Ч.Дэлгэрцэцэг: Эмэгтэй хүний ертөнц нууцлаг авдар л гэсэн үг

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 11

Монголын сонгодог урлагийг дэлхийд таниулж буй хийлч бүсгүй Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа. Түүнтэй эмэгтэй хүнийх нь хувьд чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

-Зуны амралт дуусч байна. Таны хувьд энэ зун завгүй өнгөрсөн байх?

-Энэ зун их завгүй байлаа. Тоглолт маань наадам, аялал жуулчлалын үеэр хийснээрээ онцлог болсон. Сайхан болж өнгөрсөн. Зун цаг битгий дуусаасай гэж бодоод л амраад байж байна.

-Даяаршсан нийгэмд гэрлэлтийг олон янзаар ойлгох болжээ. Та гэрлэлтийг юу гэж ойлгодог вэ?
- Гэрлэлт гэдэг хүний амьдралд тохиолдох ёстой жам ёсны үзэгдэл. Хүн бол нийгмийн бүтээгдэхүүн. Хувь заяа нь ч гэсэн өөр байдаг. Өнөөгийн даяарчлагдсан нийгэмд хүн тухайн нийгмийн хөгжлийн чиг хандлагаа дагаад өөрчлөгдөж байна. Түүнтэй нэгэн адил гэрлэлт ч гэсэн өөрчлөгдөж байгаа гэж боддог.

-Таны бодлоор аз жаргалтай гэр бүл гэж ямар гэр бүлийг хэлэх вэ?
-Хамгийн гол нь өвчин зовлонгүй байх ёстой. Эхнэр нөхөр нь бие биеэ хүндэлдэг, муухай хардаггүй байхыг л аз жаргалтай гэр бүл гэнэ.

-Та олны танил сайхан эмэгтэйчүүдийн нэг билээ. Уран бүтээлийн их ажлын хажуугаар өөрийн гоо сайхандаа хэрхэн зав гаргадаг вэ?

-Гоо сайхандаа үргэлж л анхаарч байдаг. Урлагийн салбар уран бүтээлчээс байнгын сайн сайхныг шаарддаг. Тийм учраас гоо сайхандаа анхаарч байна гэдэг ажлаа хийж байна гэсэн үг.

-Өдрийн хэдэн цагийг гoo сайхандаа зарцуулдаг вэ?

-Өдрийн хэдэн цагийг гоо сайхандаа зарцуулдаг гэж бодож байгаагүй юм байна. Ерөнхийдөө эмэгтэй хүн хэдий хугацааг өөртөө зарцуулж чадна тэр хэмжээгээр эмэгтэй хүний амжилтын тодорхой хувийг эзэлдэг гэж боддог. Тиймээс бүсгүйчүүдийг өөртөө цаг харамгүй гаргаарай гэж хэлье.

-Та өөрийнхөө стиль, имижийг тодорхойлдог уу. Хэн нэгэн мэргэжилтэн бүрдүүлдэг үү?

- Гоо сайхандаа өөрөө л анхаардаг. Маш олон найз үсчинтэй. Нэг салоныг дурдмааргүй байна. Нэгийг нь хэлбэл нөгөө найзууд маань гомдчихно. Монголынхоо олон салоноор үйлчлүүлдэг. Гэхдээ өөрийн стиль, имижийг өөрөө л тодорхойлдог.

-Эмэгтэй хүний хувьд өөрийгөө тодорхойлбол?
- Өөрийгөө жинхэнэ утгаараа эмэгтэй хүн гэж боддог. Эмэгтэй хүн юу хүсч мөрөөддөг, ямар алдаа гаргадаг тэр бүгдийг агуулсан эмэгтэй хүн.

-Таны нэг өдрийн амьдралын  үйл явцыг сонирхож болох уу?
- Өглөөг амралтын байдалтай угтдаг. Гоо сайхныхаа нойрыг авдаг гэж хэлж болно. Өглөө унтах маш дуртай.  Фитнессээр хичээллэнэ. Саунд суудаг. Урлагийнхан бол нэг салоноос нөгөө салон руу явдаг ажилтай шүү дээ. Мөн хөгжмийн бэлтгэлээ хийнэ. Хөгжим гэдэг бол яг л биеийн тамир шиг бэлдэхгүй л бол холдох гээд байдаг. Мэдээж эх хүн учраас хүүтэйгээ хамт байна.

-Гэртээ байхдаа ихэвчлэн юу хийдэг вэ?
-Гэртээ эхнэр хүний л ажлыг хийдэг. Гэрээ цэгцлэх, аж ахуйн ажил хийнэ. Тавилгаа өөрчилж, хүмүүсийг гэртээ урих дуртай. Би ногоо, ургамал тарих дургүй. Яагаад ч юм манайд ургадаггүй юм.

- Хэр дэлгүүр хэсдэг вэ. Ямар дэлгүүрээр үйлчлүүлдэг вэ?
-Эмэгтэй хүн бүрийн хийх дуртай зүйл гэж бодож байна. Бусдаас өөр эмэгтэй байхыг хүсдэггүй. Би Монголынхоо ноолуураар гоёх дуртай. Мөн загвар зохион бүтээгчидтэй хамтарч ажилладаг. Миний тоглолт, өдөр тутмын хувцасыг маань хийж өгдөг загвар зохион бүтээгч Намуунаа гэж бүсгүй бий.

-Дэлгүүр хэсэхэд өөрийн мэдэлгүй нэг зүйлийг олон удаа авсан байдаг. Танд тийм тохиолдол бий юу?
-Хүнд тодорхой нэг үе гэж байдаг юм шиг байгаа юм. Их юм авдаг үе ч гэх юм уу. Одоо би тийм байхаа больсон.

-Эмэгтэйчүүдийг их үрэлгэн хүмүүс гэдэг. Та хуримтлал үүсгэж чаддаг уу?
-Хуримтлал үүсгэхгүй бол болохгүй. Гэхдээ үрэх юмандаа мөнгө үрнэ. Ялангуяа дэлгүүр хэсч байхад мөнгөө дуусгаж байж санаа амардаг ч юм шиг санагдана. Ер нь үрэлгэн талдаа хүн шүү.

-Таны өдрийн хэрэглээ хэд вэ?
- Хүний хэрэглээ гэж хязгааргүй зүйл. Би өөрийнхөөр хэрэгцээг үнэлж байгаагүй юм байна.

-Хүмүүс одоогийн залуусыг мэргэжлээ сонгохдоо их алдаж байна гэж ярих юм. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Тэр үнэн л дээ. Буруу шийдвэрээсээ болоод мэргэжлээ буруу сонгож, цаг хугацаа алддаг. Цаг хугацааг буцааж болдоггүй. Тиймээс хүүхдийн сонирхлыг багаас нь хөгжүүлэх хэрэгтэй. Ямар мэргэжилтэй хүн болгох вэ гэдгийг төлөвлөх нь зүйтэй.

-Та хүүгээ ямар мэргэжилтэй хүн болгох вэ?

-Одоохондоо миний хүү бага байна. Түүнд хайр л чухал байгаа. Хөгжмийн боловсролыг эртнээс эзэмшүүлэх болно. Хүүгээ нийгэмд эерэг өөрчлөлтийг авч ирсэн сайн хүн болгоно. Хөгжмийн боловсролтой, мэдлэгтэй хүн болгож хүмүүжүүлнэ.

-Хүүхдэдээ цаг зав хэр гаргадаг вэ. Хүүхдийг тань хэн хардаг вэ?
-Мэдээж хүүхдэдээ зав гаргалгүй яах вэ. Би хүүхэд гаргаад хоёр жил болсон. Хүү маань одоо том болсон болохоор уран бүтээлийн ажилдаа орсон. Заримдаа орой тоглолтод яваад завгүй байх үе гардаг. Гэхдээ Монголд хүүхдээ өсгөнө гэдэг жаргалын орон юм. Ах дүү, ээж гээд туслах хүмүүс их байдаг. Америкт би хүүхдээ өсгөж үзсэн. Туслах хүн байхгүй. Бүх зүйл өөрийн толгой дээр ирдэг байсан. Өөрийн төрсөн нутагтаа хүүхэд харахад асуудалгүй. Одоо хүү маань цэцэрлэгт явдаг.

-Та хийлч болоогүй байсан бол ямар мэргэжилтэй хүн байх байсан бол?

-Тэрийг хэлэхэд их хэцүү. Багаасаа л хийл хөгжмөөр хичээллэсэн. Өөр мэргэжилтэй хүн байна гэж төсөөлдөггүй юм.

- Та хийлч мэргэжилд өөрөө суралцаж явна уу. Эсвэл хэн нэгэн таныг чиглүүлээд байна уу?

-Мэдээж анх уран бүтээлээ эхлэхэд зааж, зөвлөсөн продюссерууд байгаа. Хөгжмийн зохиолч Д.Пүрэвдорж багш, Н.Халиун ах маань байна. Ер нь Монголд урлаг мэргэжлийн төвшинд хөгжөөгүй. Өөрсдөө л бор зүрхээрээ явдаг. Өөр өөрийгөө л продюссерлэдэг.

-Таныг "Хийлч Дээгий" гэдгээр тань мэднэ. Бизнес эрхэлдэг үү?

-Одоохондоо бизнес эрхлээгүй. Урлагтаа үнэнч явна. Жилд нэг тоглолт хийнэ гэдэг маш том ажил. Бэлтгэл ажил, шинэ уран бүтээл гаргахад хугацаа их шаарддаг. Тиймээс уран бүтээлээ л хийгээд явж байна.

-Уран бүтээлийн хажуугаар чөлөөт цаг гарвал юу хийх дуртай вэ?

-Монголд нэг өдөр ч гэсэн дэмий суух боломжгүй байдаг. Би эмэгтэйчүүдийн "W" гэсэн клуб нээсэн. Миний хобби бол эмэгтэйчүүдийн сэдвээр ярилцах их дуртай. Нийгмийн ямар шатны эмэгтэйчүүд байх нь хамаагүй. Зөвхөн эмэгтэй хүн гэдэг утгаараа ярилцах, суралцах зүйл ихтэй байдаг. Эмэгтэй хүний дотоод, гадаад ертөнц гэдэг нууцлаг авдар байдаг шүү дээ.

-Та "Бүсгүйчүүд" нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Яагаад нэвтрүүлгээ хийхээ больчихов оо?

-Хоёр жил шахам нэвтрүүлэг хөтөлсөн. Сонгуультай холбоотойгоор зогсчихоод байна. "ТВ9" телевизийн хамт олон нэвтрүүлгээ дахин үргэлжлүүлнэ гэвэл дуртай хөтлөх болно.

-Хүний мөрөөдөл хязгааргүй байдаг. Та одоо юу хүсч байна вэ?
-Хүсэл мөрөөдөл хязгааргүй. Одоо би клубынхаа үйл ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байна. Олон эмэгтэйчүүд бидэнтэй нэгдээсэй.  

-Та ямар үед өөрийнхөөрөө байдаг вэ?
-Амьдралынхаа 99 хувьд нь өөрийнхөөрөө байж чаддаг гэдэгт итгэлтэй байна. Ямар ч үед өөрийнхөөрөө байж чаддаг болохоор өөрийнхөөрөө байгаагүй үеэ санахгүй байна.

-Сургуульд байхдаа хэр хайрын захиа авдаг байв?
-Захиа авч байгаагүй ээ. Хөгжим бүжиг гэдэг хаалттай сургууль гэж хэлж болно. Эрэгтэй хүүхэд цөөнтэй. Хайрын захиа гэдэг зүйлтэй бараг л учирч үзээгүй дээ.

-Оюутан насыг хамгийн жаргалтай үе гэдэг. Та тэр сайхан үеийн дурсамжуудаасаа хуваалцаач?
-Би оюутан насыг эх орондоо болон гадаадад сурч өнгөрүүлсэн. Хөгжим бүжгийн коллежийг 1998 онд төгссөн. Мөн ШУТИС-ийг орчуулагч мэргэжлээр 2002 онд төгсч байсан. Тэгээд гадаадад сурахаар явсан. Монголд оюутан байхад хүн өөрөө л сонирхож, сурдаг. АНУ-д нэг кридет авахын тулд зайлшгүй хичээлээ мэдсэн байх хэрэгтэй. Багшаа найрах гэсэн ойлголт байхгүй. Монгол оюугнууд биеэ дайчилдаггүй. Америкийн оюутнууд хэчнээн сайн найз байсан ч шалгалтанд ороход найз гэх ойлголт хамаагүй байх жишээтэй. Өөр хоёр орчинд оюутан насаа өнгөрүүлсэн.

-Оюутан насны хоолны цэстэй танилцъя?
-Бидний үед солонгос хоолонд их ордог байлаа. Хөгжим бүжгийн коллежид сурч байхдаа ресторанд хөгжим тоглоод, хуушуурныхаа мөнгийг олчихдог байсан. Тийм учраас хангалуун оюутан байсан.

Шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?
-Шүүмжлэл гэдэг өсөж, хөгжихийн эхлэл гэж боддог. Урлагийн хүн муу, сайн ямар ч зүйлийг үүрээд явах хангалттай том шуудайтай байх хэрэгтэй. Тэр бүгдийг хүлээж авч чадахгүй бол цаашаа хөгжихгүй шүү дээ.

-Олны танил хүн байхын хэцүү нь юу вэ?
-Хэцүү санагдаж байсан үе байхгүй. Энэ бол хэн хүний авдаг хүндлэл биш. Тэр утгаараа хайрлаж явдаг. Хэзээ ч надад төвөгтэй санагдаж байгаагүй. Аль болох эерэг талаас нь харах дуртай. Урлагийн хүмүүсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр их ярьдаг. Тэр цөөн хүний үг болохоос ард түмний үг биш гэж боддог. Монголынхоо ард түмэнд урлагаараа сайхан бүтээл барихыг хичээх болно. Энэ нь л хамгийн чухал.

А.Цээсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top