“Буянт-Ухаа”-д дарга болж тодроход л бүх зүйл тодорхой байсан даа. Улс төрийн дэмжлэггүй хүн гүйцэтгэх засаглал толгойлж чадахгүй. Дээрээс нь парламентын өдөр тутмын үйл ажиллагааг ханган ажиллахад нөхцөл байдлын хувьд арай өөр болчхоод байсан юм. Гүйцэтгэх засгийн тэргүүний ааш аяг, авир янз нь Н.Учралаас харагдаад байсан болохоор Ардчилсан намынхан арга буюу цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд байх ёстойг нийтэд болон эрх баригчдад сануулсан нь энэ. Ер нь явж, явж Ардчилсан намын дэглэлтээр Н.Учрал Ерөнхий сайдын суудалд суух нь бараг тодорхой болж байх шиг.
Ардчилсан намыг олонх байх үед З.Энхболд намын дарга байхдаа УИХ-ын дарга байсан. Гэхдээ тэр үед улс төрийн нөхцөл байдал арай өөр байв.
Ер нь Н.Учрал л давхар дээлтэй дарга байсан уу гэвэл үгүй. Дөнгөж өмнөхөн нь хэл амтайхан суудлаасаа буусан Д.Амарбаясгалан де факто намын дарга байхдаа УИХ-ын дарга байлаа. Бүр урагш нь татъя гэвэл З.Энхболд Ардчилсан намын дарга байхдаа парламентыг удирдаж л байсан юм. Гэхдээ тухайн үед Ардчилсан намын дотоод нөхцөл байдал өөр байсан. Хоёр ч засгаа тонгорчихсон, олон бүлэглэлүүд нь улс төрийн тохироогоо хийх гээд завгүй байсан цаг. Одоо яагаад Н.Учрал энэ албыг хашиж болохгүй гэж. Хэд, хэдэн нөхцөл үүссэн. Ардын намын эрх мэдэл, сандал суудлын хэрүүл жил дамнан үргэлжлээд одоо ч дуусаагүй байна. Сандал суудлын хэрүүл нь институцын хямрал руу түлхсэн нь УИХ-ын дарга бол эрх баригч намын дарга биш гэдэг акц өрнөснөөр харагдаж байгаа юм. Нөгөөтээгүүр Ардын нам Ерөнхийлөгчийн сонгуулийг оролцуулаад дөрвөн сонгуульд ялалт байгуулчихсан эрх мэдэл нэг нам дээр төвлөрчихсөн учраас намын дарга нь УИХ-ын дарга байж болохгүй гэж харагдаад байгаа юм. Дайран дээр давс гэлээ гэдэг шиг БНХАУ-д айлчлаад Коммунист намынхантай нь уулзаад байгаа учраас институцын баланс алдагдаж байгаа мэт харагдсан байх л даа.
Парламентын гурван сонгуульд ялалт байгуулж, эрх мэдэл төвлөрсөн Ардын намын дарга нь УИХ-ын дарга болж болохгүй гэдэг акцыг сөрөг хүчин хийх нь ойлгомжтой байсан.
Одоо явж, явж Н.Учрал Ерөнхий сайд болохоос өөр аргагүй нөхцөл байдал үүслээ. Одоо болох Ардын намын Удирдах зөвлөлийн хурлаар эцсийн шийдвэр гарна. Шийдвэр гарахаас өмнө эрх баригч намын дотор ч энэ маргаан явж байсныг парламентын гишүүдийн байр суурь, телевизийн экран ашиглаж байгаа субъектүүдээс тодорхой харагдаж байна. Ер нь Н.Учралд улс төрийн эрх мэдэл яг байгаа юу гэдэг эргэлзээтэй боллоо. Анхнаасаа парламентыг удирдахгүй гэж өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсэн бол энэ хямрал нүүрлэхгүй байв. Улс төрийн зодоонд намынхаа тэнцвэрийг хадгалж чадаж байгаа эсэх нь ч эргэлзээтэй боллоо. Тиймгүй бол өчигдрийн процесс дунд Д.Амарбаясгаланг ч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг ч Ерөнхийлөгч нь өрөөндөө дуудаад шөнө дунд болтол хэлэлцэхгүй л байв. Ардын нам уг нь шинэ үеийнхнээ дэмжээд залуусаа өөд нь татаж байна гэж харж байлаа. Гэтэл үгүй байж. Одоо сонгуулийн дүн Ардын намын талд эргэхгүй л бол 80-аад оныхонд дахиад итгэл үзүүлэхгүй нь юу л бол.

Сэтгэгдэл ( 0 )