Н.Учрал: Гүйцэтгэх засаглал хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үеэр: 

Гүйцэтгэх засаглал хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ. Хязгаарлагдмал нөөцөндөө тулгуурлаад санхүүгийн ямар арга хэмжээ авах вэ гэдгээ шийдэж байна. Гоё сайхан юм ярих амархан.

Тэтгэврийн шинэчлэл бол тогтолцооны өөрчлөлт юм.

Хэдэн жил бид тэтгэврийн шинэчлэл ярив. Сонгууль бүрийн өмнө нөхөн төлүүлэх тухай ярина. Тухайлсан зарим бүлгийн насыг урагшлуулж, хойшлуулна. Сэглээд хаячихсан. Цаашдаа нэг л хуулиар асуудлаа шийддэг болно. Янз бүрийн хуулиар дамжуулж насыг урагшаа, хойшоо болгодгийг болиулна.

Салбар бүрийн хүмүүс эрт тэтгэвэрт гарна гэдэг нь үнэн. Яагаад гэхээр 5 жилийн дараа гарсан ч өндөр тогтохгүй учраас тэр шүү дээ. Одоо жил бүхэн 4 хувиар нэмээд ирэхээр хэн ч илүү ажиллаж, илүү төлж, өндөр тогтоолгохыг бодно биз дээ.

2020 онд намайг тэтгэврийн реформ ярьж, ажлын хэсэг ахалж байхад 3 залуу хүн 1 ахмадын тэтгэвэр төлж байна гэж ярьж байсан. Өнөөдөр өөрчлөгдсөн байна. Цаашдаа 1 залуу хүн 1 ахмадын тэтгэвэр төлөх буюу 1990 оны бага төрөлтийн үеийнхэн 1960 оны их төрөлтийн ачааг үүрч байна.

Яаж алдагдал, зарлагыг бууруулах вэ гэхээр хамрах хүрээг л тэлэх юм.

Олон жил шимтгэл төлснийг урамшуулах хөшүүрэг хэрэглэнэ. Хувийн секторт байгаа ажилтан, албан хаагчдын шимтгэл төлөх идэвхийг нэмэгдүүлэх урамшуулал хийж өгнө. 25 жилийн дараа гэхэд бараг 40 их наяд руу алдагдал явна шүү. Ингэхээр тэтгэвэр тавих боломжгүй болно.

Тэтгэврийг инфляцтай уялдуулаад жил болгон нэмнэ гэдэг үүргийг бид хүлээчихсэн. Ирэх оны төсөв өргөн барихад тэтгэврийг нэмэх л болно. Инфляц 11 хувьд хүрчихээд байна. Нийгмийн даатгалын сан хүрээгээ тэлж, шимтгэл төлөх хөшүүргийг бий болгохгүй бол зогсонги байдалд орчихсон.

Залуус шимтгэл төлөх сонирхолгүй болчихоод байна. 30 жил төлснөөс 5 жил өндөр төлөөд эрт тэтгэвэрт гарна гэдэг бодолтой. Шинэчлэл хийж байж цаашид инфляцтай уялдуулж явна. 1958 оны тогтолцоогоор өнөөдрийг хүртэл явлаа гэлээ. 

Тэрээр мөн "Иргэд ирээдүйгээ ганц улсын биш хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгах, орлогын олон эх үүсвэртэй болох эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх нь тэтгэврийн шинэчлэлийн нэг зорилго.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдахаар тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдана. Хувийн тэтгэврийн сан татварын хөнгөлөлт эдэлнэ.

Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлнэ. Өнөөдөр хувийн нэмэлт тэтгэврийн сан хуульгүй байна, энэ сан эрсдэлд орвол яах вэ. Тиймээс тэтгэврийн шинэчлэлээр хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэрт гарсан иргэдээ хамгаална. Тэтгэврийн шинэчлэл давхар хөрөнгийн зах зээлээ дэмжих юм" хэмээн Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үеэр дурдлаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top