Сэлбэ голын тохижилтын ажил дахин нэг сараар хойшиллоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Сэлбэ голын тохижилт ирэх зургаадугаар сард багтан дуусна гэж байсан ч долоодугаар сар болж хойшиллоо. Энэ тухай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг хэлэхдээ “НЗД-ын захирамжаар өнгөрсөн онд нийслэлийн хөрөнгөөр үерийн далангийн гадна болон дотор тохижилтыг гүйцэтгэх гэрээг Геодези, Усны Барилга Байгууламжийн Газартай байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын тохижилтын ажлын явц 75 хувьтай байна. Сэлбэ голын голдирлыг батлагдсан зургийн дагуу хийсэн. Өөрөөр хэлбэл хоёр талаараа түшиц ханатай, дотор талд голын голдирлыг тохируулсан хэсэгтэй. Иргэд түшиц хананы дотор талд орж зорчих боломжтой, гадна талд нь троссон хашлага бүхий явган хүний замтай иж бүрэн тохижилтын ажил хийгдэж байгаа. Ирэх долоодугаар сард тохижилтын ажлыг дуусгаж, Улсын комисс ажиллуулахаар шахаж ажиллаж байна” гэсэн юм.

Үерийн даланг 2024 оны зургаадугаар сард барьж эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын нийт төсөв 20.5 тэрбум төгрөг байна. Харин Сэлбэ голын явган хүний гүүр, тохижилтын ажилд нийслэлийн төсвөөс ₮6.2 тэрбумыг зарцуулахаар баталсан байгаа юм. Анхны төлөвлөгөөгөөр бол тохижилтын ажил 2026 оны нэгдүгээр дуусахаар байсан билээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top