Их Британид Чингис хааны үзэсгэлэн гарна

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Их Британийн Эзэн хааны зэвсэглэлийн музейд өмнө нь хэзээ ч дэлгэгдэж байгаагүй Чингис хааны үеийн монголчуудын эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн гарахаар болжээ. “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” нэртэй энэхүү үзэсгэлэн нь түүхэнд байгаагүй том эзэнт гүрнийг хэрхэн үүтгэж, монголчууд хэрхэн аж төрж байсныг ойлгуулах ач холбогдолтой аж.

Тус үзэсгэлэн энэ сарын 26-наас 11 дүгээр сарын 1-нийг хүртэлх үргэлжлэх юм байна. Эзэн хааны зэвсэглэлийн музейн сан хөмрөгийн дарга Нат Эдуардс хэлэхдээ “Чингис хаан бол үндэс угсаа, хэл, соёл, шашны ялгаа заагийг даван туулж, өмнө нь хэний ч байгуулж чадаагүй шинэ улс төр, цэргийн хүчийг бий болгосон юм. Өнөөдөр энэ гайхалтай эд өлгийн зүйлсээр дамжуулан монголчуудын талаар бага ч гэсэн ойлголт өгөх гэж буйдаа баяртай байна” гэжээ.

Дээрх үзэсгэлэнд I-XIV зуунд хамаарах 248 ховор эд өлгийн зүйлс дэлгэгдэх юм байна. Тухайлбал дундад зууны үеийн эмээл, алт, мөнгөн зоос, жадны үзүүр, сумны зэв зэрэг үзмэрүүд байх юм. Үзэсгэлэнгийн тасалбарын үнэ 7-9 фунт стерлинг, 16-аас доош насны хүүхэд үнэ төлбөргүй үзэх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top