“Туул-1” коллекторын ажил 25 хувьтай үргэлжилж байна

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Улаанбаатар хотын бохир усыг төв шугам руу татан зайлуулах гол дамжуулах шугам “Туул-1” коллекторын 20 жил гацсан бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар шугам угсралтын ажил 25 хувьтай үргэлжилж байна.

"Туул-1” коллектор бүрэн ашиглалтад орсноор гэр хорооллын бохир усыг стандартын дагуу татан зайлуулах, ил задгай бохир болон хөрсний бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой. Мөн Улиастай, Шархад, Амгалан, Дамбадаржаа, Дарь-Эх, Чингэлтэй зэрэг гэр хорооллын бүсүүд инженерийн дэд бүтцэд холбогдож, цаашид барилгажих, хот төлөвлөлтийг тэлэх боломж бүрдэх юм.

 

 

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл “Туул-1 коллекторын ажил 2007 оноос Барилгын яамны захиалгаар эхэлж байсан. 2025 онд нийслэлийн Засаг дарга, НИТХ-аас шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэснээр “Ус сувгийн удирдах газар” ОНӨАТҮГ тус ажлыг гүйцэтгэж байна. Энэ бол Улаанбаатар хотод 1980 оноос хойш хийгдэж байгаа бохир усны хамгийн том гол шугам юм. 1500 мм голчтой, 30 км шугам хоолой Гачууртаас Төв цэвэрлэх байгууламж хүртэл үргэлжилнэ. Уг ажил хийгдсэнээр гэр хорооллын бохир усыг татан зайлуулж, барилгажих нөхцөл бүрдэж ахуй нөхцөл сайжирна” гэв.

 

 

УСУГ-ын Бохир усны шугамын техникч Б.Тамир “Тус шугамын ажлыг манай буйгууллага 2025 оны 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Энэ жил зургаан км шугам угсрахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар гурван бригад ажиллаж байна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top