МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Уран Ган-UG Palace Event Hall”-д болж өндөрлөлөө. Энэ хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгож, шинэ Ерөнхийлөгчөөр “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Одыг сонголоо.
Ерөнхийлөгчид нэр дэвшихээр есөн хүн материалаа ирүүлсэн. Тодруулбал,
1. Ш.Төмөрсүх “Дабльхилл” ХХК-ийн Ерөнхий захирал
2. Т.Дүүрэн “ОУХЛТөв” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
3. Ц.Баатарсайхан “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал
4. Ш.Отгон-Өлзий “Монгол брэнд холбоо” ТББ-ын тэргүүн
5. Б.Лхагважав “Урбанек” ХХК-ийн Ерөнхий захирал
6. Б.Лакшми “Офис констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч
7. Ц.Майдар “АСҮТ-Боломж” ХХК-ийн Ерөнхий захирал
8. Д.Бямбасайхан “Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал
9. Л.Төр-Од “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
Улмаар “Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Бямбасайхан, “Монгол брэнд холбоо” ТББ-ын тэргүүн Ш.Отгон-Өлзий нар нэрээ татсанаар долоон хүний дунд өрсөлдөөн боллоо. Нэр дэвшигчид тус бүртээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж, аж ахуйн нэгжүүд нэр дэвшигчдээс асуулт асуув. Энэ үеэр өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн бие төлөөлөгчөөрөө дамжуулан видео бичлэгээр мөрийн хөтөлбөрөө танилцуулж, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбараа хийсэн юм.
Ийнхүү санал хураалтад МҮХАҮТ-ын гишүүнчлэлтэй, саналын эрхтэй 700 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, саналаа өгөв. Улмаар долоон хүнээс “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Од санал өгсөн гишүүдийн 37 хувь, “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайхан 27 хувиар хамгийн олон санал авсан юм. Улмаар нийт саналын эрхтэй гишүүдийн 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч гараагүй тул хамгийн их санал авсан хоёр хүний дунд дахин санал хураалт явууллаа.
Ингээд дахин санал хураалтад 512 гишүүн оролцсоноос “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Од 276 хүний санал авч, 54 хувийн саналаар ялалт байгуулж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч боллоо. Харин “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайхан 236 хүний санал авсан юм. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч нь танхимын Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон Дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй юм.
Сэтгэгдэл ( 1 )
shaaltuur sda baina daa ene harah carainii