Батаар зургуулаа болж ирнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

 

Батаарын ясыг АНУ-д дуудлага худалдаагаар худалдах гэж байна гэсэн мэдээлэл 5-р сарын 18-нд Ерөнхийлөгчид ирснээр Монголчууд соёлын өвөө алдах гэж байна гэсэн түгшүүрт мэдээг анх дуулсан.  Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч мэдээлэл илгээж  5-р сарын 20-нд болох байсан  дуудлага худалдааг хойшлуулсан юм.  Улмаар Ерөнхийлөгч өөрийнхөө нэрээр нэхэмжлэл гаргаж, Монгол улсад ажлын хэсэг байгуулагдсан түүхтэй.  Ингээд дуудлага худалдааг  хойшлуулах явцад уг үлэг гүрвэлийн араг яс нь АНУ-ын хилээр хууль бусаар орж ирсэн болох нь тогтоогдсон.  Үүнтэй холбоотойгоор шинжээчдийн баг ажиллаж байсан болохоор дуудлага худалдааг зогсоосон байна.  АНУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хүн нь Эрик Прокопи гэгч байсан юм.  Тэрбээр АНУ-ын шүүхэд батаарын араг ясыг хурааж авсан нь буруу, өөртөө эргүүлэн авна гэсэн агуулга бүхий өргөдөл өгснийг  шүүх хүчингүй болгосон юм.  Харин Монгол улсаас өгсөн өргөдлийн дагуу  энэ хэргийг АНУ-ын Нью-Йорк хотын шүүх шүүж, Эрик Прокопид 17  жилийн хорих ял оноох нь тодорхой болоод байгаа юм. Гэхдээ шүүгч Эрик Прокопид ял өгөхийг чухалчлалгүй  4 сар 25 хоногийн хугацаа өгсөн байна. Энэ хугацаанд хэрхэн уг араг ясыг АНУ-д ирүүлсэн, энэхүү хууль бус наймааныхаа сүлжээ болон бусад мэдээллээ өгөхийг хүссэн байна.  Хэрвээ мэдээлэл өгвөл түүний хорих ялыг хөнгөлнө гэсэн болзол тавьсан аж.  Энэ болзлыг  Эрик Прокопи хүлээн зөвшөөрч хэргээ хүлээн, нэг биш нилээдгүй олдвор Монголоос гаргасан гэдгээ хэлжээ.  Тэгэхээр батаарыг эргүүлэн авч ирүүлэхэд Эрик Прокопийн гаргасан гурван төрлийн зургаан үлэг гүрвэлийн  араг яс болон бусад олдворын хамт ирэх ажээ.  Тодруулбал 2 Овиравтор, 2 Завролаг, 2 Батаарын араг яс болон бусад ховор олдворыг Эрик Прокопи манай улсаас гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Ерөнхийлөгч, ЕТГ, Засгийн газрын гишүүд хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхийлөгч таван дүгнэлт хийснээ онцлов. Тодруулбал:

  1. Монгол улс маш шуурхай ажиллаж нэхэмжлэл гаргасан нь дэлхийд Монголын нэрийг гаргасан.  Тэд соёлынхоо өвийг хадгалж чаддаг гэсэн эерэг мэдээлэл гарсан байна. 
  2. Монголчууд нэгдэж ажилласан тохиолдолд амжилтанд хүрдэгийн нэг үзүүлэлт энэ юм.
  3. Монголын хууль хяналтын байгууллага хэрхэн ажилладгийг дэлхийд харуулсан.
  4. АНУ-ын шүүх болон эрдэмтдэд баярлалаа.
  5. Батаар олуулаа ирнэ.  Өөрөөр хэлбэл Монголоос гарсан зургаан олдвор болон бусад олдворын хамт ирнэ хэмээв.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top