
Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам тээврийн ослыг бууруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Зам тээврийн осол, авто замын түгжрэлийн шалтгаан нөхцөлийг судалж бууруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулан холбогдох арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг 2024 оны 12 дугаар сард Нийслэлийн ИТХ-ын даргаар ахлуулан байгуулсан байна.
Нийслэлийн зарим бүтцэд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаярын захирамжаар дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав.
Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Оюу-Эрдэнэ, гишүүнээр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний хяналтын газар, Тээврийн прокурорын газар, Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, НЗДТГ, Нийтийн тээврийн газар, Замын хөгжлийн газар гэх зэрэг холбогдох албаны удирдлагууд багтлаа.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр ажлын хэсгийн хуралдааныг удирдаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт 2026 оны 07 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын зам тээвэр, хяналт, төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээний хяналт, зохицуулалтын бүлэг нэмэгдсэн.
Хуульд орсон өөрчлөлтөд скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчийн болон зорчигчийн үүргийг нарийвчлан зааж, 2026 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр болсон учраас төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн хамтран яаралтай бэлтгэл ажлыг хангах шаардлагатай болоод байна. Хуулиар скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам эсвэл автозамын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох, улсын бүртгэлд бүртгүүлэх, үйлчилгээ эрхлэгч даатгалд хамрагдах, хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар торгох зэрэг заалт орсон. Хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Зам тээврийн яам, Боловсролын яамнаас журам батлах, замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах, хууль сурталчлах зэрэг бэлтгэл ажлуудыг хангах шаардлагатай болсон.
Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас бэлтгэл ажил хангагдах хүртэл бүх шатны Засаг даргын захирамжаар скүүтер, мопедын хэрэглээг түр зогсоох саналтай байна” гэв.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр “Зөвшөөрлийг хэрхэн олгох, дугаар олгох журам зэрэг хууль хэрэгжихэд шаардлагатай бэлтгэлийг холбогдох албаныхан яаралтай шийдвэрлэж, 2026 оны 07 дугаар сарын 1-нээс хуулиа хэрэгжүүлж ажиллана. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг тэнцвэртэй хангах үүднээс өнөөдөр хамтдаа суугаад, асуудлаа яаралтай шийдээд нэг гараанаас гарья. Үүний ард хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй орчны асуудал хөндөгдөж, иргэдээс маш их гомдол ирж байна гэдгийг та бүхэнд хэлье. Нийслэлд энэ төрлийн тээврийн хэрэгсэлд зориулсан тусгай зам байхгүй ч нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд батлагдсан хуулийн хүрээнд явган зам дээгүүр мопед, скүүтерийг явуулахгүй” гэдгийг онцоллоо.
Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Галбадрах “Д.Ихбаяр даргын хэлснээр хууль 07 дугаар сарын 1-нээс хэрэгжихэд бүгд нэг гараанаас гарна. Гэтэл нэг шугаман дээрээс эхлэхийн тулд скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Зөвшөөрөл олгох байгууллага нь тодорхой байх ёстой. 18 насанд хүрсэн иргэн тухайн тээврийн хэрэгслийг жолоодохдоо сургалтанд хамрагдсан байх ёстой. Жолоочийн мэдээллийн санд орсон иргэн жолоодно. Аж ахуйн нэгжүүд хариуцлагын даатгалд хамрагдсан байх гэж бий. Хуулиас давсан дүрэм гэж байхгүй учраас замын хөдөлгөөний дүрэмд 18 насанд хүрсэн хүн мопед унана гэх зэрэг өөрчлөлт орно.
Мөн тээврийн хэрэгслийг бүртгэхээр улсын дугаар олгох, үзлэг оношлогоо гээд бүх шаардлага тавигдана. Хуультай холбоотой хяналт шалгалтын ажил эхлэхээр аж ахуйн нэгжтэй үл ойлголцол эхэлнэ. Тийм учраас зохион байгуулалтын ажлуудаа яаралтай хийх шаардлагатай байна” гэж скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох санал гаргав.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр “Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн автотээврийн төв гээд нийслэлийн байгууллагуудын удирдлагууд ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Засаг даргын зөвлөлийн хуралд энэ асуудлыг оруулж, хууль хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах хэрэгтэй. Бид хууль хэрэгжүүлж байна гээд 07 дугаар сарын 01-нээс гэнэт бүх мопед, скүүтерийн хөдөлгөөнийг хорихгүйн тулд энэ уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, хувийн хэвшлийнхэндээ танилцуулж байна.
Засаг даргын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагууд шаардлагатай арга хэмжээг яаралтай авч, тушаал, шийдвэрээ гарга. Аж ахуйн нэгжүүд хуулиа хэрэгжүүлье гэтэл төрийн байгууллагаас болоод гацаад байж болохгүй.
Нийслэлийн Замын хөгжлийн газраас явган хүний зам дээгүүр өөр өнгөөр ялгаж мопед, скүүтерийн зам гаргаж, явуулах боломжтой эсэх судалгааг гаргаж өгнө үү. Гэрээт цагдаа нараас дэмжлэг авч, хяналт шалгалт хийх хувилбар байгаа учраас богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа хийе. Мөн зогсоолыг хэрхэн шийдэх вэ, хувийн хэвшлийнхэн, нийслэлийн Нийтийн тээврийн газартай ярилцаад шийдээрэй. Аж ахуйн нэгжүүдийн хувьд хурд, дууны асуудалд анхаарч өгнө үү. Хууль биелүүлнэ гэдэг шууд хааж бооно гэсэн үг биш. Гэхдээ хуулийг үйлчлэх хугацаанаас нь эхлээд дагаж мөрдөх ёстой. Долдугаар сарын 1 гэхэд тавигдаж байгаа шаардлагуудаа хангаж чадахгүй бол хөдөлгөөнд оруулахгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Тийм учраас нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд аж ахуйн нэгжийнхээ шаардлагыг биелүүлээд хурдтай ажиллая” хэмээн 14 хоногийн хугацаанд шаардлагатай бэлтгэл ажлыг хангахыг чиглэл болгов.
Сэтгэгдэл ( 0 )