Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн өргөтгөлийн барилгыг албан тасалгааны журмаар ашиглах шийдвэрийг Хууль зүйн сайд гаргасан билээ. Тэгвэл энэхүү шийдвэрийг ажил хэрэг болгохоор ирсэн ажлын хэсэг, эмнэлгийн ажилчид ойлголцолд хүрч чадахгүй багагүй маргалаа. Өөрөөр хэлбэл Эмнэлгийн зүгээс Засгийн газрын тогтоол шийдвэр нь өөрөө хууль бус хэмээн Захиргааны хэргийн шүүх, Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаад байгаа юм. Харин шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад эмнэлгийн барилгын захиалагчийг өөрчлөх нь буруу хэмээн эмнэлгийн эмч ажилтнууд үзсэн байна.
Харин барилгын захиалагчийг өөрчлөх ажлыг гүйцэтгэх ажлын хэсгийг ахалж байгаа гэж өөрийгөө танилцуулсан Хууль зүйн яамны санхүү хариуцсан н.Дамбийням гэгч нь үл ойлголцолд хүрсэн байдлаа Хууль зүйн яамны эрх мэдэлтнүүдэд барьцаалагдлаа хэмээн мэдүүлсэн юм. Үүгээр ч зогсохгүй худал мэдээлэл хэлж эмнэлгийн ажилчид болон хэвтэн эмчлүүлэгчдийн эгдүүцлийг хүргэсэн байна. Харин худлааг нь хэлсэн ажилчдын өөдөөс үг сөрж, маргаан үүсгэв. Улмаар өөрийгөө зөвтгөх гэж хичээсэн ч тусыг эс олсон.
Хуулиа мэдэхгүй, цэргийн анги нэгтгэлээ ч мэдэхгүй өөрийгөө эвгүй байдалд оруулсан н.Дамбийням гэгч нь анх эмнэлгийн барилгыг баригдаж байхад алга ташин баярлаж байсан нэгэн. Гэтэл өнөөдөр барилгыг өөр зориулалтаар ашиглах ажлын хэсгийг ахалж ирж байгаад хэвтэн эмчлүүлэгчид эсэргүүцэж байв.
Н.Дамбийнямын хувьд эмнэлэгийн барилгын захиалагчийг өөрчлөх ажлыг өнөөдөр гүйцэтгэхийг оролдохдоо нэгэн ноцтой зөрчил гаргахыг завдсан юм. Тодруулбал нэгэнт эмнэлэгийн барилгын гүйцэтгэгчийг солих гэж байгаа бол аудит оруулсны дараагаар талууд хүлээлгэн өгч, авалцах ёстой. Харин үүнийг одоо гээд яахав. Барилгын ажлын захиалагчийг сольсны дараагаар аудит хийлгэхэд асуудалгүй хэмээн хэлсэн байна. Энэ нь эргээд олон сөрөг нөлөөтэй бөгөөд тэрбээр үүнийг ухамсарлаагүй бололтой.
Эмч эмнэлэгийн ажилчид болон ажлын хэсгийн үл ойлголцол удаан үргэлжилсний эцэст Х.Тэмүүжин сайдад нөхцөл байдлын талаар эргэн мэдээллэх болов. Өөрөөр хэлбэл Хууль зүйн сайдыг гаргасан шийдвэрээ эргэн харах хэрэгтэйг ажлын хэсэг сануулахаар болсон юм байна.
Харин тэднийг явсны дараагаар эмнэлэгийн ажилчид: “Х.Тэмүүжин сайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал ярилцлага өгч олон нийтийг төөрөгдүүлж байгаа. Худлаа хэлсэн гэх баримт болон түүнийг нь худлаа гэх баримт ч мөн байна” хэмээгээд нотлов.
Хууль зүйн сайдаа нэрээ баастахаасаа өмнө энэ шийдвэрээ эргэн харахгүй юм уу? Засгийн газар чинь эргээд УИХ-даа захиргдана. Тэгэхээр УИХ-аар асуудал бүх нийтийн талд л гарна гэсэн үг гэдгийг бодон үзэх хэрэгтэйг анхаарна бизээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )