Олныг гайхшруулсан Сугар гариг

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

Гариг ертөнц нэг л өөрчлөгдөөд байгаа юм шиг. Өвгөд хөгшдийн яриа болон урьдчилан зөгнөөчдийн хэлсэн нь нийцээд байна уу даа гэсэн бодол өөрийн эрхгүй санаанд буух юм. Гэхдээ энэ бол миний санал авахгүй дэмий санаа.

Өчигдөр ажил дээрээ сууж байтал хэсэгхэн хормын дотор хэдэн хүнээс мессэж, электрон шуудан ирсэн гэж бодноо. Лав л тоогоо алдсан. Таньдаг мэддэг хүн бүхэн нар хараарай хэмээн утас цохиж байсан.

Үнэхээр тийм юм болов уу гээд гараад саравчилтал яах аргагүй нарны орчимд сар болон жижиг галт бөмбөлөг адил оч гялалзаж харагдсан. Төд удалгүй астрологийн хүрээлэнгийн мэргэжилтнээс тодруулан лавлахад тийм зүйл байхгүй. Нар, сар, од хэзээ ч тэгж харагдахгүй тэр бол боломжгүй зүйл хэмээх юм. Ямар сайндаа гайхаад өнөөх “Энэ хүүхнүүд үү” кинонд гардаг шиг нүдээ нухалж үзхэв дээ.

Өөрийгөө андуурсан байна гэж бодоод бүх цахим хэвлэлүүдээр шагайж, танил нөхдүүдээсээ лавлахад мөн л адил харсан үзсэнээ ямар ч давс хачиргүйгээр хэлж байх юм. Хэсэг эргэлзсэний эцэст энэ үйл явдлыг тайлбарлуулж ямар гээч учир холбогдолтой байгалийн үйл явц болохыг мэдэхийг хүслээ.


Ингээд өчигдөр болсон үйл явдлын талаар Одон орон, Геофизикийн судалгааны төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Н.Тунгалагаас тодруулав.
-Өнөөдөр Сугар гариг нартай маш ойрхон өнгөрч байна. Харин сар Сугар гаригийн урдуур өнгөрч байгаа юм.  Ер нь наймдугаар сарын дунд үе буюу 10-15-ны хооронд иймэрхүү үзэгдэл ажиглагддаг. Гэхдээ энэ жилийн хувьд харьцангуй тод харагдаж байгаа бололтой. Олон хүн энэ тухай лавлаж байна.

Ер нь иймэрхүү үзэгдлийг хүмүүс нэг бол сайнаар тайлбарлаж бэлгэшээдэг, үгүй бол муугаар тайлбарлаад байдаг. Ингэх ямар ч шаардлага байхгүй. Жам ёсны байдаг л үзэгдэл. Өнөөдөр өглөөгүүр 3-4 цагийн турш хамгийн тод гэрэлтэж харагдах болно. Байрлал нь тэгж таарч байгаа юм. Яг одоо Сугар гариг нарны баруун талд гарсан байгаа учраас бараг харагдахгүй болсон байна гэсэн юм.

Манай Монголчууд эрт эдүгээгээс дээд тэнгэрээ шүтэж ирсэнтэй холбоотой болоод ч тэр үү. Ямар ба нэгэн гариг эрхэсийн давхцалд ихээхэн ач холбогдол өгч нэг хэсэг нь билэгшээж зарим нэг нь муу гэж үздэг. Гэвч өчигдөр өнөөдөр хоёр давхцан үзэгдээд буй тус өвөрмөц тохиолдол бол Сугар гариг нартай маш ойрхон өнгөрч харин сар сугар гаригын урдуур өнгөрсөн үйл явц гэнэ. Хэсэг хугацааны турш ард иргэдийг гайхшруулаад байсан нар, сар, одны зэрэгцэн өдрөөр харагдсан явдал нь шинжлэх ухааны үүднээс бол жирийн нэг байдаг тохиолддог зүйл болж таарлаа.

Ямартаа ч иргэдийг гайхшруулаад авсан өдрийн од болон сар, нарны тохиол өнөөдрөөс харагдахгүй юм байна.


А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top