Уучлал гуйна гэдэг нь хүмүүс хоорондын харилцааны хамгийн агуу зүйл, цаанаа нарийн учир утга агуулсан хүний сэтгэлийн илрэлийг үгээр дамжуулах хэлбэр билээ. Чин сэтгэлээсээ уучлалт гуйж чадаж байгаа араатан мэт хүн хүртэл өрөвч сэтгэлтэй байна гэсэн үг, хэдий муу бүхнийг хийж явсан ч эцэст нь ухаарсан бол уучлал хүний сэтгэлийг аварч байна гэсэн үг юм. Ингээд улиран одож буй 2012 онд тохиолдсон зарим нэгэн, онцлог уучлал гуйлтуудыг толилуулья.
Дэлхий дахинд:

- “Gangnam style” хит дуугаараа дэлхий дахинаа алдаршиж, тэрбум хол давсан үзүүлэлтээр Youtube-н рекордыг эвдсэн, Өмнөд Солонгосын рэппер дуучин PSY хэдэн жилийн өмнө америкчуудыг “ална, хядна” хэмээн дуулдаг байсандаа уучлалт гуйв.

-“Twilight” цуврал киногоор алдаршсан, 22 настай жүжигчин бүсгүй Кристен Стюарт, “Snowwhite”-ын найруулагч Руперт Сандерстай учир ургуулан, хэсэг хугацаанд “сахилгагүйтсэн” явдалдаа өөрийн дурлалт залуу Роберт Паттинсоноос уучлал гуйжээ.

- Ерөнхийлөгч Барак Обама Афганистанд алба хааж байсан зарим цэргүүд нь талибын амь үрэгдсэн дайчдын цогцос дээр шээх, янз бүрээр дооглож тохуурхах зэрэг бүдүүлэг авир гаргасны төлөө уучлал гуйлаа.
Монголд:

- УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх, эрхэм гишүүн Г.Баярсайхантай үл ойлголцон, түүнд гар хүрснийхээ дараа “Өнөөдрийн болсон үйл явдлын төлөө би ард түмнээсээ уучлал гуйж байна. Доромжлолыг тэвчсэнгүй.Тэвчээрт бас хязгаар бий” хэмээн твиттертээ бичжээ. Мөн дараа нь эрхэм гишүүн Г.Баярсайхан дээр очин эр хүний ёсоор уучлал гуйсан байна. Г.Баярсайхан гишүүн ч Монгол эр хүний жудаг гарган уучилжээ.

-Их аварга Д.Дагвадорж МҮОНТВ захирал М.Наранбаатартай хөдөө наадам дээр тааран, жаахан агсрах маягтай хэд хэд цохиж, сэгсэрснийхээ төлөө түүн рүү өөрийн биеэр очиж, “Ийм хэрэг гарсанд харамсалтай байна” хэмээн албан ёсоор уучлал гуйж, цагдаагийн байгууллагад гомдолгүй хэмээн мэдүүлэхийг хүсчээ.

-“МИАТ” ХК-ийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн “ОМ 136” онгоцны 15 зорчигчийг энэ сарын 16 нд ОХУ-ын Москва хотод орхиж ниссэн асуудлаар А.Гансүх сайд анх удаа албан ёсоор уучлал гуйж, дахин ийм асуудал гаргасан бүхэнтэй хариуцлага тооцохоор болсноо зарлажээ.

-МАН байгуулагдсанаасаа хойш гарч байсан элдэв хэлмэгдүүлэлт, алдаа завхралын төлөө 90 “настайдаа” ард түмнээсээ уучлалт гуйв.
Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 2 )
ene odoo yamar sonin zuragtai ym be
сонирхолтой л юм