Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 12 аймгийн 48 суманд өвөлжилт хүндэрч, дээрх нутгаар цасны зузаан 20-60 см, хунгарлаж шуурсан газраа 60-130 см зузаан нягтарч хатуурч цасан бүрхүүл тогтоод байгаа аж. Цаашид цас нэмж орж хүйтэрвэл 16 аймгийн 83 суманд малын бэлчээрлэлт хүндрэх төлөвтэй áàéíà.
Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын өгсөн үүрэг болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2012 оны 734 дүгээр тушаалаар томилогдсон өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллах Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-амараар ахлуулсан ажлын хэсэг 2012 оны 12 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын баталсан удирдамжийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын орон нутаг хариуцсан ахлах референт н.Зоригтбаатараар ахлуулсан ажлын хэсэг мөн дээрх газруудаар хамт явж ажиллав. Өвөрхангай аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, цасан шуургатай байна.
Бүрд сум
Ажлын хэсгийнхэн Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, мөн аймгийн Цаг уур, орчны шинжилгээний албаны дарга, АЗЗА зам арчилалтын компанийн захирал, Бүрд сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, хэсгийн төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэгтэй хамт тус сумын өвөлжилтийн байдал болон улс, орон нутгийн чанартай зам, давааны арчлалтыг шалгаж, зарим малчидтай уулзлаа.
Сумын нийт нутгаар энэ оны 11 дүгээр сараас эхлэн ойр ойрхон 60 орчим удаа цас орсноор сумын нийт нутгийн 90% нь цасан бүрхүүлтэй, цасны зузаан дунджаар 29 см, гуу жалгандаа 90-120 см-ийн зузаантай хунгарласан, зам даваа хаагдаж хөдөөгийн малчин, иргэдэд эмнэлгийн тусламж, төрийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирч түлш шатахууны хүрэлцээ муудсан байна.
Мөн малчдын мал бэлчээрлэх нөхцөл хомсдож, хөр цас ухаж малын хөл халцрах, өл хоол муудах зэрэг шалтгаанаас болж ямаа хээл хаях, хорогдол гарах магадлалтай байна. Одоогийн байдлаар Бүрд сумаас Булган аймгийн Рашаант, Дашинчилэн, Төв аймгийн Эрдэнэсант зэрэг сум руу 23 өрхийн 16645 толгой мал оторт явсан.
Одоо 35 айл өрхийн 30000 орчим толгой мал, мөн 370-аад айл өрхийн 170000 орчим толгой мал оторт явах боломжгүй байна.
Тус сумын ИТХ, ЗДТГ, Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн машинууд нь сүүлийн 3 жил дараалан цас зудтай байсны улмаас элэгдэл хорогдол ихээр гарч ИТХ-ын автомашин бүрэн зогсож, ЗДТГ, ЭМТ-ийн автомашинууд цас ихтэй хаагдсан зам даваагаар явах чадваргүй болоод байна. Хаагдсан зам даваануудыг замын шуурхай хэсгүүд цэвэрлэж байна.
Хархорин сум
2012 оны жилийн эцсээр 186338 толгой мал тоологдсон бөгөөд сумын хэмжээнд малчин, ард иргэд өөрсдийн хүчээр 4000 тн хадлан 312 тн гар тэжээл, 430 тн хужир шүү бэлтгэсэн байна.
Хархорин суманд 2012 оны 11 дүгээр сард 6 удаа их хэмжээний цас орж цасан шуурга шуурсны улмаас нийт нутгаар 27.8 мм буюу олон жилийн дунджаас 6-7 дахин их хэмжээтэй байсан бөгөөд сумын төвдөө 15-20 см, хээр тал газраа 25-30 см, ууландаа 40-50 см, гуу жалганд 60-90 см-ын зузаантай, хөрлөж хатуурсан хэсгийн зузаан 5-10 см, цасны нягт 0.25-0.3 г/см3 байна.
Мөн 11 дүгээр сарын сүүлчээс эхлэн хүйтний эрч чангарч цаг уурын станцын ажиглалтаар агаарын температур өдөртөө -29.8, шөнөдөө -31.8, хөрсөндөө –36 хэм хүртэл хүйтэрч байна. Хөдөөгийн багийн иргэдэд эмнэлгийн тусламж хүрэх боломжгүй 277 өрх, 792 хүн байгаагийн 0-5 насны хүүхэд 149, жирэмсэн эмэгтэй 6, өндөр настан 83, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 71 байна.
Архангай аймгийн Өгийнуур, Өлзийт, Булган аймгийн Рашаант, Могод, Дашинчинлэн, Гурванбулаг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан зэрэг сумдад нийт 90 малчин өрхийн 176 малчин 3793 бод, 17726 бог буюу нийт 21519 толгой мал оторлож байна.
Хужирт сум
Хужирт сумын нийт нутгаар цасан бүрхүүлтэй, тал газартаа 20-35 см, гуу жалгандаа 60-90 см-ийн зузаантай нягт нь 0,2-0,35 г/см3 хүрснээс хамаарч мал бэлчээрлэх боломжгүй болж, малын байнгын маллагаанд шилжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон байна. Тус суманд 1336 малчин өрхийн 144,9 мянган толгой мал өвөлжилж байна.
2609 тн байгалийн хадлан, 80 тн ногоон тэжээл, 150 тн гар тэжээл бэлтгэсэн байна. Сумын хэмжээнд цас их орсны улмаас Сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 130 дугаарт захирамжаар сумын орон тооны бус Онцгой комисс, 131 дүгээр захирамжаар зудны штаб, бүрэлдэхүүнийг томилсон бөгөөд байнгын жижүүрийг ажиллуулж байна. Штабын өрөөнд суурин утсыг байнга ажиллуулан иргэд, малчдаас тогтмол мэдээлэл хүлээн авч, мэдээлэл солилцож, зохих арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.
Сумын хэмжээнд хүрч очих боломжгүй 287 өрхийн 1084 хүмүүс байна. Эдгээр өрх айлуудад 18 жирэмсэн эх байгаагаас 10 нь 2 сард төрөх, 8 нь бусад èðýõ саруудад төрөх эхчүүд байгаа юм байна. Иймд эдгээр жирэмсэн эхчүүдийг яаралтай сумын төвд авчирч эмнэлгийн хяналтанд байлгах шаардлагатай байна.
Мөн сумын төвийн сургуулийн дотуур байранд амьдарч байгаа малчдын 400 гаруй хүүхдийг сурагчдын амралтын үеэр тус байранд нь байлгах, гэрт нь хариулахгүй байх арга хэмжээ авахаар шийдвэр гарчээ.
Бэлчээрийн даац, цас зудын багтаамжаас шалтгаалан хөрш зэргэлдээ Зүүнбаян-Улаан, Өлзийт, Баянгол суманд 13 суурин 29 өрхийн 11404, Булган аймгийн Дашинчилэн суманд 3 суурин 3 малчин өрхийн 1436, Төв аймгийн Заамар суманд 2 суурин 4 малчин өрхийн 950, Архангай аймгийн Хотонт суманд 2 суурийн 6 малчин өрхийн 2750, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1 суурийн 1255 толгой буюу нийт 20 суурийн 40 малчин өрхийн 16309 толгой мал отроор өвөлжиж байна.
Тухайн суманд нийт 265 суурины 528 малчин өрхөд 128.6 мянган мал өвөлжиж байна. Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан ядарч доройтсон 10000 гаруй нэг наст болон эх малыг нэмэгдэл тэжээлд оруулав. Малчдын өвөлжилтийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Хархорин сум дахь Улсын нөөцөөс 700 боодол буюу 17.5 тн өвсийг татан авчирч сумын төвийн бизнес эрхлэгчид 30 тн хивгийг өөрсдийн зардлаар Улаанбаатар хотоос тээвэрлэн авчирч малчдын тэжээлийн хэрэгцээг хангаж байна.
Цаашид шаардагдах өвс, тэжээлийн захиалгыг малчдаас авахад 84 тн өвс, 8 тн хорголжин, 5 тн няцалсан будаа, 10 тн хивгийг захиалсан бөгөөд эхний ээлжинд сумын мал хамгаалах сангийн 3.1 сая төгрөгөөр улсын нөөцийн газраас хивэг 7 тн, няцалсан будаа 4 тн, хорголжин тэжээл 4 тн, нийт 15 тн тэжээлийг малчдад тараах ажлыг зохион байгуулсан байна.
Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж буй Ажлын хэсгийнхэн Өвөрхангай аймгийн “Зудын гамшгийн эрсдлийг бууруулах, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө”-ний төлөвлөлт, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний тодотголийг шалгаж, заавар зөвлөмж өгөв.
Ажлын хэсгийнхэн өнөөдөр өглөөний /12 дугаар сарын 28/ 09.00 цагт аймгийн Онцгой комиссыг хуралдуулж холбогдох чиглэл, үүрэг, даалгаврыг өгөв.
Онцгой комиссын хурлаас аймагт байгаа Улсын нөөцийн салбар, цэгүүдэд байршиж буй өвс, тэжээлийн нөөцийн 50 хувь нь дууссан тул улсын нөөцийн өвс, тэжээлийг нэмж байршуулах, зудын хор уршгийг бууруулах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх санал, хүсэлтийг гаргалаа.
Сэтгэгдэл ( 0 )