“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлын ээлжит шуурхай хурлаар барилгын материалын чанар, сорилт шинжилгээний лабораториудын үйл ажиллагааг жигдрүүлэх, салбарын яамны түвшинд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Төвийн удирдлагууд сүүлийн 14 хоногийн хугацаанд лабораториудын нөхцөл байдалтай танилцаж, дараах үндсэн асуудлуудыг салбарын яаманд тавьж, хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна. Тодруулбал, Замын-Үүд хилийн боомт дахь барилгын материалын сорилт, шинжилгээний түргэвчилсэн лабораторийн барилгыг ашиглалтад оруулж, тоног төхөөрөмж бэлэн болсон ч үйл ажиллагаа нь хараахан эхлээгүй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай тус лабораторийг ажиллуулахад шаардлагатай ашиглалтын зардал, төсөв болон мэргэжлийн боловсон хүчний асуудлыг салбарын яамны бодлогын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх шаардлагатай байгааг шуурхай хурлаар онцоллоо.
Мөн Нийслэл хотод байрлах Барилгын материалын сорилт, шинжилгээний лабораторийн дутуу баригдсан өргөтгөлийн барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хими болон газар хөдлөлтийн лабораторийн барилгыг ашиглалтад оруулж, төмөр бетон үйлдвэрлэлийн цехийг шинээр байгуулах, хоцрогдсон тоног төхөөрөмжийг шинэчлэн засварлаж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах шаардлагатайг анхааруулав.
Мөн газар, хэлтсийн дарга нарт:
-Барилгын хөгжлийн төвөөс ирээдүйн инженер, техникийн ажилтнууд руу чиглэсэн ажлуудыг эхлүүлэх, ялангуяа барилгын норм, стандартыг таниулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх
-Байгууллагад ирсэн албан бичиг, санал хүсэлтийн хариуг шуурхай хүргэхэд нийт ажилтнууд анхаарах,
-Барилгын салбарын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах ажлуудыг эрчимжүүлэх,
-Салбарын үйл ажиллагааг цахимжуулах ажлыг хэрэгжүүлэхдээ салбарын яамтай уялдаатай ажиллах чиглэлүүдийг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )