улсын дугаараар нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахдаа бас зөвхөн нийтийн тээврийг таван шараас офицеруудын ордон хүртэл зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явуулах шийдвэрийг гаргахдаа иргэдээсээ асууж, санал бодлыг тусгасан гэдгээ онцолдог. Үр дүнд нь замын хөдөлгөөний ачааллыг 20 хүртлэх хувиар бууруулж чадсан гэдгээ хэлж байгаа юм. Түүнчлэн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хийгдэж байгаа цогц арга хэмжээг үргэжлүүлэх тухай санал асуулгыг олон нийтийн дунд явуулахад санал асуулгад оролцсон 100 мянган хүний 80 хувь нь дэмжсэнээр авто машиныг улсын дугаараар нь ялган замын хөдөлгөөнд оролцуулдаг журам үргэлжилж байгаа. Гэхдээ нийтийн тээврийн автобус, троллейбусыг нэгдүгээр эгнээгээр явуулж, тээврийн хэрэгслүүдийг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулж байгаа ч хальтиргаа гулгаа, томоохон тэмдэглэлт баяртай холбоотойгоор түгжрэл үүсч иргэдийг бухимдуулах байдал байсаар байна. Үүнээс гадна тээврийн хэрэгслийн механик өсөлт нэмэгдэж, өдөрт улсын хэмжээнд 150-300 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авч байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байгаа юм. Тиймээс буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг ням гаригийн 08-22 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг шинээр хийх талаар олон нийтээс санал асуулга явуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан санал асуулга явуулахаар болжээ.
Өнөөдөр 12.00 цагаас эхлэн Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөс мобикомын хэрэглэгчдийн дунд санамсаргүй сонгогдсон 100 мянган хүнд мессеж илгээх бөгөөд та хариу мессеж илгээн энэхүү судалгаанд оролцож саналаа илэрхийлэх боломжтой аж. Хэрвээ буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг Ням гаригт замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргавал дэмжих үү гэсэн асуулт танд хүрэх юм байна.
Мөн нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн 1200 утсаар болон, ub1200.mn цахим хуудас, нийслэлийн албан ёсны facebook /Нээлттэй Улаанбаатар/, твиттер / Нийслэл хот/-т нэгдэж саналаа илэрхийлж болох аж.
Тодотгоход, Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 49 хувь нь буруу хүрдтэй байна гэсэн судалгаа байдаг бөгөөд буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нь жолооч нарт болон замын хөдөлгөөнд оролцож байгаа бусад оролцогч нарт хүндрэл учруулдаг гэж замын цагдаагийн газраас мэдээлж байгаа юм. Баруун гарын дүрэмтэй манай улсын хувьд гүйцэж түрүүлэх, тойрон гарах үед үзэгдэх орчин ихээхэн хязгаарлагддаг ба энэ нь зам тээврийн осол гарах бас нэгэн шалтгаан болдог байна. Тиймээс цаашид буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг хилээр оруулахгүй байх талаар УИХ болон Засгийн газрын хүрээнд бодлогын чанартай хэд хэдэн баримт бичиг боловсруулаад байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
yu gesen v be? osol abaar xiij bgaa xvnee xaraldaa ixebchlen emegtei bas sogtuu bgaa bizdee ter ni dandaa buruu vrvvltei bish bgaa bizdee buruu vruultei mashin xorix ni buruu